БАРИМТ 1
“Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг 2015 онд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар /одоогийн Сангийн сайд/ нарын 24 гишүүн санаачилж байв.
БАРИМТ 2
Энэ хүрээнд 2015 оны долдугаар сарын 2-нд УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг баталж, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
БАРИМТ 3
Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг 2016 онд тохиосон билээ. Ойн өдрийг тохиолдуулж орон даяар өргөн тэмдэглэн өнгөрүүлсэн.
БАРИМТ 4
Тогтоолын төслийн хүрээнд 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох, түүний улс төрийн талаар хэлмэгдсэн нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх ажлыг зохион байгуулсан юм.
БАРИМТ 5
Ю.Цэдэнбал нь Монголын төрийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын баатар, БНМАУ-ын маршал байсан.
БАРИМТ 6
Тэрбээр 1940 оноос эхлэн Монголын төрийг 44 жил удирджээ.
БАРИМТ 7
Түүнийг 1984 онд тухайн үеийн төрийн шийдвэрээр ОХУ-д цөлсөн байдаг.
БАРИМТ 8
Түүний хэлмэгдлийг цагаатгах асуудлыг өмнө нь 1990-ээд оноос аймаг орон нутаг, иргэд олон нийт, төр, нийгэм, цэргийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд удаа дараа хөндөж, төрийн дээд шатны байгууллагуудад хүсэлт тавьж байсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрээд байна.
БАРИМТ 9
Харин гэргий А.И.Цэдэнбал-Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны одон, Алтан гадас одонг зохих журмын дагуу буцаан олгожээ.
БАРИМТ 10
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст суманд төрсөн.
БАРИМТ 11
Тэрбээр 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж мэндэлжээ.
БАРИМТ 12
Ю.Цэдэнбал 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн байна. Мөн онд боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ.
БАРИМТ 13
Монгол төрийн нэрт удирдагч байсан тэрбээр 9 жилийн турш Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
БАРИМТ 14
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долдугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ.
БАРИМТ 15
1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажилласан. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
БАРИМТ 16
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд ерөнхий сайд болж 1974 оны зургадугаар сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашжээ.
БАРИМТ 17
1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр томилогдон ажиллажээ.
БАРИМТ 18
Зарим түүхийг гуйвуулагчид Ю.Цэдэнбалыг өөрийн төрсөн Давст уулыг Оросод худалдсан, Орос улсад дагаар орохоор санаархаж байсан хэмээн ярьж бичдэг ч түүхчид няцаасан.
БАРИМТ 19
1984 оны наймдугаар сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргажээ.
БАРИМТ 20
Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад гэрийн хорионд амьдарсан байна.
БАРИМТ 21
Улмаар 1991 онд 75 насандаа Москва хотноо таалал төгссөн юм.
БАРИМТ 22
Нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирж, Алтан өлгийд нутаглуулжээ.
БАРИМТ 23
Түүнийг нутаглуулахад нь төрийн зүтгэлтэн бус цэргийн алба хаагчийн адилаар дэслэгч генерал хэмээн цоллож, Батлан хамгаалах яамнаас гаргаж байсан түүхтэй.
БАРИМТ 24
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд хөшөөг нь босгосон түүхтэй.
Сэтгэгдэл (62)