Сүүлийн үед С.Зориг агсны хэрэг нийгэмд ил гарч олны анхаарлыг татаж эхэллээ. Нэг хэсэг өөр хоорондоо ярьж, битүүхэн санаа алдахаас өөр зүйлгүй байсан нийгэм тэр чигтээ энэ хэрэгт анхаарлаа хандуулж байна.
Хамгийн гол нь С.Зориг агсны эхнэр Д.Булган худал мэдүүлэг өгч байсан нь илэрч баригдсан гэдэг мэдээлэл цацагдсан нь 1998 оны аймшигт өдрийг яахын аргагүй эргэн дурсахад хүргээд байгаа юм.
Тэгвэл бид энэ удаад 24 баримтаараа С.Зориг агсны хэргийн гэрчүүд юу гэж мэдүүлж байсныг хүргэж байна.
1. Уг хэрэгт хэд хэдэн гэрч байсан төдийгүй амьд гэрчтэй ч одоо болтол хэргийн эзнийг илрүүлээгүй. Гэхдээ амьд гэрч гэгдэх Д.Булган өнөөдөр цагдан хоригдож байна.
2. Гэрчүүд нэг залууг харсанаа ярьж, их л учир битүүлэг байсныг мэдүүлж, ам зурагтай таарч байгааг ч тухайн үед хэлж байсан.
3. Эхний гэрч, 1998.09.29-ний өглөө нэг залуу манай гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байсан. Тэр үед би нэг их анзаараагүй өнгөрсөн юм. Өдөр 13 цагийн үед ач хүүгээ сургууль руу нь гаргаж өгөхөд бас л орцны цонхоор ширтээд зогсож байлаа. Одоо бодоход талийгаачийн байрны чигт, чухамдаа тэдний цонх руу ч юм уу, байрны гаднах мод руу цонхоор хараад байсан санагддаг юм. Үүнээс хойш хэд, хэдэн удаа тэр залууг харсан ч хэргийн дараа огт хараагүй.
4. Гэхдээ талийгаачийн хэрэг явдлаас хойш манай хаалгыг шөнө 12 цагийн үед цохих юм уу, хүн асуух явдал гараад л байдаг байлаа. Өмнө нь тэгдэггүй байсан.
5. Тэр их намуухан яриатай, гунигтай ч юм шиг, уйтгартай ч юм шиг тиймэрхүү нүдтэй залуу байсан. Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагvй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктай, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хүн.
6. “С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийн хамсаатан байж болзошгүй” гэж эхний гэрч мэдүүлж байсан.
7. Дараагийн гэрч, тэр хүн миний мэдэхээр, манай энэ хавиар даваа, лхагва, пүрэв гарагт өдөржингөө эргэлдсэн. Түүнийг тэгж удаан зогсоод байхаар нь би, «Чи хэнийхийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар» гэж хэд хэдэн удаа загнахад, «Би хүн хvлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна, хүн хvлээж байгаа юм аа» гэж хэлсэн.
8. Лхагва гарагт би нэлээн загнаж хөөсөн. Дөрөв дэх өдөр намайг хэд хэдэн удаа дөхөхөд шууд л зөрөөд гараад явчихаж байсан.
9. Олон өдөр дараалан зогссон. Мөн манай орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдүгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд гадагшаа хараад, гараа хармаандаа хийгээд зогсдог байсан.
10. Надад тэр залуу Зоригийг алсан болов уу гэсэн сэжиг төрөөд байсан. Учир нь, хэрэг гардгийн орой зурагтаар сэжигтний ам зураг гармагц шууд л нөгөө хүн мөн байна гэж толгойд буусан, тэр тухайгаа гэрийнхэндээ би ярьж байсан.
11. Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргvй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан. Тэр хүний дуу хоолой нь миний чихэнд одоо ч байна. Би харвал шууд танина. Харин би түүнтэй ярьсан хирнээ тэр хvний нүд миний санаанд буухгvй байна, тэр ерөөсөө миний нүд рүү харж яриагvй юм байна.
12. Би тэр залуутай урьд нь ч тааралдаж байгаагүй, тэр хэрэг явдлын дараа ч дахин тааралдаагүй.
13. Зоригийн оршуулгаас хэд хоногийн дараа, 49 хоногоос нь өмнө Д. Булганы гадаад паспортыг цагдаа хураагаад авчихсан, боломжтой бол гадагшаа явчихмаар л байна, хүний паспортоор ч хамаагүй явчихмаар байна гэсэн байсан. Бүр юм хумаа боогоод, бэлдээд тавьчихсан байсан гэдэг.
14. Би тэр хүнийг Зориг агсныг алсан этгээд мөн гэж баттай хэлж чадна.
15. Гэрч 3 буюу аптекийн худалдагч, тагтан дээр эрэгтэй хүн цаашаа хараад өдөржин зогсохоор нь гайхаад дүүтэйгээ хамт хэд, хэдэн зүйл асуусан.
16. Орой манай дүү охин, «Хөөе, нөгөөдөх чинь тэндээс ийшээ гүйж байна» гэж хэлсэн. Тэр талийгаачийн байрны зүүн урд байдаг цэцэрлэгийн тэндээс манай байшингийн баруун өнцөг рүү гүйж байсан. Тэгээд би орой 19 цагийн үед аптекаа хааж байхдаа харсан чинь тэр залуу манай байрны баруун захын орцны өмнө зогсож байсан. Түүнээс хойш дахиж хараагүй.
17. Зоригийг алсан гэх хүний эрэгтэйнх нь анхны ам зурагтай их төстэй хүн байсан. Адилхан юм шиг санагдаж байлаа. Харин үс нь арай өөр харагдаж байсан. Тэр залуу 169-170 орчим см өндөртэй, эрэгтэй хүний, задгай энгэртэй тэмээний ноосон цамцтай, хар бараан өнгийн брюкэн өмдтэй, жижигхэндүү үстэй, үсээ зүүн гар тийшээ налуулж самнасан, ерөнхийдөө, нарийн хэлбэл, гонжгордуу, зууван царайтай, царайлаг биш, том биш жартгайдуу нүдтэй, харц нь айхавтар муухай сэтгэл сэвтээхээр биш, нүдний шилгүй, овойж товойсон булчин, шөрмөсгүй, ганган биш, навсгар ч бас биш, том биетэй гэж хэлэхээргүй, 67-68 кг жинтэй болов уу гэмээр, насны хувьд 32-33, сайндаа л 35 настай, сахалгүй, үсэрхэг хүн биш, айхавтар айлгахаар төрхгүй, тийм содон бус хүн байсан.
18. Би Эх нялхсын төвд талийгаачийн гэргий Булгантай хамт ажиллаж байсан. Би Булганыг муу хэлэхгүй, ямар ч байсан аягүй цайлган, хамаагүй инээж хөхөрсөн, угаасаа их темпераментный хүн. Тэрнээс биш муу санаатай юм бол байхгүй дээ.
19. Булганыг хүмүүс халамж нь ихдээд нөхрөөс салдаг, бүр дэндүү, эрэгтэй хүнийг залхтал нь халамжилдаг хүн гэж ярьцгаадаг байсан.
20. Эцэст нь гэж хэлэхэд, алуурчид хэргээ гүйцэлдүүлээд гэрээс нь гараад шатаар уруудан гүйж байхыг харсан хоёр залуу байдаг. Гэвч нэг нь аймшигтайгаар амиа алдсан.
21. Орцны өмнө хоёр алуурчныг гарч ирэхэд нэгийг нь таниад “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан нэгэн буюу “маш чухал гэрч” одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан.
22. Хоёр алуурчныг харсан, бас тээвэрлэсэн байж болох таксины жолооч мөн сураг алдарсан. Тухайн үед цагдаа нар тээвэрлэсэн жолоочийг олсон гэж шуугиулж байсан ч төдөлгүй нам гүм болсон юм. Амьд үхсэн алин болохыг мэдэхгүй.
23. Эхний ам зураг.
24. Дараагийн ам зураг.
Амьд гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй байгаа вэ. Алуурчинтай нүүр тулсан хаалга тайлсан, үг сольсон дуу хоолойг нь сонссон. Аллага болох үед амаа боолгосон ч чихээрээ бүхнийг сонсож байсан Б.Булганаас юм гарна шүү л гэдэг.
Д.Дуулим
Сэтгэгдэл (37)