Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэж үзэн албан тушаалаас нь эгүүлэн татах тухай асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Мөн энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцээс тайлбар мэдээллийг хийгээд байгаа.
Иймээс манай сайт Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хууль зөрчсөн гэх асуудлын мөрөөр энэ удаагийн 24 баримтаа хүргэж байна.
Баримт 1: Жүгнээгийн Амарсанаагийн хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа.
Баримт 2: Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон гэдэг.
Баримт 3: Тэгвэл Ж.Амарсанаатай холбоотой асуудал хөндөгдөж, түүнийг хууль зөрчсөн учир хариуцлага тооцох ёстой гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэллээ.
Баримт 4: Тодруулбал, УИХ-аас Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгвэл уг хуульд өөрчлөлт орсноор өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн гэж болохоор нөхцөл байдал үүсээд буй. Иймээс Үндсэн хуулийн цэцээс уг хуулийн төслөөр маргаан үүсгэж, Ерөнхийлөгчид хандсан.
Баримт 5: Гэвч уг албан бичиг өдгөө асуудал дагуулж эхэллээ. Улмаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
Баримт 6: Ийнхүү уг асуудлыг хуралдаан дээр танилцуулахдаа, Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг Улсын дээд шүүхээс ирүүлсэн хэмээгээд түүнийг Үндсэн хуулийн Цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг оруулсан юм.
Баримт 7: Гэвч энэ үеэр МАН-ын бүлгээс байнгын хороогоор хэлэлцүүлэх асуудалд оруулаагүй асуудлыг хэлэлцэж, хуралдааны дэг зөрчсөн хэмээгээд эл асуудлаар тав хоногийн завсарлага авахыг хүссэн ч байнгын хорооны дарга завсарлага өгөөгүй юм.
Баримт 8: Монгол Улсын Үнсэн хуулинд Монгол Улсын Үндсэн хуулийн дарга болон гишүүн хууль зөрчсөн бол эргүүлэн татах асуудлыг нэг бол Цэцийн шийдвэрээр нэг бол анх илгээсэн байгууллагын саналаар УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг.
Баримт 9: Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц тэр дундаа цэцийн удирдлага хууль зөрчөөд байгаа асуудлаар удаа дараа иргэдээс ч зарим гишүүдээс ч санал тавьсаны эцэст энэ асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Баримт 10: ҮХЦ-д ямар нэгэн баримт, нотлох үйл явц хангалттай хийгддэггүй.
Баримт 11: УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж дүгнэлт гаргаж байсан.
Баримт 12: Тэр нь ямар нэгэн баримтаар нотлогддоггүй байсан учраас хариуцлага тооцох асуудал хөндөгддөггүй байжээ.
Баримт 13: Улмаар Цэцийн хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор 1992 оны Үндсэн хууль батлагдсанаас хойш анх удаагаа Цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсгээр хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоох тухай Цэцийн шийдвэр гараагүй байхад маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчсөн байна.
Баримт 14: Цэцэд маргаан хянан шийдвэрлүүлэхээр явж байгаа бол тэр маргаантай асуудлаар цэцийн ямар нэгэн гишүүн урьдчилсан дүгнэлт хийх, түүнийгээ илэрхийлэхийг хориглосон байдаг.
Баримт 15: Гэтэл УИХ болон Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд цэцийн удирдлага өөрийнхөө гарын үсэгтэй албан тоот явуулсан гэж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн зүгээс онцоллоо.
Баримт 16: Тэр албан тоот дээр хуулийн үйлчлэлийг зогсоох тухай, дээд шүүх болон эрх бүхий албан тушаалтнууд ямар үйлдэл хийх, хийж болохгүй тухайгаа цэцийн шийдвэр гараагүй байхад урьдчилсан дүгнэлтээ маш тодорхой биччихсэн байсан аж.
Баримт 17: Ингээд цэцийн тамга бүхий өөрийнхөө гарын үсгийг зурсан байсан гэнэ.
Баримт 18: Үндсэн хуулийн цэцийн даргыг таван хууль зөрчсөн гэж зарим хуульчдын зүгээс тайлбарлаж байна.
Баримт 19: Тухайлбал Цэцийн хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, Дээд шүүхийн бүрэн эрх рүү халдаж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын бүрэн эрх рүү халдаж байна.
Баримт 20: Мөн Ж.Амарсанаагийн зүгээс хууль зөрчсөнийг УИХ, Тамгын газар нотлох боломжгүй. Одоогийн үйлчилж буй хуулиар шүүх нотолдог гэсэн юм.
Баримт 21: Цаашлаад “ҮХ-ийн цэцийн даргыг огцруулах, эргүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд цэцийн есөн гишүүн дотроо хуралдах учиртай. Дараа нь асуудлаа дээд шүүхэд тавина. Улмаар Улсын дээд шүүхийн 25 шүүгч хуралдаж, олонхоор УИХ-д бичиг ирүүлэх ёстой. Ингэсэн тохиолдолд УИХ Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэх дараагийн шатны асуудал яригддаг” гэлээ.
Баримт 22: Харин ҮХЦ-ийн зарим гишүүдийн зүгээс “Улсын дээд шүүхийн явуулсан хариуг санал мэтээр асуудлыг авч хэлэлцсэн. Энэ бол хуулийг ноцтой зөрчиж буй хэрэг. Энд нэг зүйлийг хэлэхэд сүүлийн үед УИХ-аас ҮХ-ийн цэцтэй холбоотой алхамууд нь дандаа Үндсэн хууль зөрчсөн байгааг хэлэх хэрэгтэй” гэдгийг онцлов.
Баримт 23: Дашрамд хэлэхэд, УИХ-ын баталсан хууль нь ҮХ зөрчиж байгаа талаар иргэд ҮХЦ-д өргөдөл бичдэг байна.
Баримт 24: Мөн УИХ-ын дарга З.Энхболдын хувьд сонгогдсон өдрөөсөө маргаан дагуулсан гэнэ. УИХ-ын дарга хууль бусаар, Үндсэн хууль зөрчиж сонгогдсон гэх маргаанууд Үндсэн хуулийн цэцэд ирдэг байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (72)