Төрийн ордон руу гал нээсэн хэргээр шүүхээс 7 жилийн ял авсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр Өршөөлийн хуулиар суллагдаад байна. Тэрбээр шоронгоос гараад цаашид хийх ажил болон нарсанд ямар байсан талаар ингэж ярьжээ.
1. Гараад ирэхэд ажил, ар гэрт задгайрсан зүйл их байж. Ар гэрээ түр орхиод ажлаа шуурхайлахаар хот орж ирлээ.
2. 2013 оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлын араас хүндрүүлэх хэллэгээр “хутга шааж” гүтгэх ажиллагаа давхар хийгдсэн. Хам шинж нь улс төрийн зорилготой байсан байж таараа.
3. Бидний үйлдэл хууль ёсны аргагүй хамгаалалт байсан. Бид гэмт хэрэг үйлдээгүй.
4. “Нэр хугарахаар яс хугар”, “Алдар гутснаас амь тасартугай” гэж өвөг дээдэс маань хэлсэн байдаг. Тиймээс хамгийн түрүүнд цэгцлэх ёстой ажил энэ байсан учраас шоронд байхдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргасан.
5. Ерөнхийлөгчийг улс орны хувь заяаг хариуцаж, тийм үүргийг хүлээж, монголчуудын итгэл найдварыг тээж яваагийн хувьд нуруутай дүгнэлт өгөх болов уу гэж хүлээж байсан. Гэвч болчимгүй зүйлүүд их хийсэнд харамсч байна.
6. Хоригдсон хүний хувьд хууль ёсны хүсэлт гомдлуудыг тавьж байхад гүтгэлэгт итгэж энд тэнд явахдаа мэдэгдэл хийн, үл тоомсорлож, удаашруулан, эсвэл огт мэдээгүй дүр үзүүлж түүнийгээ олон нийтэд “Надад хандаагүй” гэж үнэмшилтэйгээр тайлбарлаж байсан. Давхар гүтгээд байгаа юм. Арай ч дээ, ийм байхад яаж улс орныг авч явах вэ дээ гэсэн харуусал төрж байлаа.
7. Өөрсдийгөө золих, эсвэл тунирхаад ч хэрэггүй. Тунирхаад ойлгохгүй төртэй, түүнийг мэдэх ч үгүй, хүсэх ч үгүй төрийн нэр барьсан хүмүүс дээр байгаа тохиолдолд дэмий бөгөөд илүүц.
8. Цуг явсан нэг бус хүн цаг бусаар явчихсан. Хоригдсон хүмүүсийн ар гэрийнхэн ч өвчинд нэрвэгдэх нь олон удаа тохиолдсон. Тийм үед арга эв олоход хэцүү юм билээ.
9. Хүн ер нь өөр дээрээ зовлон үүрч чаддаг. Сүүлийн үеийн тогтсон хэллэгээр надад “асуудал биш” байсан. Харин дотны хүмүүс хүнд байдалд орж, тэдэнд ачаа очихыг мэдрэх тэр их хэцүү.
10. Би зүгээр. Харанхуй нөхцөлд байсаар нүдний хараа унаж харааны шилтэй болсон. Уг нь би тал нутгийн хүн болохоор хараа сайтай, хууч өвчингүй хүн. Гэтэл харамсалтай нь хараа муудчихлаа.
11. Даралт хөдлөх жижиг сажиг нөхцөл байдалд буюу заримдаа зүгээр байхад эмчлэх гэсэн оролдлого хэдэнтээ хийж байсан. Чадлынхаа хэрээр эсэргүүцэж, шоронгийн эмчилгээг аваагүй.
12. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Шоронд зовоогүй гэж хэлэх ч хаашаа юм. Эрх чөлөөгөө хасуулна гэдэг зовлон.
13. Наранд хүмүүсийн чанарыг ялгахад хүнд байсан бол тэнд харьцангуй амархан
14. Арга дотор билэг, билэг дотор арга буй гэдэг. Түүнтэй адил сайнд муу, мууд сайн багтаж байдаг жамтай. Тиймээс хүний чанарыг ялгах ялгаа тэнд сайн явагдана.
15. Г.Уянга, Ж.Батзандан, С.Ганбаатар нар эргэж очиж байсан. Тэд надад урам зориг өгсөн. Түүнээс гадна газар газраас хүмүүс урам зориг өгч байсан.
16. 7000 гаруй хоригдолд бүгдэд нь өршөөл үзүүлэх хэрэгтэй байсан болов уу. Түүнд цэцэрхэж, хийрхээд аймшигтай үр дагавар мэтээр яриад байх хэрэггүй.
17. Улс төрийн захиалгаар хилсээр ялласан. Цаг хугацаа нь үнэнд гүйцэгдсэн, сайн нөхдийн дэм орсон.
18. Эх орон, газар шорооны төлөө гэсэн сэтгэл надтай цуг тэнгэрт халих хүртэл байна. Магадгүй үргэлжлэхийг үгүйсгэхгүй.
19. Буцаж няцана гэж байхгүй. Тэгэх ч эрх байхгүй. Тэгэхийг хүсдэг хэсэг хүмүүс гарч ирээд одоохондоо эрх мэдэл, мөнгө хоёроор дулдуйдаад чадна, болгоно гээд андуураад явж байх шиг байна. Гэхдээ энэ андуурал удахгүй.
20. Урт нэртэй гэж хуулийн агуулгыг нь булж байгаа заль мэхэнд автахгүй байхыг хичээх хэрэгтэй.
21. Урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавина. Буцна гэж байхгүй.
22. “Хатуу зөөлнийг хэрэглэ” гэсэн үг. Битгий их нялцаганаарай, тэгвэл юу ч биш болно, битгий их хүчрээрэй тэгвэл бас уналтад орно шүү гэж хэлж байгаа юм. Тийм л аргаар бид явсан. Тэмцлийн энэ ажиллагаа бидний ажлын өчүүхэн хэсэг нь.
23. Монголын эрх чөлөөт малчин амьдрал байдаг. Тэнд төрж өссөн хүнд Монголоо гэх бахархал тээгдэж үлддэг. Харин суурин хүмүүсийн хувьд тийм боломж хаагдмал. Гэхдээ тэдний буруу биш.
24. Онги голыг яаж хамгаалж, арчилж, тордож, сурталчилж байгааг хар. Бид хэлдэггүй л болохоос цаана нь олон ажил байдаг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (66)