Шүүхийн ерөнхий зөвлөл Ц.Баасандорж өмгөөлөгчийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өргөдөл өгсөн.
Энэ талаар хуульч О.Алтангэрэлийн өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Хүн ямар нэгэн хэрэгт холбогдохоос эхлээд мөрдөн байцаагч, прокурор, шинжээч, цаашлаад шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд маш олон шат дамжлагаар дамждаг. Энэ дунд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийг зөрчигдөхөөс сэргийлдэг мөртлөө ямар нэгэн эрх мэдэл эдэлдэггүй субъект гэвэл ганцхан өмгөөлөгч.
2. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал ямар байгаагаас тухайн орны хүний эрхийн төлөв байдлыг мэдэх боломжтой байдаг.
3. Эрүүгийн хууль чангатай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаандаа өмгөөлөгчийн эрхийг хязгаарладаг улс орнууд нь дарангуйлагч орнууд байдаг юм.
4. Сүүлийн үед өмгөөлөгч нарын тулгамдаад байгаа асуудал Ц.Баасандорж өмгөөлөгч дээр тод ажиглагдах боллоо. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн талаар юм л бол цагдаа тайлбар авлаа, шалгуулж байна гэдэг. Хамгийн сүүлд гэхэд шүүхээс цагдаад өргөдөл гомдол гаргаж цагдаад шалгуулж байна гэх мэдээлэл гарсан. Үүнд хуульч, өмгөөлөгч хүнийхээ хувьд сэтгэл эмзэглэж хүлээж авсан.
5. Манайд хууль тогтоомжтой холбоотой алдаа дутагдал их байгаа нь үнэн.
6. Хуулийг буруу хэрэглэж байгаа тохиолдол бүр их байна. Социализмын үед хүн өмгөөлснийхөө төлөө Тев аймгийн шоронд сууж байсан Яримпил өмгөөлөгч болон өнөөдөр хүн өмгөөлснийхөө төлөө хэрэг үүсгэгдээд цагдаад шалгагдаад явж байгаа Ц.Баасандорж хоёрын хооронд 30 гаруй жилийн зай байгаа боловч манай хууль эрх зүйн систем хүний эрхийг хамгаалах тал дээр хэрхэн явж байна вэ гэдэг тод харагдана.
7. Хэдэн жилийн өмнө би ч гэсэн 14 хоног хоригдож байсан. Намайг өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө шүүх 14 хоног хорих ялаар шийтгэж, үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг хязгаарлан хааж байсан.
8. Монгол Улсад өмгөөлөгч хүн ажлаа хийх бололцоо байна уу гэдгийг эргэж хармаар байна. Энэ бол Л.Гансүхийн хэрэгтэй огт хамаагүй зүйл. Зөвхөн Ц.Баасандорж өмгөөлөгчийн ажлаа хийсний төлөө буруутгагдаж байгаа асуудлыг ярьж байгаа юм шүү.
9. Хүнийг хэрэгт орж, хамгийн их ядарч явах үед хажууд нь өмгөөлөгч л байдаг. Өмгөөлөгч гэдэг бол хүний эрхийг хамгаалдаг хүн гэсэн өнцгөөс харах хэрэгтэй байна.
10. Хүмүүс Ц.Баасандоржийг Л.Гансүхийн өмгөөлөгч гээд л дайраад байгаа юм. Тэр хүн өмгөөлөгчийн ажлаа л хийсэн шүү дээ. Ц.Баасандоржийг мэргэжил нэгт хүний хувьд өмнө нь хэд хэдэн хэрэг дээр хүн өмгөөлж байхыг харж байсан. Тэр хүний төлөө сэтгэл гаргаж чаддаг. Өмгөөлөгчөөр нь ажиллаад эхэлсэн бол дуустал нь явж чаддаг. Хүнийг их бага, мөнгөтэй мөнгөгүй гэж ялгаварлаж харилцаад байдаггүй. Хүчний өмнө зусардаад байдаггүй сайн талтай өмгөөлөгч гэж харж байлаа.
11. Шүүх хурлыг үзсэн хүн болгон нэг зүйлийг ажигласан байх. Өөрийнхөө зорилгын төлөө, үйлчлүүлэгчийнхээ төлөө эцэст нь тултал явж чадах, өмгөөлөгч хүнд байх ёстой хамгийн чухал чадвар байгааг Ц.Баасандорж харуулж чадсан. Энэ нь ямар ч сурах бичиг болон ном, эрдмийн зэрэг цолноос илүү өмгөөлөгч хүнд байх ёстой чадварыг тод харуулж, хамгаалж чадсан.
12. Хүн болгоны нүдэн дээр ил байгаа баримтыг өмгөөлөгч “Энэ ийм зүйл болсон юм биш үү” гэж тавьсныхаа төлөө өнөөдөр хэрэг үүсгэгдээд явна гэдгийг зөвшөөрөхгүй байгаа.
13. Бодит амьдрал дээр юу болсноос эс шалтгаалаад үүссэн нөхцөл байдал дээр анализ хийгээд өмгөөлөгч хүн шүүгчээс татгалзах бүрэн эрхтэй.
14. Ийм үндэслэл тавьж шүүхээс татгалзсаны төлөө Ц.Баасандоржид ямар нэгэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол үүнийг эсэргүүцэх зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хуульчид олдоно гэж бодож байна.
15. Л.Гансүхийн шүүх хурал дууссаны дараа Прокурорын газраас удаа дараа Л.Гансүх яагаад буруутай талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байна лээ. Харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.Баасандорж өмгөөлөгч сэтгүүлч нарт ярилцлага өгснийг нэг ч удаа хараагүй. Хуульч хүний ёс зүй гэж ийм байдаг. Шүүхийн шийдвэр гарсны дараа хэн нэгэн этгээд буруу шийдвэр гаргачихлаа гэж хэлж болдоггүй. Нэн ялангуяа хуульч хүний ёс зүйн хувьд шүүхийн шийдвэрийн зөв бурууг ярьдаггүй. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байлаа ч гэсэн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гомдлоо гаргаад л явдаг болохоос биш олон түмний өмнө тэр нь зөв, энэ нь буруу гээд явдаггүй юм.
16. Яагаад прокурор Л.Гансүхийн хэргийг онцолж ярих болов. Бусад олон мянган хэргээс онцолж Л.Гансүх буруутай, өмгөөлөгч Ц.Баасандорж буруутай гэж ярих болов. Энэ бүгдээс харахад улс төрийн зорилготой яригдаад байгаа нь үнэн юм биш биз дээ. Дараагийн шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх гэж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна.
17. Хуульчид бид болж байгаа зүйлийг энэ болж байна гэж ярьдаг. Болохгүй байгаа зүйлийг шүүмжилж байж урагшаа явна. Хэрвээ энэ байдлаараа Ц.Баасандорж гэх өмгөөлөгч залууг АТГ, прокурор, шүүхээс хэлмэгдүүлэх, мэргэжлийн дагуу үйл ажиллагаа явуулсных нь төлөө буруутгах гэж байгаа бол олон хуульч зүгээр суухгүй. Бид байр сууриа илэрхийлнэ. Тодорхой зүйлсийг хийнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хуульч нартаа хандаж хэлэхэд Ц. Баасандорж гэх хувь хүн, Л.Гансүх гэдэг хүний өмгөөлөгч гэдгээр нь биш мэргэжил нэгтэй, эгнээнд чинь яваа хуульч гэдэг утгаар нь хүлээн авч, цаашид юу болохыг анхаарч байгаасай гэж хүсч байна.
18. Бүх хуульчидыг сайн гэж хэлэхгүй. Ёс зүйгээ уландаа гишгээд даргынхаа хий гэснийг үг дуугүй хийдэг хуульчид байна. Эсвэл хүний мөнгийг авдаг. Тэгсэн мөртлөө ажлаа огт хийдэггүй. Аливаа зүйлийн учрыг олохгүй олны анхаарлыг өөртөө татаж, нэр хүнд олох гэж оролддог. Өөрийн эрх ашиг мөнгөний төлөө явж байгаа хуульч олон бий. Үүнийг үгүйсгэхгүй.
19. Хүний төлөө явдаг хуульч ч олон байгаа. Хүнийг яллахаас татгалзаад ажлаасаа халагдсан прокурор бий. Хөнгөн ял өгсөн гээд Улсын дээд шүүх дээр загнуулж байсан залуу шүүгч байгаа.
20. Хүнээ өмгөөлөөд Ц.Баасандорж шиг буруутаж байсан өмгөөлөгч байна. Бид энэ зөв үлгэр дуурайллыг дэмжих ёстой. Гэхдээ ингэчих юм бол тэр намайг яах бол гэж айж байна. Айхаар ч цаг үе ирчихсэн.
21. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, зоригтой дуугарсных нь төлөө шахаж хавчиж байна. Энэ болгоноос айгаад дуугүй суугаад байх юм бол өчигдөр хөршийг чинь бариад аваад явах үед чи юу ч дуугараагүй. Өнөөдөр чамайг бариад явах үед хэн ч дуугарахгүй, өмөөрөхгүй гэсэн үлгэрээр явна. Бүгд энэ системд орно. Хуульчид энэ хайрцагт орж болохгүй.
22. Хуульчид эрх чөлөөний хамгийн өндөр мэдрэмжтэй байх ёстой. Өөрсдийнх нь мөн чанарт суучихсан байх ёстой зүйлийн нэг нь энэ.
23. Өмгөөлөгч нарт дарамт шахалт зөндөө ирдэг. Надад ч цөөнгүй ирж л байсан. Хуульчдын болон өмгөөлөгчдийн байгууллага эрс шийдэмгий арга хэмжээ авах ёстой.
24. Саяхан Хуульчдын холбооны ерөнхийлөгч солигдсон байна лээ. Цаашид хуульч, өмгөөлөгчдийн эрх нь зөрчигдөж байгаа асуудал дээр тодорхой байр суурь барих болов уу гэж харж байна.
Сэтгэгдэл (9)