Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ гишүүн Г.Уянга нар өргөн барьсан.
Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах гол шалтгаан нь “Оюу Толгой”-н гэрээ гэдгээ мэдэгдэж, “Ноён” уулаа аварч үлдэхийн тулд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын аавуудад захидал бичсэн нь яах аргагүй олны анхаарлыг татаж, дуулианы эзэн болсон билээ. Тэрбээр дээрх асуудлуудтай холбоотойгоор Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож цензургүй ярьсан юм. Түүний энэ үеэр хэлсэн 24 баримтыг онцолж байна.
Баримт 1. Нөхөртэйгээ зөвлөлдөж байгаад Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын аавд захидал бичсэн. Энэ бол “Ноён уул”-ыг аварч үлдэх гэсэн миний эцсийн арга байсан.
Баримт 2. С.Баярцогт : "Чи манай аавд дурлачихсан юм бол тэрийгээ хэлэл дээ" гэсэн.
Баримт 3. Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр үнэхээр ёс суртахуунгүй бүдүүлэг хүмүүс юм билээ. Тэд өөрсдөө аавуудыгаа доромжилсон.
Баримт 4. Би Монгол Улсын Засгийн газрыг огцруулах гэж байгаа гэж бодохгүй байна. Энэ Засгийн газар монголчуудын төлөө бус Сентураагийн төлөө ажиллаж байна.
Баримт 5. Би популизмуудын эсрэг ажиллаж байгаа. Харин тэд 25 жилийн өмнө Ардчилал гэж хошгоруулсаны үр дүнд өнөөдөр монгол ийм амьдарч байгаа.
Баримт 6. Ноён уулаас өөр ашигт малтмал олборлож, эдийн засгийг сэргээх газар байхгүй биш. Зөндөө л байна шүү дээ. Зөвхөн Ноён уулаа л өршөөчих.
Баримт 7. Цензургүй сурвалжлагыг үзээд Т.Лхагвасүмбэрэл ганцаараа яваагүй, энд ямар нэгэн асуудал байгаа юм байна гэдгийг мэдсэн.
Баримт 8. Т.Лхагвасүмбэрэл агсаны хэрэгтэй холбоотой цагдаа нар эцсийн дүгнэлтээ гаргаагүй гэж ойлгож байгаа.
Баримт 9. Түүнийг нийгэмд мартуулахгүй тулд бүхий л зүйлээ хийнэ. Цагдаа нартай уулзана.
Баримт 10. "Оюу-Толгой"-н асуудлыг хэн нэгэн үхэж байж анхааралдаа авах юм болов уу. Ер нь сүүлдээ хүний үхэл ч сонин биш болчихлоо.
Баримт 11. “Эрдэнэс таван толгой”-н үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаахад ОБЕГ-аас ахуйн гал түймэр гэх сонин мэдээлэл хийж байсан. Бид ийм л нийгэмд амьдарч байна.
Баримт 12. Монголын төр зөвхөн өнөө маргаашийн хүмүүсийг хооллох ажил хийх үүрэггүй. Улс үндэснийхээ мөнхийн эрх ашгийн төлөө л ажиллах ёстой.
Баримт 13. Манай төр зөвхөн эдийн засаг, мөнгө гэсэн л хараатай болчихсон. Мөнгөө олохын тулд газар нутгаа ухаж, өр тавьж, бонд гаргаж л олно гэдэг бодлогоор явж байна.
Баримт 14. Дэлхийн номер нэг орд болох “Оюу Толгой”-гоос ашгаа авч чадахгүй өрөнд ороод байна. “Оюу Толгой”-н төлж буй татвар “Эрдэнэт үйлдвэр”-ээс хэд дахин бага байна.
Баримт 15. “Оюу Толгой”-н гэрээнд 4 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн байсан.
Баримт 16. Улсын төсвийн бүрдүүлэх хэмжээний мөнгийг үл тоож байгаа хүмүүсийг ямар нэгэн байдлаар авлига хээл хахууль, ямар нэгэн зүйлд барьцаалагдсан байна гэж харж байгаа.
Баримт 17. Монголчууд өлсөж үхэхгүй учраас “Оюу-Толгой”-г хааж байгаад ч болов учрыг нь олох ёстой.
Баримт 18. Ерөнхий сайдыг огцруулахгүй гээд орхичихвол үргэлжлүүлээд л монголчуудыг өрөнд оруулж, улс эх орныг үгүй хийнэ.
Баримт 19. Ч.Сайханбилэгийг нэг минут, нэг секунт ч улс орны толгойд байлгаж болохгүй.
Баримт 20. Нийгэмд юу ярьж байгаад ач холбогдол өгөхгүй байна. Дуртай нь шүлсээ үсчүүлж болдог болсон цаг болж.
Баримт 21. Би Ерөнхий сайдын оронд байсан бол хэн нэгэнд ямар нэгэн өргүй учраас “Оюу Толгой”-н татварыг бүрэн авах байсан. “Оюу Толгой”-н 5-хан хувь нь манайд улсын эдийн засагт орж байна.
Баримт 22. Үндэсний эрх ашгийг боддог төр өнөөдөр алга. Зөвхөн гадны хөрөнгө оруулагчийн эрх ашгийг л бодож байна.
Баримт 23. С.Ганбаатар “Оюу-Толгой”, “Гацуурт”-ын эсрэг дуугарахгүй, дуу нь суларч байгаад сэтгэл дундуур гомдолтой байгаа.
Баримт 24. Монголчууд буу бариагүй л болохоос дайтаж байна. Оюун санааны дайн зарлачихсан. Нийгмийг цахим сүлжээгээр хуваачихсан дайтаж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (82)