Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс'’ хөтөлбөрийн хэрэгт Б.Мөнгөнтуяа гэх залуухан нягтлан бүсгүй холбогдсон.
Түүнийг энэхүү хэрэгт холбогдуулан зургаан cap гаруй хугацаанд хорисон ч эцэст нь хорих болсон зүйл анги нь өөрчлөгдөж, өөр зүйл ангиар анхан шатны шүүхээс торгуулийн ял сонссон билээ. Тэрбээр шүүх хурлын үеэр прокурорууд болон шинжээч нарт хандаж хэлсэн үг нь үнэхээр түүнийг буруугүй гэдгийг нотлож чадсан гэдгийг хэлэх хүн олон байдаг. Тэгвэл Б.Мөнгөнтуяа шүүх хурлын дараа анх удаа хэвлэлд ярилцлага өгсөн юм. Түүний энэ үеэр хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Нүүрс хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур" компанитай байнга тооцоо нийлдэг байсан. Энэ хугацаанд тэдний зүгээс манай компани руу хандаж төлбөр тооцооны асуудал гарлаа гэж нэг ч хүн ярьж байгаагүй.
2. “Нүүрс” хөтөлбөрийн гэрээ дуусч, хоёр талаасаа хэрэгжүүлсэн гэрээгээ дүгнэхэд гурав хоног дутуу байхад АТГ-ын залуус надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гээд л ажлын байр гэр оронг нэгжиж, Эрүүгийн хуулийн ном уншуулчихаад л хорьсон.
3. Зургаан cap найм хоног хорихдоо ердөө тавхан удаа л байцаалт авч байгаа юм. Байцаалт авахдаа бараг юм асуухгүй. Хавтаст хэрэгт хийгдсэн надаас авсан мөрдөн байцаалтад уншихаар юм юу ч байхгүй. Нэг ч удаа тоо асуугаагүй ойр зуурын анхан шатны мэдэгдэхүүний зүйлс л асуусан юм чинь.
4. Шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно.
5. Намайг зургаан cap хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. Гэвч ямар нэмэр болоогүй.
6. Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад намайг сулласан.
7. Хоригдож байх хугацаанд ходоодны шарх сэдэрч, биеийн байдал муудсан. Олон удаа хүсэлт гаргаж байж эмнэлэгт хэвтсэн. Маш олон килограмм турж, хараа муудаж, арьсны өвчин туссан.
8. Шоронд хоригдож байсан талаар одоо бодохоор нуруугаар хүйт оргиж, айдас төрдөг.
9. Зургаан cap үйлийг минь үзэж хорьчихоод энэ хэрэгт чи хамаагүй юм байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 265.2, 150.3 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгснээ шал өөр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн.
10. Миний ханьд ханилсан хань нь үл мэдэгдэх хэрэгт шалгагдаж байгаа болохоор маш хэцүү байсан гэж ярьж байна лээ. Гэхдээ намайг буруу зүйл хийх хүн биш гэдгийг мэдэж байсан болохоор миний талд баттай зогсож чадаж байсан.
11. Шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт бүрэн итгэж байсан. Хэн ч харсан мөнгө идээгүй нь тодорхой байсан. Тиймээс шүүх үнэн зөвөөр хэргийг шийдээд өгнө гэж найдсан.
12. Мөрдөн байцаагч нарт байцаалт өгөхгүй гээд шинжээч нарын гаргасан тайланг хармаар байна гэж маш олон удаа хүсэлт тавьсан. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Долдугаар сарын 31-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг аравдугаар сард арай гэж Цагдан хорих төвд үзсэн.
13. Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хараад гайхсан. Нягтлан бодогчийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүн шинжээчээр ажилласан нь тодорхой байсан. 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, татвараас зайлсан гээд байгаа шинжээчийн дүгнэлтэд татварын газраас шалгалт хийлгэе, хөндлөнгийн газраар дахиж шалгуулъя гэхээр зөвшөөрөхгүй байсан.
14. Шинжээчийн дүгнэлт байхад хангалттай гэж АТГ, Прокурор үзсэн. АТГ-аас шинжээч нараас асуулт асуусан. Шинжээч нар тэдний асуусан асуултад хариулсан байдаг. Түүнээс хөндлөнгийн аудитын шалгалт огт хийгээгүй байсан.
15. Санхүүгийн баримт нь уг нь прокурор дээр байх ёстой байтал АТГ-т байгаад байдаг. Шүүх хурлын үеэр ч баримт авчраагүй. Одоо хүртэл АТГ-т санхүүгийн баримтууд байгаа.
16. Үндэсний аудитын газрын Ичинхорлоогийн гаргасан дүгнэлт нь ердөө нэг хуудас байгаа юм. Хуулийн тайлбар авахаар дүгнэлтээ хамгаалж чадахгүй зогсоод байдаг. Мөнгө авчихаад ийм дүгнэлт гаргаж өгч байгаа юм. Дээрх хүмүүсийг Сангийн яаманд шалгуулахаар өргөдлөө өгчихсөн байгаа.
17. Надад төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр ял өгсөн. Гэтэл би төрийн алба хаагч биш шүү дээ. Хувийн компанийн жирийн нэг нягтлан хүн.
18. “Багануур” компанийнхан шүүх хурлын үеэр бид хохироогүй гэдгээ хангалттай хэлсэн. “Бид хохироогүй, ашигтай ажилласан” гээд байхад шүүгчид үүнийг огт авч хэлэлцээгүй.
19. Нүүрснээс байгалийн чулуу гарч ирсэн нь миний буруу болж хувирсан. Ямар ч эдийн засгийн судалгаа шинжилгээ байхгүй жингийн зөрүүг нүүрсний үнээр үржүүлээд хохирол гэдэг зүйл гаргаад ирсэн.
20. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Бүр шоконд орчихсон. Би шүүхийн шийдвэрээр гарсан мөнгийг төлөхийн тулд идэхгүй, уухгүй, ямар ч хувцас худалдаж авахгүй агаар дээр жингүүдэж явлаа гэж бодоход 70 жилийн хугацаанд төлж дуусах мөнгө. Хоёр жил ажиллах эрхийг хасчихсан. Шуудхан хэлэхэд намайг чи үх гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Би өөрөө мэргэжлээрээ ажиллахаас ч айж байна. Энэ бүхэн миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн.
21. Манай компани улсаас мөнгө аваад ийм асуудалд орсон бол ондоо хэрэг. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Хаана ч байхгүй мөнгийг босгож ирээд гурван хүнээр төлүүлэх гэж байгаад гомдолтой байна.
22. Шүүх хурал телевизээр шууд явсан болохоор иргэд намайг мөнгө огт идээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгж байж хүний нүүр рүү эгцэлж хардаг болсон.
23. Үнэхээр намайг хэлмэгдүүлж байна. Улс төрөөс болоод хэлмэгдэж байна. Би “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр хамгийн удаан хоригдсон. Хамгийн залуу, ганц эмэгтэй нь би. Улс төрчид намайг хэлмэгдүүлж байна.
24. Хоёр компанийн хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд нягтлан огт буруугүй баймаар. Яагаад хувь хүнээр тэр хохирол гээд байгаа менгийг төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа.
Б.Энхжин /24tsag.mn
Сэтгэгдэл (74)