Сүүлийн өдрүүдэд Нийслэлийн ИТХ дахь МАН-ынхан болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн дунд ширүүн маргаан болж байна. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг өргөн барьсан. Харин Э.Бат-Үүл дарга хариу мэдэгдлийг хийлээ. Тэр юу гэж хэлэв. Түүний хэлсэн үгийг 24 баримт онцолж байна.
1. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажил өрнөөд байна.
2. Намайг Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн, гүжирдэж байгаа юм.
3. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм. Би Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана.
4. Энэ гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна.
5. Манай хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй.
6. Долоон сая төгрөгөөр утсаар ярилаа гээд шуугиад байгаа. Тэр мөнгө иргэд хүлээн авах төвийн зардал.
7. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг.
8. Тухайн үед улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр өөрийн биеэр очоод өөр компани сонгооч ээ гэж уулзаж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнд байсан. Харин иргэд хүлээж аваагүй. Бид сонгосон танд хамаагүй ээ гэж хэлж байсан.
9. Ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар би өөрөө АТГ-т хандсан. АТГ-аас тухайн үед хүсэлтийн дагуу шалгалт явуулахад зөрчилгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг.
10. Намайг огцруулахаар өргөн барьсан МАН-ын бичиг тэр чигтэй гүжирдэл, гүтгэлэг байсан. Тэнд бичигдсэн мөнгөн дүнтэй тоо бүгд худал гэдгийг албан ёсоор хэлье.
11. Нийслэл Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад манлайлан хэрэгжүүлж байгаа. Бүх юм нээлттэй илт тод болсон энэ үед ийм гүтгэлэг хийж байгаа нь санаатай үйлдэл гэдгийг дахин хэлэхийг хүсч байна.
12. Хорлоод ч байгаа юм шиг, тоглоод, шоглоод ч байгаа юм шиг үнэндээ байж суух газраа олохгүй л байх шиг, Ардын намынхан.
13. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хувьд барилгын компаниуд хөрөнгө мөнгө байхгүйгээс ажил зогсчихоод байна. Өнөөдөр угаалгаад байх мөнгө хаана ч байхгүй.
14. Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хотын удирдлагууд мөнгө угааж байна гэдэг нь том төсөл, бодлогыг гутааж байгаа хэрэг.
15. Өмнө нь МАН хэзээ ч ингэж аль нэг хүний, хүчний эсрэг улайрч тэмцэж байгаагүй. Гэтэл одоо шатаж байна шүү дээ.
16. Үнэхээр атаархаж хорсч байна. Учир нь тэднээс нийслэлчүүд “Та нар урьд нь асуудлуудыг яагаад ингэж шийдэж байгаагүй юм бэ” гэдэг асуулт тавибал юу гэхээ мэдэхгүй улалзах учраас өнөөдөр бидний хийж байгааг юу ч байсан хамаагүй гутаан доромжилж байна.
17. МАН-ынхны шээс нь гоожих дөхсөн учраас сөрөг зүйлс явуулж байна.
18. МАН-ынхан ерөн жилийн турш нийслэлчүүдийг удирдаж байлаа шүү дээ. Бид засаглаж байх хугацаандаа зам барих дээд амжилтыг тогтоолоо. Хүй долоо хоногийн худгийн 8.2 км замыг 22 хоногийн дотор тавьсан. Социализмын үед ингэж байгаагүй.
19. Хүмүүс хийж болдог л юм байна гэж хоорондоо ярилцаж байна. Тийм учраас л МАН-ынхны шээс нь гоожих гээд сөрөг мэдээлэл, элдэв гүжир гүтгэлэг цацаад амь тэмцэж байна.
20. Сая цас орох өдөр Нийтийн тээврийнхэн урьдчилж мэдэгдэлгүйгээр гэнэт ажил хаяхад МАН-ын төлөөлөгч нэг нөхөр дунд нь хутгаад л гүйж байна. Тэр нөхөр бусдад ямар хохирол учрах вэ гэдгийг боддог байгаа даа. Тэр хүн өмнө нь нийтийн тээвэрт ажилалж байсан. Тэгэхдээ нийтийн тээврийг сайжруулахгүй яасан юм бэ.
21. Иргэдээ бодохгүйгээр өөрсдийнхөө өчүүхэн эрх ашгийн төлөө бусдыг хохироож болохгүй. Ийм хүмүүс байгаа нь харамсалтай.
22. Дотуур байранд боорцог булаацалдаж байгаа хүүхдүүд шиг л байх юм. Том зорилгогүй улс төр хийж, өөрийгөө бодож байгаа хүмүүс ийм л байх юм даа. Муу, улс төрч, нүгэлтэй лам хоёр яг адилхан.
23. Би даргын хувьд хүүгийхээ компанид газар өгөөгүй. Хэрэв тэгсэн бол адгийн ёс зүйгүй. Иргэд нь шийдэж, иргэд газар дээрээ бариулна гэсэн.
24. Би бүх үйл ажиллагаагаа ил тод байлгахыг тэднээс шаардаж, тэд ч ил тодоор ажлаа явуулсан. Харин сөрөг хүчнийхэн маань үүнийг зуудаг нохой шиг л хав зуусан. Буруу талаас нь тайлбарлаад эхлэхээр үүн шиг сонирхол татах асуудал байхгүй болж хувирсан. Эцэстээ ашиг сонирхлын зөрчил гэдгээд ойлгогдох болсон доо.
24tsag.mn
Сэтгэгдэл (131)