Монголчууд айл гэрт шинэ хүн, шинэ хувь заяа мэндэлж “хүү төрвөл хил манах хүнтэй боллоо, охин төрвөл гал манах үртэй боллоо” хэмээн бэлгэшээн угтдаг заншилтай. Монгол Улсын гурван сая дахь иргэн болж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын гэр бүлээс 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 27 минутад Монголжин охин мэндэлсэн. Ийнхүү морин жилийн бариан дээр гурван сая дахь иргэн болон мэндэлж элэг нэгт монголчууд биднийхээ магнайг тэнийлгэсэн Х.Монголжин охины өнөөдөр НЭГ НАС хүрч байна. Тиймээс манай сайт өнөөдрийн 24 баримтаараа Х.Монголжин охиныг онцолж байна.
1. Монгол Улсын гурван сая дахь иргэн нэгдүгээр сарын 24-ны өдрийн өглөөний 08 цаг 27 минутанд мэндэлсэн. Өнөөдөр түүний 1 насны төрсөн өдөр тохиож байна. Төрсөн өдрийн баяр эхлэх гэж байна.
2. Урдчилсан таамгаар 3 сая дахь иргэнийг хүн ам ихээр сууршсан Улаанбаатар хотын аль нэг дүүрэгт төрөх байх гэж байсан ч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр эмнэлэгт мэндэлсэн.
3. Тэрбээр айлын ууган охин.
4. Бяцхан охиндоо гэр бүлийнхэн нь Х.Сэлэнгэ гэдэг нэр хайрласан.
5. Гурван сая дахин иргэн маань Э.Хатанболд, эх Г.Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн юм.
6. Тун удалгүй Ерөнхийлөгч эцэг, эхэд нь баяр хүргэж утасаар ярихад аав Э.Хатанболд нь Ерөнхийлөгчөөс охиндоо нэр хайрлахыг хүссэн. Тиймээс Ерөнхийлөгч шинэхэн иргэндээ Х.Монголжин гэдэг нэрийг хайрласан.
7. Э.Хатанболдын гэр бүл анхны охиноо гурван сая дахь хүндтэй иргэн болсон гэдгийг мэдээгүй байж байгаад хэн хоногийн дараа мэдсэн.
8. Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан боллоо. Үүний гурав нь гадаадад мэндэлжээ.
9. Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болсон.
10. Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд мөн 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулна.
11. Охин хүүхэд тодорсон нь хүн ам өсөн дэлгэрч, улам олуулаа болохыг тэмдэг гэж монголчууд бид ихэд бэлэгшээж байна. Мөн даширамд сонирхуулахад 2 сая дахь иргэн охин байсан юм.
12. Гурван сая дахь иргэнийг тусгай нууцлал бүхий программыг ашиглаж тодруулсан.
13. Шинэхэн иргэндээ манай үндэсний томоохон үйлдвэрлэгчид гарын бэлгээ гардуулж хивсэн дээр хүртэл зургийг нь мөнхөлж өгсөн.
14. Гурван сая дахь иргэний эцэг, эх хоёр залуухан гэр бүл юм. Х.Монголжин охин тэдний анхны хүүхэд.
15. Х.Монголжин охины ээж Г.Аззаяа нь ямар нэгэн төрөхийн хүндрэлгүйгээр өөрөөрөө төржээ.
16. Хосууд хоёулаа Өмнөговь аймгийн Даланзадгад хотын унаган иргэд юм байна.
17. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэндээ зориулж мялаалгын үг бичсэн.
18. Гурван сая дахь иргэнийг тодруулах үйл явц маш өндөр нууцлалын дагуу явагдсан.
19. Эх, хүүхдийн биеийн байдал маш сайн байгаа.
20. Түүний нэг ойтой болсныг тэмдэглэхээр газар газраас гэрт нь хүмүүс цуглаж, хэвлэлэ мэдээллийнхэн ч энэ сайхан баярт үйл явдлыг сурвалжилахаар зорьжээ.
21. Монгол Улс хоёр сая дахь иргэндээ зориулж хүүхдийн дүрс бүхий зоос үйлдвэрлэж байсан бол гурван сая дахь иргэнээ бэлгэдсэн логондоо аав, ээж, хүүхэд гурвыг дүрсэлсэн байлаа.
22. Х.Монголжин охин 3 кг 500 грамм жинтэй мэндэлсэн.
23. Хоёр сая дахь иргэнийг ээжийг н.Аззаяа гэдэг бол Гурван сая дахь иргэний ээжийг Г.Аззаяа гэдэг юм байна.
24. Гурван сая дахь иргэн маань нэгдүгээр сарын 24-ны өдрийн 73 дахь төрөлт.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)