Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал таван өдрийн турш үргэлжилж даваа гарагт шүүх эцсийн шийдвэрээ гаргасан.
Тэгвэл шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч нарын хэлсэн үг олны анхаарлыг татсаар байна.
Тиймээс бид шүүгдэгч Б.Мөнгөнтуяагийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргье.
1. Намайг Л.Гансүхийн эхнэр Уранчимэгийн төрсөн дүү Урангоогийн төрсөн охин гэж яллаж байгаа прокуроруудад үнэхээр харамсаж байна. Үнэхээр хүнийг яллаж байгаа бол бүтэн овог нэрээр минь хэлж яллах хэрэгтэй. Миний аав энд зогсож байна. Намайг Батцэнгэлийн Мөнгөнтуяа гэдэг.
2. Энэ онц ноцтой гээд байгаа хэрэг анх 2014 оны дөрөвдүгээр сарын 28 ны нэгдэхь өдөр үүсээд намайг ажил дээр байхад нь шууд барьж хорьсон. Тухайн үед намайг 265.2 152.3 гэдэг хүнд зүйл ангиар яллаж, бүтэн 6 сар 8 хоног хорьчихоод хохироож, нэр төрийг минь гутаачихаад энэ хэргээ хэрэгсэхгүй болгочихсон хүмүүс бол эрхэм прокурорууд та бүхэн.
3. Гэтэл одоо намайг дахиад 163.2 166.2 гэдэг хүнд зүйл ангиар яллаж байна. Энэ зүйл ангид чинь заасанчлан улс төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэсэн байгаа би тэр улс төрийн албан хаагч чинь биш. Төрийн албаны шалгалт ч өгч байгаагүй.
4. Эрхэм прокуроруудаа та бүхэн миний нүд рүү харж чадахгүй байсан ч над руу хараарай.
5. Намайг “Багануур” ХК-тай байгуулсан гэрээг танилцуулж, гэрээ хийсэн учраас яллаж байгаа гэнэ. Би хэнд ч гэрээ танилцуулаагүй, хэнтэй ч гэрээ байгуулаагүй.
6. Үнэ нь тодорхой, хэрэгжих нь тодорхой зүйл дээр манай захирал гарын үсэг зурснаараа яллагдаж байна.
7. Монгол Улсын төрийн өмчит компанийн өөрийнх нь гэрээний драфт, өөрсдийнх нь бичсэн, он, сар, дугаартай, таван газрын захирал нь гарын үсэг зурсан гэрээнээс болж яллагдаж байна.
8. Би тэр гэрээний нэг ч зүйл заалтыг зөрчөөгүй. Хууль журмын дагуу бүх л үйл ажиллагаагаа явуулж байсан.
9. Гэрээн дээр 20-30 жил Багануур ХК-ийг удирдаж яваа хүмүүс хувь хорогдлоо тооцолгүй гарын үсэг зурсан байхад би гэнэт гарч ирээд хорогдол гаргах зүйл дээр гарын үсэг зурсан байж таарах уу.
10. Зүгээр ажлаа хийгээд явж байсан хүнийг хамаатан садангаар нь холбоод яллаж байна.
11. Тэр гэрч, шинжээч нар гээд байгаа хүмүүс энд түмний шившиг болоод л зогссон.
12. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгахгүй яасан юм бэ. Яагаад гэвэл өөрсдөө улайх учраас баримтаа авч ирэхгүй байсан хэрэг шүү дээ.
13. "Багануур" ХК-ны Санхүүгийн хэлтсийн дарга н.Очирлхамын өөрийнх нь гаргасан график байсан шүү дээ. Түүн дээр нэг тн нүүрсийг 25078 төгрөг гэж баталсан байсан. Харин манай компани 27500 төгрөгөөр худалдаж авсан. Ийм байхад яаж алдагдал хүлээх юм.
14. Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоо гэж хүний хэлснээр хоёр компани хоёулаа л буруу юм байна лээ ш дээ. Миний гаргасан дүгнэлт бол зүгээр л тайлан би өөрийгөө шалгах гэж л АТГ-ын комиссар н.Нарантуяагийн дүгнэлттэй тулгаж үзсэн юм гээд зогсож байгаа хүний тайлангаар бусдыг яллаж болдог юм уу
15. Намайг 6 сар суулгасандаа ичээд байсан юм шиг байгаа юм. Тиймээс л янз бүрийн зүйл заалт гаргаж ирж яллаж байна.
16. “Оюу-Эрдэм" аудитынхан бид АТГ-ын бэлтгэж өгсөн асуултад хариулсан, гаргаж өгсөн баримтыг нь шалгасан гээд байгаа юм. Гэтэл гаргаж өгсөн баримт нь тодорхой биш. Анх АТГ надаас 7 хайрцаг баримт хурааж авчихаад одоо болтол гаргаж ирэхгүй, хэнд ч үзүүлэхгүй нуучихсан.
17. Шинжээчийн дүгнэлт чинь миний эрхийг маш ихээр зөрчсөн шүү. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа шүү дээ, зохиомол учраас ярьж чадахгүй олны өмнө шившиг болсон шүү дээ.
18. Та хоёр /Прокурор/ компанийн ашгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас асуугаад байсан. Тэр хүн яаж хувийн компанийн ашиг орлогыг мэдэх юм бэ. Зүй нь бол та бүхэн надаас асуух учиртай. Би наад санхүүгийн тайлан чинь хийсэн юм. Би гаргасан юм. Гэтэл надаас асуугаагүй. Яагаад гэвэл та бүхэн ойлгоогүй, асууж байгаа зүйлээ ч мэдэхгүй байсан байх.
19. Хүн эдийн засгийн мэдлэггүй байж болно. Тайлан баланс уншдаггүй байж болно. Гэхдээ яллаж байгаа хүмүүсээ, тэдний хэргийг ойлгож байх ёстой. Өссөн дүн гэдгээ ч мэддэггүй. Ичмээр. Тийм юм мэдэхгүй. Ичиж үхмээр.
20. н.Батжаргал прокурор ярьж байгаа юмаа ойлгохгүй. Ингэж ярьж байгаа хүн, хүн яллаад байж байна. Энэ чинь одоо тэгээд шударга явдал юм уу.
21. Би тэр шинжээч нараас ичиж байна. Би ямар ч баримтгүй тайлан баланс хийгээгүй. Тийм ч учраас өнөөдөр энд тэр нотлох баримтыг авчраагүй. Үнэхээр зургаан сар хорьсондоо ичээд байгаа юм бол надаас уучлалт гуй.
22. Мэргэжлийн ёс зүйгээ мэдэхгүй шинжээч нараас ичиж байна. Бусад мэргэжил нэгт нөхдөө битгий ингэж доромжлоосой.
23. Би үнэн зөвөөр хийчихээд үнэн зөвөөр шүүлгэж чадахгүй шүүгдэж 7.5 жил сонсоод байж байгаадаа итгэхгүй байна.
24. Та нар залуу хүнийг яаж байгаа юм бэ. Битгий ингэж худлаа яриагаар ялла. Би энд хэрэг хийсэн гээд шүүлгүүлээд зогсож байх ёстой хүн биш. Би эрхээ зөрчүүлсэн, хилс хэрэгт орсон.
24tsag.mn
Сэтгэгдэл (173)