Манай улсад төрийн айлчлал хийж буй ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукын талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук манай улсад төрийн айлчлал хийж байна.
2. Айлчлал энэ сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжилнэ.
3. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нь 1940 онд Росток хотод төржээ.
4. Тэрбээр дунд сургуулиа төгссний дараа шашин судлалын мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.
5. Иоахим Гаук 1965 - 1990 онд Мекленбург мужийн Эвангелийн Лютераны сүмд лам байсан нэгэн аж.
6. Тэрбээр 1989 онд “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан бөгөөд тус хөдөлгөөний Росток хот дахь хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв.
7. Мөн Зүүн Германд коммунизмын эсрэг тэмцэж, Христийн шашныг дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байжээ.
8. “Alliance 90” хөдөлгөөнөөс 1990 онд Зүүн Германы парламентад сонгогдсон.
9. Засгийн газрын саналыг үндэслэн Холбооны Ерөнхийлөгчийн томилсноор 1990 оны 10 дугаар сарын 3-нд БНАГУ-ын Аюулаас хамгаалах албаны архивыг хариуцсан Тусгай үүрэгт комиссараар томилогдсон. 2000 он хүртэл тус албайг хашсан.
10. 2001 – 2004 онд Вена хотноо төвтэй “Арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын Төвийн Удирдах зөвлөлд Герман Улсыг төлөөлсөн гишүүн байв.
11. 2003 онд “Мартахын эсрэг, ардчиллын төлөө” нийгэмлэгийн даргаар сонгогджээ.
12. 2012 оны 3 дугаар сарын 18-нд ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
13. Германы Канклер Ангела Меркель: Иоахим Гаук бол “Ардчиллын жинхэнэ багш, эрх чөлөө шударга ёсыг цуцашгүй өмгөөлөгч” юм хэмээн тодорхойлжээ.
14. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нь “Коммунизмын хар ном”, “Эрх чөлөө” зэрэг хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах утга бүхий ном бичсэн байна.
15. “WSJ” сонин түүнийг Гаук бол ардчиллын төлөө тэмцэгч, сүүлчийн үнэнч удирдлагчдын нэг хэмээн тодорхойлж байжээ.
16. Түүний хувьд энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал аж. 1990 оноос хойш Монгол Улсад айлчилсан ХБНГУ-ын гурав дахь Ерөнхийлөгч юм байна.
17. Тэрээр Теодор Хойссын нэрэмжит одон (Theodor Heuss Medal), Ах дүү Шоллийн шагнал (Geschwister Scholl Prize), Европын хүний эрхийн шагнал, Людвиг Бёрнэгийн нэрэмжит шагнал (уран зохиолын салбарын шагнал)-тай. Мөн Росток, Йена, Аугсбургийн их сургуулиудын Хүндэт доктор аж.
18. Иоахим Гаук 2012 оны гуравдугаар сард Холбооны Ерөнхийлөгч болсныхоо дараа хамгийн түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх орондоо айлчлахыг урьж байсан нь
тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан юм.
19. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукын гэргийг Даниела Шадт гэдэг аж.
20. Гаук сэтгүүлч болох мөрөөдөлтэй байсан ч сүмийн лам болжээ.
21. Тэрбээр айлчлалынхаа үеэр "Миний айлчлалын үр дүнд манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа улам бэхжин гүнзгийрэх завшаан тохиож байгаад би туйлын баяртай байна" хэмээсэн.
22. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Манай хоёр орны ард түмний ирээдүйн хамтын ажиллагааг баталгаажуулахын тулд шинжлэх ухааны судалгааны салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь бас их чухал юм. Монгол Улсын ШУА, Германы шинжлэх ухааны “Лайбниц” нийгэмлэгтэй хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныг сайшааж байна.
23. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Хоёр талын улс төрийн харилцааг өндөр үнэлж, нэн ялангуяа энхийг сахиулах үйл ажиллагааг өндөр үнэлж байна. Бодитой жишээ дурдвал Монголын Зэвсэгт хүчний баг Германы Зэвсэгт хүчний багтай хамтран Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байна.
24. ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук: Монголчууд эрх чөлөө, ардчиллыг дээдэлж, түүний төлөө тууштай тэмцэж байгаад нь хүндэтгэл үзүүлэх нь зохистой юм. Цаашдаа та бүхний замнах замд Герман Улс дэмжлэг үзүүлсээр байх болно.
Б.Энхжин
Сэтгэгдэл (5)