С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хориод хоёр сар орчим болж байна. Энэ хугацаанд түүний баривчилгаатай холбоотой янз бүрийн мэдээлэл хэвлэлээр хөвөрч байсан. Тэгвэл Б.Булганы ээж болж буй үйл явдлын талаар анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний ярьсан яриаг 24 баримт онцолж байна.
1. Би охиндоо бүрэн дүүрэн итгэж, үнэн зөв нь олдоно гэж харж хүлээж байгаа
2. Биднийг огт уулзуулахгүй, тэр байтугай сүүлийн үед өмгөөлөгчийг ч оруулахгүй байгаа.
3. Охин минь өвчин хууч ихтэй, тэр нь сэдэрч байгаа болов уу гэж санаа зовж байна. Өнөөдрийг хүр¬тэл бид биеийн байдлыг нь мэдэхгүй сууж байна даа.
4. Үрээ гэсэн эхийн сэтгэлийг хэн ч хааж боож болохгүй байх. Гэтэл эргэлт оруулахгүй, ээжийг нь ч уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм.
5. Эргэлт оруулахгүй байгаа. Хоёрхон удаа л хувцсыг нь сольсон.
6. Ер нь бол 24 цагийн гэрэлтэй нөхцөлд байлгадаг юм шиг байна лээ.
7. Гадаадад сурч байсан зээ охин маань интернэтээс мэдээлэл аваад санаа нь зовоод шууд хүрээд ирсэн. Ээжтэйгээ уулзаж чадаагүй.
8. Миний бодож байгаагаар энэ хэрэгт хөндлөнгийн ямар нэгэн нөлөө орж байхыг үгүйсгэхгүй.
9. Хэргийн явц аажимдаа миний охиныг баривчилж хорих хүртэл өрнөж байгаагийн цаана ямар нэгэн утга агуулга байгаа юм болов уу.
10. 2016 оны сонгууль угтаж манай хүргэн, охины минь нөхөр С.Зоригийн амь насаа алдсан хэрэг дахин сөхөгдөж гарч ирж байгаа шүү дээ.
11. Өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулийн өмнө талийгаач хүргэний маань амь насаа алдсан аймшигт хэргийг гаргаж ирж шоу хийж байсан. Энэ удаа ч түүний л нэгэн адил шоу үүсгэв үү гэж харж байгаа.
12. Энэ удаагийн үйл явдлыг хэр зэрэг үнэний хувьтай вэ гэдэгт эргэлзэж байна.
13. "Ээж ээ, би тантай уулзаж чадахгүй нь. Өнөөдөр би Зоригийн асуудлаар хүмүүстэй уулзах боллоо” гэсэн.
14. Үдээс хойш ирэх байх гээд хүлээсэн ч ирээгүй. Огт чимээ байдаггүй. Гэтэл дүү рүүгээ залгасан байсан. “Би баригдаад явлаа. Надад хэцүү байна. Ээжийг сайн хараарай” гэсэн байсан. Түүнээс хойш уулзсангүй.
15. Найз нөхдийн хүчээр би өнөөдрийг хүртэл явж байна. Намайг харж асарч байдаг ганц хүн бол охин минь. Тийм учраас миний төлөө сэтгэл нь их зовж байгаа байх.
16. Миний ойлгосноор охиныг маань ТЕГ-аас шалгаж байх шиг. Ерөнхийдөө бол цагдаа, ТЕГ, холбогдох бусад байгууллага шалгаж байх шиг байна.\
17. Тэр аймшигт хэрэг гараад 17 жил өнгөрчээ. Энэ бүх хугацаанд зовлон, шаналлыг нуруундаа үүрч яваа хүн бол миний охин юм даа.
18. Эхлээд гэрч гэж үзэж, хамгийн сүүлд сэжигтнээр татаж байгаад би эх хүний хувьд үнэхээр их гайхаж байна. Охиноо ямар нэгэн хэргийн золиос болох вий гэсэн бодол миний сэтгэлд цаг үргэлж төрж байна.
19. Ер нь бол шалгадаг, хянадаг байгууллагууд нь үе үе охиноос юм асууж, тайлбар авдаг шиг билээ. Тэр болгоныг надад ярьж байсангүй. Хааяа л Зоригийн асуудлаар ажлын багтай уулзаад ирлээ гэдэг байсан.
20. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд энэ хэргийг сонгуулийн өмнө л гаргаж ирдэг. Охиныг минь Төв аймгийн урьдчилан хорих төвд хориход бид сонгуулийн шоу эхэлж дээ гэж бодсон.
21. Би охиноо ямар нэгэн муу зүйлийн золиос болж, ямар нэгэн муу мэдээ дуулдах вий гэхээс айж байна. Ямар ч байсан миний охин нөхрөө өнөө маргаашгүй Ерөнхий сайд болох гэж байна гэхэд бусадтай нийлээд хөнөөх хүн биш. Тийм зүйл байх ёсгүй.
22. Би охиноо ямар нэгэн хар хэргийн золиос болчих вий, хэлмэгдэх вий гэж бодож сууна. Миний охин 17 жил энэ хэргийн төлөө, үнэн зөв нь олдоосой, хэрэгтэн илрээсэй гэж сэтгэл зовниж, шаналж ирсэн.
23. Э.Бат-Үүл нэг удаа телевизээр нулимс дуслуулах шахан ярьж байсныг харсан. “…Хамт тэмцэж явсан нөхрөө хөнөөх хүн биш ээ” гээд. Би түүнд итгэдэг.
24. Миний охинд учирсан золгүй тохиолдол, зовлон бэрхшээл хэзээ дуусах юм бол гэж л хүлээж сууна. Үнэн зөв нь олдоно гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь миний охин хэн нэгний золиос болчих вий гэж бодох юм.
Ярилцлагын эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (12)