Байрны орцонд нь настай эмээг гурван залуу бүлэглэн дээрэмдэж, улмаар шатаар чирч унагааж гэмтээсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл настанг дээрэмдэж гэмтээсэн этгээдүүдийг Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид 24 цагийн дотор илрүүлэн, шуурхай баривчилсан байна.
Эргэн сануулахад сэжигтэн этгээдүүд нь энэ сарын 8-ны шөнийн 22:00 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны нэгдүгээр давхарт 74 настай эмэгтэй Ц-г дээрэмдэж, цүнхийг нь булааж зугтаасан аж. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн залуус нь 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, мөн онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар байжээ.
Тэд тухайн үед согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсан бөгөөд дахин архи уухыг тулд хүн дээрэмдсэн байна. Түүнчлэн залуус өндөр настанг дээрмдсэнийхээ дараа дахин дээрмийн хэрэг үйлдэж байгаа баривчлагдсан байна.
Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст тэдэнд Эрүүгийн хуулийн 147,2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Харин дээрх зүйл ангид 5-10 жил хорих хугацаагаар ял шийтгүүлэх хуулийн заалттай аж. Учир нь дээрмийн гэмт хэрэг нь хохирлын хэмжээ хамаарахгүй, хүнд гэмт хэрэгт тооцогддог байна.
Харин хохирогч Ц-гийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд түүний гар, хөл хугарсан төдийгүй нэлээд олон газар зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Тэрбээр "Би тухайн үед цүнхээ тавихыг хүссэн ч сандарсандаа атгасаар байгаад тавьж чадаагүй. Миний ач нар шиг хүүхдүүд ийм хэрэг үйлдэж байгаад харамсаж байна" хэмээжээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (17)