"Нарантуул" худалдааны төвд энэ сарын 3-ны шөнө дахин гал гарч, түрээслэгч нар олон сая төгрөгийн хохирол амссан харамсалтай хэрэг гарсан.
Энэ удаагийн гал нь Ш.Сайхансамбуугийн эзэмшлийн “Нарантуул”-д гарсан гурав дахь гал түймэр болов. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Нарантуулыг санаатайгаар шатаагаад байгаа тухай сэтгэгдлээ бичжээ.
Ингэхдээ "Нарантуул бол миний зах биш. Олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Хэн шатаагаад байгааг би мэдэж байна" хэмээн жиргэсэн байна.
Тэгвэл Нарантуул үе үе галд автаад байгаа шалтгаан өнөөдөр ч олон нийтийн дунд таавар хэвээр, анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс “Нарантуул”-д гарсан галуудтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. 2013 оны 8 сарын 23-ны өдөр. "Нарантуул" Олон улсын худалдааны төв шатаж олныг сэрд хийлгэв.
Баримт 2. Гал өглөөний 06.10 цагийн үед хүнсний захын битүү асрын дээврээс анх гарчээ.
Баримт 3. Галын улмаас битүү дээвэртэй хүнсний зах тэр чигтээ шатав.
Баримт 4. Тухайн үед гал сөнөөгчид, цагдаагийн байгууллагынхан зах руу нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байлаа. Учир нь хүнсний захад лаазалсан бүтээгдхүүнээс гадна, тэсэрч дэлбэрэх хүнсний бүтээгдэхүүн, хийн баллон их хэмжээгээр байсан аж.
Баримт 5. Галын улмаас 300 орчим түрээслэгчийн эд бараа, бүтээгдэхүүн шатав.
Баримт 6. Харин тухайн үед түрээслэгч нарт нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт гарсан.
Баримт 7. Мөн холбогдох албадынхан хэргийн газарт 50 гаруй үзлэг шинжилгээ, шалгалт хийж, улмаар хохирсон иргэдийн мөнгө, мөнгөн тэмдэгтийг сольж олгох талаар Монголбанктай хэлэлцэж тохирсоны үндсэн дээр зарим түрээслэгч нарын хохирлыг барагдуулав.
Баримт 8. Шатсан хүнсний захын суурин дээр 300 орчим тэрбум төгрөгөөр 2 жилийн хугацаанд "Баялаг ундраа" гэх захыг барьж ашиглалтад оруулан хуучин түрээслэгч нарыг ажлын байртай болгосон байна.
Баримт 9. 2013 оны 11 сарын 09-ны өдөр. “Нарантуул 2” худалдааны төв шатав.
Баримт 10. Энэ талаарх дуудлага тухайн өдрийн 22.45 цагт Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд Чингэлтэй дүүргийн 12-р хороо Нарантуул-2 худалдааны төвийн 2-р давхарт утаа гарч байна гэсэн дуудлага ирсний дагуу 22 цаг 56 минутад Аврах , гал унтраах 10-р ангийн гал унтраах баг очжээ.
Баримт 11. Албан хаагчдыг очих үед тус төвийн 2-р давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж байжээ.
Баримт 12. Тухайн үед гал дэлгэрсэн, хорт хий утаа ихээр тархсан цаашид гал өргөжин дэлгэрэх нөхцөл байдал бүрэлдсэн байсан тул нэмэлтээр Аврах, гал унтраах 14, 34-р анги ажиллаж 23.31 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 01.38 цагт бүрэн унтраажээ.
Баримт 13. Гал түймрийн улмаас тус худалдааны төвийн 2-р давхрын А заалны баруун урд хэсэгт 30*6 метрийн хэмжээтэй талбай өртжээ.
Баримт 14. Улмаар 28 лангуу өртөж, 10-аад павилон бүрэн шатсан байна.
Баримт 15. Гал унтраах арга хэмжээг хурдан шуурхай зохион байгуулсны үр дүнд зоорийн болон 1-р давхарт байрлах мах, хүнс, барааны нийт 191 лангуу, 2-р давхрын А заалны зүүн талд байрлах 76 лангуу, Б заалны 44 нийт 311 түрээслэгчийн лангуу, павильон, бараа материалыг авран хамгаалжээ.
Баримт 16. Гал гарсан “Нарантуул-2” худалдааны төвийн барилгыг 2006 оны 08-р сарын 01-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлын комиссын 146/2006 тоот актаар хүлээж авсан бөгөөд нийт 440 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж байжээ.
Баримт 17. Тус барилга анх ашиглалтад орохдоо гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч гал гарах үед ажиллаагүй байна.
Баримт 18. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр. “Нарантуул” Олон улсын худалдааны төвд дахин гал гарав.
Баримт 19. Гал шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд тус худалдааны төвийн бөс барааны хэсгийн найман эгнээ бүрэн шатжээ.
Баримт 20. Саравчтай бөс бараа зардаг талбайн нийт хэмжээ 5700 орчим метр квадрат талбай байснаас 2500 орчим метр квадрат талбай гал өртөж шатсан байна.
Баримт 21. Галын улмаас нийтдээ 80 орчим лангууны бараа бүрэн шатсан гэдгийг түрээслэгчид хэлэв.
Баримт 22. “Нарантуул” захад гал гарсан шалтгаан, хэн гал тавьсан болохыг тус захын эзэн Ш.Сайхансамбуу мэдэж байгаа аж. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Нарантуул бол миний зах биш. Олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Хэн шатаагаад байгааг би мэдэж байна" хэмээн жиргэсэн байна.
Баримт 23. Өмнөх “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах шатсан хэргийг удаан хугацааны турш шалгаж дууссан. Галын дүгнэлтээр юунаас болж шатсаныг өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлээгүй байгаа юм.
Баримт 24. Харин энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Учир нь хохирогчид үнэлгээтэй холбоотой гомдол дахин гаргасан бөгөөд түүнийг нь шалгахаар болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)