Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцроод яг нэг жил болж байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы индэрээс ингэж хэлж байжээ. Түүний албан тушаалаасаа буухынхаа өмнө хэлсэн үгийг “24 баримт” онцолж байна.
1. Итгэл найдвар, шинэчлэл өөрчлөлтийн төлөөх зүтгэл минь хамт олон, ард түмний дэмжлэгтэйгээр хүндхэн цаг үед бас боломжийн үр дүн, бодит бүтээмжтэй байлаа.
2. Огцор гэж сөрөг хүчин шаардсан. Огцроход шалтгаан хэрэгтэй. Хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн үндэслэлгүй, бодлогогүй тэмцэлд ганхаж тогтворгүйтэх юм бол ард түмний язгуур эрх ашигт шууд харшлахуйц, хариуцлагагүй үйлдэл болно.
3. Эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байснаа 6.3 хувь боллоо гэж сөрөг хүчин шүүмжилж байна. Тэгэхдээ 17.3 хувийн тал хувийг Оюу толгойгоос орж ирэх мөнгө бүрдүүлж байсан. Айлаас эрэхээр авдраа уудал. Гаднаас эрэхээр өөрснөө хөдөлмөрлө, монголдоо бүтээцгээе, хийж болох юмаа өөрснөө хийе гэсэн энэ зорилтын хүрээнд өөрийн гэсэн эдийн засгийн өсөлт бий болж байгаа юмаа. Хоосон тоогоор хөөцөлдөж хэрэггүй ээ.
4. Засгийн газар, УИХ-ын хяналтгүй 7 их наяд орчим төгрөгийг тооцоо судалгаагүй, бодлогогүй зарцуулсан их хөрөнгө улс орны эдийн засгийг өвчлүүлснийг олон улсын хөндлөнгийн байгууллага дүгнэлээ гэсэн. Энэ бол худлаа. Дэлхийн банк 2010 оны, 2014 оны 10 сард хийсэн илтгэлдээ Монголын төсвөөс гадуурх зардал нь бол эдийн засгийн өсөлтийг бууруулах биш харин ч олон улсын зах зээлийн яг эрдэс баялгийн үнэ унасан ийм гадаад орчны ихээхэн таагүй нөхцөл байдалд эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл болжээ гэж дүгнэсэн.
5. Монгол Улсын гадаад дотоод өрийн үлдэгдлийн ДНБ-нд эзлэх хувийг Олон улсын валютын сан, Дэлхийн банкны шинжээчид тооцож үзээд дундаж гэсэн ангилалд оруулсан.
6. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай сангийн хууль, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгох хуулиудыг баталж, зарим хориглогдсон байсан хуулиудыг бол цуцалсан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэж байна.
7. Шинэчлэлийн Засгийн газар өмнөх засгийн газрынхаа тавьсан 2 их наяд 600 тэрбум төгрөгийн өрийг төлөөд байна. Тэгэхдээ өмнөх Засгийн газраас үлдсэн бүх өр төлөгдсөн үү гэвэл төлөгдөөгүй. Одоо 500 тэрбум төгрөгийн өр үлдэж байна. Дандаа л юмыг еэ, еэ, бөеө болохгүй байна гэж хэлдгээ боль л доо. Хамтраад бид нар ард түмэндээ амлачихсан, хэлчихсэн, өгчихсөн, өгч чадаагүй өчнөөн өр зээл байна аа. Энийг чинь бас нэг чардайгаад бид нар нэг юм төлөөд яваад байна аа.
8. Бидний зээлсэн 4 гаруй их наяд төгрөгийг яаж төлөх юм бэ. Энэ мөн аймгуудын зам, станц, цементийн үйлдвэр, гурилын үйлдвэр, гутлын үйлдвэр ийм хэмжээний дандаа ноосны үйлдвэр, ноолуурын үйлдвэр гэх шинжтэй төслийг дэмжсэн арга хэмжээнд энэ зээлүүд явж байгаа. Тийм хоёр эх үүсвэрээс энэ мөнгийг төлнөө.
9. Өнөөдөр энэ хэмжээний мөнгөөр нь юм босгочих юмсан, бүтээчих юмсан, хийчих юмсан, овоолгочих юмсан, оцойлгочих юмсан, шовойлгочих юмсан гэсэн ийм л хүсэл тэмүүллээр шинэчлэлийн Засгийн газар ажилласан. Үнэхээр ч яаж ч одоо муулаад нүдэнд бол харагдаж байгаа юмаа.
10. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс гэж өөрснөө ярьж байгаа. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа засаг хүртэл байгуулж, зүтгэсээр өнөөдөртөө золголоо. Гэвч яг өөрсдийнхөө бодож, хүсэж, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу, үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг бас ирж байгаа юм байна. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг. Найзынх нь ажлыг өгүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг эрх мэдлийн төлөөх шунал ардчилсан улсад байж болохгүй.
11. Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлдсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд бас хэрээс хэтэрлээ. Өөрийнх нь харалган зорилго л бүтэж байх юм бол өрсөлдөгч нартаа, өрсөлдөгч нарыгаа зохиомол хэрэгт унагаадаг, гүтгэн доромжилдог, нийгмийн шаар шавхруу болгох увайгүй үйлдлүүд хэвийн үзэгдэл мэт боллоо.
12. Хамгийн харамсалтай нь монгол хүний уугуул мөн чанарт хэзээ ч байгаагүй, энэ мэт ёс бус үйлдлүүдэд нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шударга ёсыг тогтоох ёстой хууль хүчний байгууллагууд улс төржиж, буруу зорилготой хүмүүсийн гар хөл болж байна.
13. Би өнгөрсөн 2 жилийн хугацаанд гүтгэлэг доромжлолыг хангалттай амссан. Дуугуй байна аа гэдэг нь би доройдоо дуугуй байсан юм бишээ. Гагцхүү би монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл, хов живтэй хутгаж бохирдуулахыг би хүссэнгүй учраас хүлцлээ, тэвчлээ.
14. Бид төрт ёсоор, төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү. Ёс зүй, хэм хэмжээ гэдэг бол монгол төрийн дархлаа юмаа. Бид Монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой шүү.
15. МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм. МАН түмний төлөөлөл гэдгээ л умартаж, төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй. МАН ард түмний дайсан бол АН гэж сурталтдаг байж хэрэггүй. МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ. МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ. МАН төрийн төсвийг намын түрийвч болгодог байж болохгүй ээ. МАН ард түмний хөрөнгөөр Ардын нам гэсэн хаягтай байшин барилга барьж, өмчилдөг байж болохгүй ээ. МАН хийж бүтээхийг хөшөө барих гэж ойлгодог байж бас болохгүй ээ. МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж болохгүй ээ. Тайван бай.
16. Эдгээр дутагдлаа ойлгон ухамсарлаж, эх орныхоо язгуур эрх ашгийг улс төрийн ашиг хонжооныхоо өмнө тавих болсон тэр цагт хамтран ажиллахад бэлэн байгаагаа би хувь хүнийхээ хувьд илэрхийлж байгаа.
17. Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл, доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийгдэж байгаагүй олон бодит ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ.
18. Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа гэхэд бид нар 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдож, аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг оношилгооны төв, дэд бүтцийн асуудлууд нь бүрэн шийдэгдсэн тохилог орчинд амьдарч, монголчууд бид өөрсний хэрэгцээнийхээ нэлээдгүй хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болноо.
19. Төрийн үйлчилгээ улам шуурхай, нээлттэй болж, төмөр замын бүтээн байгуулалт саадгүй үргэлжилж, шинэ нисэх буудал, цахилгаан станцууд ашиглалтад орно оо. Монголчууд хоёр хөршөөрөө дамжиж далайд гарцтай болж, дэлхийн хамгийн том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр хөршөө холбосон транзит тээврийн сүлжээтэй болох ажлуудын бодит эхлэл бас тавигдаад байгаа.
20. Монгол бол найрсаг гадаад харилцаа, нээлттэй чөлөөт эдийн засаг, шавхагдашгүй байгалийн асар их баялаг, эрх чөлөөт ардчилсан засаглалтай ард түмэн. Монгол бол хөгжлийн зам дээр нэгэнт гарч, хүн төрөлхтний эдийн засгийн гол тоглогч болох нөхцөл боломж нь дүүрэн бүрдсэн ард түмэн.
21. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн 3 зүйл дээр анхаарах ёстой. Монголчууд бид нэн яаралтай өөрийнхөө монгол үндэстний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээрээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болох энэ ажлыг бид хийнээ.
22. Бид эх орноо хөгжил дэвшил, хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажилланаа. Миний бие монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлын ердөө хагас нь л хийгдлээ.
23. МАН-ын одоо санаачилсан энэ 4 үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсэж байна аа. Бидэнд цаашаа хийх ажил зөндөө их байна. Дотроо хэл амаа ололцоод явах өргөн дүүрэн боломж байна аа. Тэрийгээ нам дотроо, эвсэл дотроо яриад шийдэж чаднаа гэдэгт би итгэлтэй байна аа.
24. Ард түмний язгуур эрх ашиг гэж юу юм бэ. Эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөн дээр суурилсан нийтлэг үнэт зүйл ирээдүйд итгэх итгэл юмаа. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болноо.
Т.Хулан
Сэтгэгдэл (12)