“Цензургvй яриа” нэвтрvvлэгт энэ удаагийн дугаарт нэг хэсэг шалгагдаж, бүр хоригдож байсан “Тэнгри холдинг”-ийн захирал Х.Анхбаяр оролцож, олон сонин зүйлийн талаар ам нээлээ. Тэрбээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхантай хэрэгт холбогдож авлига өгч, авалцсан гэдгээр шалгагдаж байв.
Тэгвэл тэрбээр суллагдсаныхаа дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нарын талаар онцлов.
Тиймээс энэ удаагийн 24 баримтаараа Х.Анхбаяр-ын ярилцлагаас хүргэж байна.
1. Нийт 17 сар хоригдсон. Цаг нь ирэхээр цагаатгах ёстой л гэж боддог.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Харамсалтай нь, нас барсан хойно нь шүүх хурал болсон. Ийм бараан зvйл дотор нэг гэгээлэг зvйл байсан. Тэр нь Улсын дээд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүгээр бол талийгаачийн хэргийг л хэрэгсэхгүй болгосон байдаг. Би бол гэм буруутай хэвээрээ vлдсэн.
3. Анх Ашигт малтмалын газрын удирдлагуудтай холбож, хугацаа нь дууссан лицензүүдийг хүчингvй байсныг сунгасан гэх хэрэгт буруутгасан. Бас нэг хэрэг нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр саатуулсан. Мөн мөнгө угаасан хэрэгт буруутгасан байдаг.
4. Яагаад намайг мөнгө угаасан гэх хэрэгт гүтгэснийг одоог хэр нь ойлгодоггүй, эргэлздэг. Тэнд бол мөнгө угаасан зүйл байхгүй. Цэвэр хөрөнгө оруулалтын ажил байсан.
5. Манай компанийн нэр дээр 45 лиценз байсан. Эндээс ямар нэгэн албан тушаалтнаас авсан лиценз байхгүй. Дандаа л Монголын компаниуд өөрсдөө “Бид ажиллаж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэхээр нь бид гадаадаас холбоо бариад тэрхүү лицензүүдийг худалдаж авч байсан.
6. Хоригдож байх хугацаандаа би зөөлөн эдийн хавдар гэх өвчин туссан. Хоригдож байхдаа нэг удаа хагалгаанд орсон. Суллагдсаныхаа дараа тэр маань давтагдсан учир удаан хугацаагаар эмчилгээ хийх шаардлагатай болсон. Түүнийгээ үргэлжүүлж байна.
7. Хоёр жил шахам энэ хэрэгт холбогдож, хоригдож байх хугацаанд ажил маань зогссон. Эрүүл байж л ажлаа цааш үргэлжлүүлэх байх л даа.
8. 2009 онд Н.Энхбаяртай танилцсан. Яг Ерөнхийлөгчийнхөө суудлаас бууж байхад нь танилцаж байсан. Д.Тэрбишдагва гишүүн танилцуулж байсан юм.
9. Анх УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва танилцуулж байсан. Тодорхой хугацааны дараа нэг өдөр над руу Энхбаяр өөрөө утасдаад “Анхаа танайх аялал жуулчлалын бизнес эрхэлдэг юм чинь нэг хүн урьчихаач” гэсэн. Гадны хүн гэсэн. Мэдээж хүн нэг хүнийг урьчихаач гэхээр “За” л гэнэ шүү дээ. Тэр нь Жон Андрей Горчетта гэдэг Итали гаралтай Английн иргэн байсан. Тэр хvн ирээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн хүү Э.Батшугартай тодорхой хэмжээгээр найзалсан гэдгийг нь сүүлд мэдсэн. Тэр хоёр хоорондоо ажилласан гэж ойлгож байгаа.
10. 2008-2009 оны хямралын үе. Энэ үед манай компани ч хямралд өртсөн. Гадны хөрөнгө оруулалт зогсчихсон байсан. Баахан ажил эхлүүлчихсэн, баахан лицензүүд байдаг, баахан ажилчин залуучууд байдаг. Тиймээс бид тэр үед эхлүүлсэн ажлуудаа аль болохоор л үргэлжлүүлэх юмсан бодолтой байсан. Энэ бүгдийг эхлүүлэхийн тулд өөрийн зардал гэж бий. Гадны хөрөнгө оруулалтыг аль болох чадах, ядахаараа хайж байсан. Тэр дунд уулзаж байсан хүмүүсийн нэг нь Энхбаяр Ерөнхийлөгч.
11. Түүний хувьд “Тэнгри”-ийг. Ашигт малтмалын лицензүүд цугларсан байсан тэр л компанийг сонирхож байгаа шүү дээ. Энэ процесс нэлээд удаан үргэлжилсэн. 2010 он дуустал.
12. Би хөрөнгө оруулалт хайж яваа хүн. Мэдээж улсын тэргүүн байсан хүн танил тал байгаа. Би түүнийг нь ойлгож байсан. Хэрэв тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт олоод өгчихвөл түүнийгээ дагаад манай компанид өмөг түшигтэй юм болов уу, тусалж дэмжих юм болов уу, бүхэл бүтэн улсыг аваад явж байсан хүн чинь манай компанид зааж зөвлөх юм байх л байлгүй гэж бодсон.
13. Ингээд би санхүүгийн бэрхшээлтэй байсан учраас тэдний компаниас буюу “Эскон”-оос зээл авсан. Тэр нь нэг сая ам.долларын хүүтэй зээл.
14. Зөвхөн “Эскон” компаниас ч зээл авсан юм биш. Хонгконгод бүртгэлтэй компаниас сая долларын зээлтэй байсан. Бас бус газруудаас санхүүгийн эх үүсвэр татсан байсан. Хэлэлцээр маань бараг жил шахам үргэлжилсэн шүү дээ.
15. Эцэст нь миний бодож байгаагаас өөр санал Н.Энхбаяр Ерөнхийлөгч манай компанид тавьсан.
16. Тодруулбал, 10-15 хувь нь танайд байж байг. Санаа зовоод хэрэггүй. Манай хөрөнгө оруулагчид энийг чинь цааш нь аваад явъя гэсэн. Энэ бизнесийг анхнаас нь эхлүүлээд аваад явж байсан хүн эцэст нь 15 хувьтай үлдэнэ гэхээр чинь...
17. Тэр үед уучлаарай би энэ саналыг чинь хүлээж авч чадахгvй юм байна гэсэн. Анх би чинь хөрөнгө оруулалт хүсч явсан шүү дээ. Эцэст нь багахан шиг хувьтай үлдэнэ гэдэг дүр зураг харагдахаар нь би тэр хэлэлцээрийг зөвшөөрөөгүй.
18. Энэ хүн Монгол Улсын Шадар сайд болох тал дээр “Арай үгүй байлгүй дээ гэж бодож байна. Намаас бол санал өгчихсөн л байна лээ. Гэхдээ хуваагдчихсан байгаа нийгэмд чинь би ойлгохгүй юм байна” гэв.
19. Д.Тэрбишдагва долоон жилийн өмнө “ТБД” андууд компани тендерт оролцох гэсэн юм. 320 мянган ам.доллар хэд хонуулаад өгнө” гэж авч байсан. Хэд хоноод өгнө гэхээр юм бодолгүй өгчихсөн байхгүй юу. Одоо тал орчим хувийг нь төлж барагдуулсан.
20. Шадар сайд байхад нь харамсалтай нь хоригдож байсан. Мөнгөө нэхэж чадаагүй.
21. Шоронд байхад Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва хоёр бидэнтэй ямар ч хамаагүй гэж харамсалтай нь хэлээгүй. Тэрбишдагва гишүүн нэг ярилцлагадаа дурдаад өнгөрсөн. Танина, мэднэ. Тэр боловсролтой залуу байгаа гэж хэлсэн. Тэгээд л өнгөрсөн.
22. Н.Энхбаяр өөрөө ч гэсэн хэрэгт орооцолдоод л явсан. Тэгэхдээ өөрийгөө бол хэлмэгдсэн гэх асуудлыг тавьж байсан. Хэлмэгдэж байгаа хүн бүрийн төлөө дуугарна гэж хэлж байсан санагдаад байгаа юм. Би тухайн үедээ хоригдож байхдаа өөрийгөө хэлмэгдэж байна л гэж бодож байсан. Одоо ч гэсэн тэгж л бодож байна.
23. Ажил хэргийн шугамаар бол зөндөө л хүмүүстэй уулзаж, учирдаг. Харамсалтай нь, энэ хоёр хvнтэй байхгүй зүйл дээр нэр холбогдоод, учир битүүлгээр сонин, хэвлэлд бичигдээд хоригдоод байдаг нэг ийм л зүйл болсон доо.
24. Шүүх хурлын тов гарсан даруйд манай гэрийнхэн рүү хандаж эхэлсэн гэдэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрийг бариад энэ лицензээ өгчихвөл нөхрийг чинь гаргаад өгий гэх утгатай зvйл хэлсэн байна лээ. Ийм зvйл бол хэд хэдэн удаа гарсан.
Д.Дуулим
Сэтгэгдэл (59)