"Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь олны анхаарлыг татсан үйл явдал болсон.
Тэгвэл энэхүү хувьчлалын дуулиан өнөөдөр ч намжаагүй байгаа юм. Ингээд дуулиан дэгдээгээд буй Абдул Карим гэгч болон хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой 24 баримтыг хүргэж байна.
1. Н.Энхбаярын балгас хэмээгдэж шуугиан дэгдээгээд байсан “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилга хэдэн жил нам гүм байсан ч нээлттэй дуудлага худалдаагаар дахин “моод”-нд оров.
2. “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгын нээлттэй дуудлага худалдаанд Монгол Улсын иргэн Абдул Карим гэгч оролцож, 24 тэрбум төгрөгөөр үнэ цохиж авсанаар олны анхаарлын төвд орсон.
3. Абдул Карим дуудлага худалдаанд ялалт байгуулсны дараа “Чингисийн хөшөөний ойролцоох хотын төвийн газрыг хувьчилж авсандаа туйлын баяртай байна. Чингисийн талбайн хажууд гэрэлт цамхаг босгоно. Харин юу гэж нэрлэхээ хараахан шийдээгүй байна” гэж мэдэгдлээ.
4. Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авсан Монгол Улсын иргэн Абдул Карим гэх тодорхойлолт нь эрхгүй олны анхаарлыг татсан. Гэхдээ тэрбээр 2002 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль ёсны дагуу Монгол Улсын иргэн болсон байна.
5. Өдгөө 56 настай тэрбээр эхнэр н.Балжиннямтайгаа 1996 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулжээ.
6. Гадаад нэртэй Монгол Улсын иргэн гэх эрхмийн ямар ажил эрхэлдэг болох нь тодорхойгүй, хаалттай байсан ч мөн л анхаарал татах шалтгаан болов.
7. Гэвч тэрбээр өнгөрсөн 10 дугаар сард НМХГ-аас хийсэн шалгалтаар 26 шонхор шувуу хууль бусаар барьсан Абдул Карим гэгч мөн болох нь илчлэгдэв.
8. Тэрбээр тухайн үед “Бид соёлын арга хэмжээнд зориулан шонхор шувуу барих зөвшөөрөл авсан” гэхээс өөр тайлбар хийхээгүй ч шонхор шувууны хууль бус наймаачин гэдэг нь тодорхой болсон.
9. Идлэг шонхорыг хууль бусаар олон тоогоор барьсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөөр торгох болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн хуульд заасан байдаг ч түүнд тухайн үед мөнгөн торгууль ногдлуулаад өнгөрч байжээ.
10. Ийнхүү идлэг шонхорын хууль бус наймаачин хотын А зэрэглэлд газар авч байгаа нь анхаарал татаж байна, тэрбээр 24 тэрбум төгрөгөө хэрхэн босгосон гэх мэдээлэл ар араасаа гарч, багагүй эсэргүүцэлтэй тулгарсан Абдул Карим өчигдөр буюу энэ сарын 7-ний өдөр хувьчлалаасаа татгалзах хүсэлтээ албан ёсоор өгөв.
11. Тэрбээр энэ тухайгаа “Миний болон гэр бүлийн талаар минь ор үндэсгүй худал ташаа мэдээллийг бүх хэвлэл мэдээллийи хэрэгслээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Хэвлэх үйлдвэрийн обьектыг 24 тэрбум төгрөгөөр гадаадын хөрөнгө оруулалттайгаар худалдаж авах байсан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан Монголынхоо ард түмний санал хүсэлтийг хүндэтгэж энэхүү гэрээг цуцлах боллоо” хэмээн тайлбарласан.
12. Мөн Абдул Карим 1998 онд “Угалз Импекс”-ийн байрыг худалдан авснаар өөрийн бизнесийг эхлүүлэн, Монголынхоо хонины ноос, өлөн гэдэс, Монгол гэр зэргийг Англи, Шинэ-Зеланд, Кувейт, Катар, Саудын араб зэрэг орнуудад экспортонд гаргаж Монгол Улсын сурталчилах үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулдаг гэдгээ ч тус захидалдаа бичсэн байв.
13. Ингэснээр Абдул Каримын Хэвлэх үйлдвэрийн хувьчлахаар дэнчин болгосон 710 сая төгрөгийг дуудлага худалдаанд оролцох журмын дагуу улсын орлого болгов.
14. Нийслэлийн Өмчийн харилцааны газар хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах дараагийн саналыг Таван Богд группт тавих аж.
15. Тус газар нь дуудлага худалдааны үеэр хэлсэн 23 тэрбум 850 сая төгрөгөөр хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах санал хэлсэн юм.
16. Хэрэв Таван Богд группээс худалдаж авахаас татгалзах санал ирүүлбэл дуудлага худалдааг дахих зохион байгуулах юм байна.
17. Хэвлэх үйлдвэрийн барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан билээ.
18. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилга нь Засгийн газрын ордны зүүн талд байрладаг бөгөөд 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм.
19. Барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, цаашид ашиглах боломжгүй. Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2698 м2 эзэмшил газартай.
20. Олноо “Хас”-ын хэмээн нэрлэгдсэн “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг тус үйлдвэрийн барилгыг иргэдтэй хамтраад авах санал гаргаж хүмүүсийг эгнээндээ нэгтгээд байсан ч амжилт олоогүй.
21. Харин тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэж, мөнгөө шилжүүлсэн хүмүүст талархал илэрхийлж 20 ширхэг хувьцааг тараах болсноо мэдэгдсэн.
22. "Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдах авах "Хас"-ын Ч.Ганхуягын үйлдлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль бус гэдгийг мэдэгдэв.
23. Абдул Каримын Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах гэрээгээ цуцлахаар болсоны дараа Ч.Ганхуяг түүнд хандаж мэдэгдэл хийсэн нь мөн л олны анхаарлыг татсан.
24. Тэрбээр мэдэгдэлдээ “Хувьчилсан хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх”.... “Газрын дараачийн эзэнд ч мөн адил шаардлага тавигдах ёстой. Энэ нь Монголын өмч хувьчлалын цаашдын ажилд жишиг, шугам болох ёстой гэдэгт би хатуу итгэж байна. Яг одоо Монголчууд бидэнд алдах эрх байхгүй” хэмээжээ.
Б.Энхжин
Сэтгэгдэл (28)