БНХАУ-ын Эрээн, Бээжин хотод Монгол Улсаас элчин сайд суух болсоноос хойш янз бүрийн хэл ам тасардаггүй боллоо. Хууль бус үйлдэлд гар бие оролцож, зугтаж алга болсон, төсвийн мөнгийг шамшигдуулсан л гэх.
Тэгвэл БНХАУ-ын Эрээн, Бээжин хот дахв Монголын консулын газартай холбоотой асуудал хийгээд Т.Мураттай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийн мөрөөр ээлжит 24 баримтаа хүргэж байна.
Баримт 1. Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд улс руугаа нэвтрэх визийг дамлан худалддаг гэх мэдээлэл байдаг.
Баримт 2. Гадаад хэргийн яамны сайд виз дамлан худалдах явдал гарсаныг мэдээд дотоод хяналт шалгалтаараа хэд хэдэн хүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад өгч байсан. Улмаар зарим нэг Элчин сайд, консулын ажилтнуудыг эргүүлэн татах асуудлыг хөндсөн байдаг.
Баримт 3. Мөн ийм хэрэг дахин гаргуулахгүйн тулд виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 дугаартай албан тоот хүртэл гаргасан.
Баримт 4. Тэр тусмаа Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газарт виз дамлан худалдах явдал далд хэлбэрт хүчтэй тархсаар байсан гэдэг.
Баримт 5. Тухайлбал, 2014 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон. Тэрбээр томилогдсон даруйдаа Монгол Улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулж эхэлсэн нь тогтоогдсон байна.
Баримт 6. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Мурат нь БНХАУ-аас Монгол руу хар тамхи нийлүүлдэг сүлжээнийхэнтэй холбоотой байсан гэв.
Баримт 7. Тэрбээр консулын машинаар хар тамхи зөөвөрлөж байсан талаар өчигдрийн хэвлэлүүд онцоллоо.
Баримт 8. Үүгээр зогсохгүй оргон зугтахаасаа өмнө гурван кг хар тамхи зөөвөрлөж явсан иргэдэд тусалсан аж. Тэд нь БНХАУ-ын хил дээр саатуулагдсан байна.
Баримт 9. Үүнээс болж БНХАУ-ын хуулийн байгууллагынхан Т.Муратыг эрэн сурвалжилж эхэлжээ. Хэрэв тэрбээр БНХАУ-ын хилээр нэвтэрвэл баригдах аж.
Баримт 10. А.Мурат оргон зугтахдаа консулын албаны ажилд зарцуулах бүх мөнгийг хамж аваад явсан гэдгийг эх сурвалж хэллээ.
Баримт 11. Мөн түүнийг Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ- ны консулын газарт очсон даруйдаа өөрийн эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек, багш Хөхөөгийн хүү Х.Нарангэрэл нарыг виз олгох ажилд томилсон гэдгийг онцлов. Ийн танил тал хамаатан саднаа виз олгох гол ажилд томилсноор виз олгох ажлыг бүрэн хяналтдаа авч чадсан гэдэг.
Баримт 12. Түүний виз дамлан худалдаалдаг тухай зарим хүн хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан удаатай аж. Улмаар түүнийг Улаанбаатарт ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байжээ.
Баримт 13. Иргэдийн гомдлын дагуу хуулийн байгууллагынхан А.Муратыг шалгахаар очиж ажлын өрөөнд нь ороход виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан гэдэг.
Баримт 14. Үйлдэл дээрээ баригдсан А.Мурат шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр, хүргэн дүү нараа дагуулан Эрээнээс явжээ.
Баримт 15. Захидалдаа "Амралтаа авлаа. Би сарын дараа эргэж ирнэ" гэж бичсэн байжээ.
Баримт 16. Хожим нь түүнийг эхнэр С.Кулзада, хүргэн дүү С.Сапарбек нараа дагуулан ээлжийн амралтаа авах нэрээр Казакстан руу явсан гэдгийг тогтоосон аж.
Баримт 17. Гэвч тэрбээр захидалдаа дурдсан шигээ сарын дараа эргэж ирсэнгүй.
Баримт 18. Тэрбээр оргон зугтахдаа их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан гэдгийг тогтоосон байдаг.
Баримт 19. Мөн түүнийг гэр бүлийн хамтаар Казахстан руу явж тэндээсээ АНУ руу гарсныг олж мэджээ.
Баримт 20. Түүний ах А.Марат нь тус улсад амьдраад олон жил болж байгаа бөгөөд өөрийн хувийн бизнестэй нэгэн юм байна. Түүнийг ах дээрээ очиж амьдарч байгаа мэдээлэл ч байгаа аж.
Баримт 21. Түүний хувьд ирэх 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ.
Баримт 22. Уг нь ГХЯ-ын сайд Л.Пүрэвсүрэн виз олгох журмыг шинэчлэн тогтоох 01 албан тоот гаргасан. Мөн Бээжинд суугаа ЭСЯ-ны консулын газрын дарга, ажилтнуудыг хүртэл эргүүлэн, татсан нь тусыг эс олж, виз дамлан худалддаг явдал улам нэмэгдсэн нэг жишээ энэ болж байна.
Баримт 23. Цаашлаад Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан зэвсэг хилээр гарсан гэх асуудалд хутгалдаж албан тушаалаасаа буусан.
Баримт 24. Ер нь Эрээн хот дахь консулын газарт Гадаад хэргийн яамнаас томилогдсон ажилтнуудыг бичиг хэргийн ажилтан, хашаа цэвэрлэгчийн ажилд томилж байсан гэх хэл ам гарч байсан билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (26)