Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчилж цагдан хориод байна. Олны анхаарлыг татаад буй уг үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг 24 баримт булангаараа багцлан хүргэж байна. Түүнийг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын баруун гар гэгддэг билээ.
1. Энэ сарын 30-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилсан.
2. Одоо тэрбээр Зайсангийн хорих ангид саатуулагдаж байна. Цагдаагийхан эхний ээлжинд түүнээс байцаалт авах аж.
3. Түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, 1661 буюу Мөнгө угаах гэх зүйл заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
4. Түүнтэй хамт Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Ёлыг баривчилсан. Тус компани нь Ухаа-Худаг Гашуун сухайт чиглэлд зам тавихаар шалгарсан юм. Б.Батзаяа нь Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр тус компанийг шалгаруулж орхисон байх магадлалтай аж. Олон сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хээль, хахуул авлигын хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн сэжиглэхэд хүргэжээ.
5. “МТЗ” ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан З, “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б нарыг Б.Батзаяатай хамт цагдан хорьжээ.
6. Б.Батзаяаг баривчилсан даруйд нэг хүн сандарч эхэлсэн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга байв.
7. Тэр бүр ил гараад байдаггүй УИХ-ын гишүүн Х.Баттулга уг баривчилгаатай холбоотойгоор өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ битүүхэндээ Батзаяагийн баривчилгаа нь Төмөр замын асуудалтай холбоотой гэх мэдээллийг өгөв. Х.Баттулга гишүүн “Тавантолгойн ордтой холбоотой асуудлаар цааш цаашдаа асуудал хөвөрч гарах болов уу гэсэн бодолтой байна. УИХ-аас 2010 онд Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталсантай холбоотойгоор эсрэг тэсрэг байр суурь тулгарч эхэлсэн. Тийм учраас зохион байгуулалттайгаар хөврөх болов уу” гэж хэлсэн юм.
8. Төмөр замын бодлого батлагдаж эхэлснээс хойш төмөр замын нарийн царигаар баялгийг зөөх бүлэглэлтэй тулсаар өдийг хүрсэн. Үүнээс үүдэлтэй. Намайг Зам тээврийн сайд байхад Засгийн газрын тогтоол гарсан, УИХ-ын шийдвэр гарсан. Төмөр замыг барь гэсэн. Тогтоолын дагуу ажил хийсэн мөнгө өгөөгүй. Баялгийг хэн хаашаа зарцуулахтай холбоотой юм яваад байгаа. Хэн нь баялгийг барьж эрх мэдэлд удаан суух вэ гэдэг тэмцэл явж байна гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн хэлэв.
9. Х.Баттулгын тодорхойлолт: Б.Батзаяа бол зарчимтай хүн, А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна гэж тэрбээр багийнхныгаа дүгнэв.
10. Х.Баттулга гишүүн “Намайг ч бас шалгана” гэж хэлэв. Тэгэхээр хуулийн байгууллагынхан түүнийг удахгүй шалгаж эхлэх нь. Түүнийг мэдээд тэрбээр түрүүлж хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн бололтой.
11. Улс төрийн хүрээнийхэн уг хэргийг Х.Баттулгыг унагах гэсэн “Алтангадас” фракцийн хийж буй үйлдэл гэж ярьж байна. Бүр фракц хоорондын дайн гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
12. Тавантолгойн төслийг ахин оруулж ирэхэд З.Энхболд, Х.Баттулга дахин саад болгохгүйн тулд Б.Батзаяаг баривчиллаа гэх таамаг ч хөвөрч эхэллээ.
13. Б.Батзаяаг баривчилсны дараахан Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаа мэдэгдэж, яаравчлав. Яаравчлахын цаад учир нь З.Энхболд болон Х.Баттулга нарын хүссэнээр Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхгүй гацах вий гэсэн болгоомжлолтой холбоотой гэх мэдээлэл байна. Тавантолгойн нүүрсийг төмөр замаар зөөнө. Харин төмөр зам нь нарийн, бүдүүн царигтай байхын аль нь ч тодорхойгүй байгаа юм.
14. 18-р дунд сургууль, Удирдлагын академийг төгссөн.
15. Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй.
16. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.
17. Б.Батзаяа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын ганц эмэгтэй дүүгийнхүү юм байна.
18. Цагдаагийн тусгай тасаг, Төрийн тусгай хамгаалалтын газарт ажиллаж байсан.
19. 1999 оноос мэргэжлийн бие хамгаалагчдыг бэлтгэдэг Олон улсын холбоонд элсэж, бүх шатны сургалтуудыг нь дүүргээд, олон улсын сургагч багш болсон.
20. 2000 онд гэрээт харуулын компани байгуулж, “Женко” болон түүний охин компаниудын хамгаалалтыг хариуцах болжээ.
21. JCI байгууллагын гишүүн, 2011 онд үндэсний ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ.
22. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан. Тэд дотно харилцаатай. Б.Батзаяа ч өөрийгөө Х.Баттулгын хүн гэдгээ бүр эхнээсээ нуугаагүй ба хожим нийтлэлч Б.Ганчимэгт ярилцлага өгөхдөө, “Би Монголд их зүйлийг бүтээсэн, бас илүү ихийг бүтээх Х.Баттулгын багийн гишүүн. Би энэ хүнтэй ах дүүгийн ёсоор 15 жил сайхан нөхөрлөж явна” гээд түүнийг макро төвшинд сэтгэж, асуудлыг өргөнөөр харж чаддаг улстөрчдийн нэг гэж үздэг. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын, дараа нь Зам тээврийн Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын аль алинд Х.Баттулга гишүүний санал болгосны дагуу ажилласан” гэж ярьжээ.
23. 2009-2012 оны хооронд Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан. Тухайн үед “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд хүссэнээ хийлгэх замаа заслаа” гэсэн хэл ам дэгдэж байлаа. Энэ үед Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байв. Б.Батзаяа нь Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа алдарт нууц гэрээг үйлдсэн гол эзэн болсон юм.
24. Б.Батзаяа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягаас удаа дараа сануулга авч, эцэст нь ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаасаа нь чөлөөлөгдсөн юм. Харин тэрбээр өөрийг нь хууль бусаар ажлаас халсан хэмээн шүүхэд хандсан билээ. Энэ үед тэрбээр Монголд ажилладаггүй вагон зүтгүүрийг өндөр үнээр авсан гэх хэрэгт орооцолдож байсан.
24tsag.mn
Сэтгэгдэл (43)