Монгол Улсын Ерөнхий сайд Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар цензургүй ярьсан. Түүний хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Сүүлийн жилүүдэд олгосон хайгуулын лицензийг зогсоож, гэрээ цэвэрлэсэн.
2. Тосон бумын нуруу, Тостын нуруунд 7 аж ахуйн нэгж хайргуулын лиценз эзэмжиж, 2-3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Энэ асуудлыг Засгийн газар авч үзнэ.
3. Асуудал, алдаа мадгаа ардчилал гэдэг талаас нь хүчирхийлэлгүй шийддэг болвол бидний ирээдүй эрүүл нийгэмд өсөн торних болно.
4. Ямар нэгэн болохгүй үйл явдлыг Ерөнхий сайд, Засгийн газартай холбодог моод дэлгэрчээ.
5. "Эрдэнэс таван толгой" ХХК-ний ерөнхий захирлыг би ажлаас нь халаагүй хуулийнхаа дагуу ТУЗ нь шийдсэн асуудал. Гэтэл бүх зүйлийг надтай холбож тайлбарлаад байгаад хачирхалтай санагдаж байна.
6. Монголын эдийн засаг, зах зээл руу зөв мессеж гараасай гэдэг үүднээс Г.Майцэцэгт тусалсан. Татварын 20 сая төгрөг төлөлгүй 2 сая төгрөгийг л төлчихөөд алга болсон учир Г.Майцэцэгийн компанийн дансыг нь хаасан юм билээ.
7. Ерөнхий сайд учраас танхимынхаа сайдыг хоригдчихоод байхад араас нь хөөцөлддөг, шоронгоос хурдан суллуулдаг тийм зүйл, боломж байхгүй.
8. Улс төр, хууль хяналтын байгууллагууд бие биеэндээ нөлөөлөх тусам эрүүл бус улс төр рүү, эрүүл бус тогтолцоо руу явна.
9. Гүйцэтгэх засаглалд ажил хийх бололцоог нь олгож бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажилд нь сонгуулиар дүн тавидаг болох хэрэгтэй. Ер нь засаг огцруулах, сайд огцруулахыг л бид хамгийн мундаг том улс төр гэж ойлгодог болчихсон байна.
10. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулья гэдгийг би дэмжиж байгаа. Энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага гарчихсан, бий болчихсон байна гэж харж байгаа.
11. Бид нам дагасан атамануудтай 25 жил явлаа шүү дээ. Одоо хүн дагасан атаманаа харъя л даа хэдүүлээ.
12. УИХ-ын хуралдааныг бид байнга телевизээр шууд дамжуулдаг учраас асуудалд мэргэжлийн талаасаа хандах бус камерт таалагдах, хүмүүст таалагдах хандлагатай гишүүд олон учраас хууль хийдэлтэй, амьдралаас тасарсан, батлагдсаныхаа дараа хурдан өөрчлөлтүүд ордог болсон.
13. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлыг нэг намын чагтанд оруулахгүйн тулд бүх нийтийн санал асуулга явуулъя гэсэн санал гаргасан.
14. УИХ-ын дарга З.Энхболд бид хоёрын дунд ойлголцохгүй байгаа зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн хувьд ч гэсэн.
15. Засгийн газарт 14 их наяд төгрөгийн өр бий. Гэхдээ энэхүү өр нь гадаад, дотоод, авч буй зээл гээд дотроо 5-6 бүлэг хэсэгтэй явдаг. Бидний хяналт тавьж явдаг хэсэгт 58.3 хувь дотроо авж байгаа. Ирэх онд 55 хувь болж буурна.
16. БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг эргэж үр ашгаа өгөх, бидний өдөр тутмын амьдралд үр өгөөжөө өгөх ажилд ашиглана.
17. Ардаа хувийн компанитай зарим улс төрчдийг би ойлгодоггүй юм. Тэр хүмүүс компаниа томруулж, өөрсдийн бизнесийг өргөжүүлэхийн тулд зээл авдаг мөртлөө Монгол Улсыг зээл авч хөгжүүлэх гэхээр эсэргүүцээд байдаг.
18. Бид бие биенийгээ юу ч хийлгэхгүй байхын төлөө л уралдаж байна.
19. Хөгжлийн банкны асуудлаар аудитын удирдлагууд ямар ч акт дүгнэлт гараагүй гэдгээ мэдэгдсэн. Анх удаа хөгжлийн төлөө босгосон Хөгжлийн банкан дээрээ улс төр хийгээд бие бие рүүгээ дайраад явбал дараа дараагийн засгийн газар, хөгжлийн бондуудад буруу үлгэр дуурайлал, үр дүнгээ өгөх болно. Хөгжлийн банк хууль зөрчсөн асуудал байхгүй. МАН зөвхөн улс төржүүлээд л байх шиг байна.
20. Ирэх онд 14 банкнаас 4.2 тэрбум ам.долларын зээл авна. Монголыг эрсдэлгүй гэж тооцоод ийм том байгууллагууд 4.2 тэрбум долларын санхүүжилтээ хийж байна гэдэг маань сайн мэдээ.
21. Дубайд би ямар ч гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурдаг хүмүүс нь зурдаг. "Оюутолгой" бол улс төрийн, засгийн, парламентын асуудал биш. Оюутолгой руу улс төр бага орох хэрэгтэй.
22. "Рио Тинто"-гоос нэг цент авсан бол би өөрөө хариуцлагаа хүлээнэ. Ер нь ганц "Рио Тинто" баярлаад бид алдаад байгаа зүйл огт байхгүй.
23. Би хотын гэр хорооллоос сонгогдож байсан. Янз бүрийн зовлон бэрхшээлийг зөндөө харсан, тэдний дунд л байдаг. Бид амьдралаас тасарсан хүмүүс биш.
24. Нийгмийн даатгалын тухай хуулийг энэ намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (21)