500 сая төгрөгийг ажлын өрөөндөө авлигалд авч байгаад саатуулагдсан гэх Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба олон нийтэд ил захидал илгээсэн нь шуугиан дэгдээгээд байна гэхэд хэлсдэхгүй. Тэрбээр ил захидалдаа миний авсан мөнгийг би биш намын дарга Н.Энхбаяр авсан. Мөн Н.Энхбаярт нэмж мөнгө өгөх ёстой байсан. Бас өөрийн хүсэлтээр Эрүүл, мэндийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй.Ц.Оюунбаатар тэргүүтэй хүмүүсийн шахалтаар гарын үсгээ зурсан хэмээн бичсэн. Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрөгч баасан гарагт “Ийгл Ньюс” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрбээр улс төрийн хүрээнд үүсээд буй асуудал болон МАХН-ын гишүүн Г.Шийлэгдамбын асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд түүний өгсөн ярилцлагаар энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
Баримт 1: Захианы хувьд манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичих хүн биш. Хуурамч захиа байх гэж бодож байна.
Баримт 2: Би Г.Шийлэгдамбынхаа гарын үсгийг шинждэг хүн биш. Ямар ч байсан хуурамч захиа байх. Зарим хэллэгийг нь харахад Г.Шийлэгдамбынх биш байна лээ.
Баримт 3: Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтанд ороод бичсэн байж магадгүй гэж бодож байна.
Баримт 4: Г.Шийлэгдамба миний хайртай дүү. Урьд нь ч гэсэн Г.Шийлэгдамбыг дэмжиж Эрүүл мэндийн сайд болгосон.
Баримт 5: Уг нь Г.Шийлэгдамба намын санхүүжилтийн хандивыг цуглуулах ажлыг хийдэг хүн л дээ.
Баримт 6: Үүгээр далимдуулж Н.Энхбаяр болон МАХН руу дайрах гэж байгаа бол ёстой хуучирсан пянз л байна. Би хувьдаа нэг ч төгрөг аваагүй.
Баримт 7: Намын санхүүжилтийн асуудлаар далимдуулж Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэж байгаа бол энэ жүжиг ахиад газар авахгүй. Энэ жүжгийн гол дүрд би тоглохгүй.
Баримт 8: Би Г.Шийлэгдамбын адилаар О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ ч юм уу дүү нартайгаа харьцахдаа нэг л зүйлийг хэлдэг. Бүгд том зорилгын төлөө л явъя. Хоёрын хооронд жижиг албан тушаал, тав арван төгрөгийн тендерийн асуудал хэрэггүй.
Баримт 9: Манай эвслээс нэг нь гараад АН-д орсон. Одоо аравхан суудалтай учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх бололцоогүй болсон.
Баримт 10: Өмнө нь намайг Шадар сайд болохыг санал болгож байсан. Гэхдээ би хойш сууж Ц.Оюунбаатарыг Шадар сайд болгосон.
Баримт 11: Гэтэл манай намын нөхөд “Та ажил голоод байгаа юм уу эсвэл хариуцлагаас бултаад байгаа юм уу. Сонгуулийн жил болж байхад битгий хойш суу. Та энэ ажлыг битгий гол. Та төрийн бүхий л өндөрлөгт ажиллаж байсан хүн учраас таньд энэ ажил гологдож байж магад. Энэ бол манай эвсэлд олдож буй хамгийн том боломж. Ирэх сонгуульд бэлд. Дараа нь та “Би байсан бол тэгэх байсан” гэж шүүмжлээд л сууна. Эсвэл өөр хүмүүс энэ нөхөр нэг юм ярих юм. Дарга нь юу бодож байгаа бол гээд л ойлгомжгүй байдал үүснэ” хэмээсэн.
Баримт 12: Би намын гишүүдийн саналыг хүндэтгэж, зөвшөөрсөн. Манай намд Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудал байхгүй учир би энэ асуудлыг зөвшөөрөөд байна.
Баримт 13: Хэрэв би Шадар сайд болвол одоо үүрэг гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллана. Үргэлжлүүлээд хийг л дээ.
Баримт 14: Надад тулгасан хоёр зүйл анги Өршөөлийн хуульд хамрагдсан учраас одоо ялтай, ялгүй гэх асуудал байхгүй болсон. Хууль эрхзүйн хувьд намайг Шадар сайд болгоход асуудал байхгүй.
Баримт 15: Хамгийн ядуу нам бол МАХН. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байдаг.
Баримт 16: Ер нь намуудын санхүүжилтийн асуудлыг төрөөс шийддэг байх хэрэгтэй. Төсвөөс гэхээр ард түмнээсээ мөнгө авч тэдний өмнө хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй гэх сонголт байгаа.
Баримт 17: Тухайлбал, иргэдийн сонгуулийн нэг саналыг 10 мянган төгрөг гэж үнэлчихээд 2.5 тэрбум төгрөг авчихъя л даа. Энэ мөнгөөрөө тухайн нам өдөр тутмынхаа үйл ажиллагаагаа явуулдаг байя гэж бодож байгаа.
Баримт 18: Херогийн асуудлыг намайг БНСУ-д байхад “Таны болон танай гэргийг нэвтрүүлэгт орох үед чинь нууцаар бичлэг хийж, зарим хэсгийг монтажилж оруулсан байна” гэж надад хүн хэлсэн.
Баримт 19: Херо”-гийн Б.Баатар надруу “Уучлаарай Ерөнхийлөгчөө. Муухай явдал боллоо. Ялангуяа гэргийгээс тань уучлалт гуйж байна” гэж мессеж бичсэн байсан.
Баримт 20: Тэгэхээр нь би одоо нэг их “Уучиллаа чамайг эсвэл уучлахгүй чамайг” гэж хариу бичээд байх нь ч хаашаа юм. Тийм зав ч алга. Угаасаа ч мессеж бичих их дургүй.
Баримт 21: Миний дүү Н.Энхтуяатай надтай байнга л холбоотой байдаг шүү дээ. Ямар ч гэм буруугүй байхад дэлхийгээр нэг зарлаад байхаар тэр хүн чинь яаж ирэх юм бэ.
Баримт 22: Үнэн хэрэгтээ ОХУ-ын өрийг тэглэсэн шүү дээ. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг үгүйсгэх гэж байгаа бол дэмий.
Баримт 23: Өр бол 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дууссан. Тухайн үед Ерөнхийлөгч В.И.Путинтай гэрээнд гарын үсэг зурахдаа 98 хувийг хөнгөлөх буюу “Өрийг тэглье” гэж тохиролцсон юм. Зориуд намайг унагах гэж Оросуудтай яриад ахиад гаргаад ирлээ.
Баримт 24: Намайг муулах гэж байгаад улс орон, баялаг, тусгаар тогтнолоо тавиад туучих вий дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (48)