МАХН-ын анхан шатны байгууллагын зөвлөгөөн дээр тус намын дарга Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрбээр өөрийгөө хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн хүн нь олны нүдэн дээр гарсан, өөрт нь ирж буй заналхийлэл, шоронд өлсгөлөн зарлаж байсан тухайгаа гэх зэргээр “Долоон булчирхайгаа” тоочжээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Хэлмэгдэл бол хүсээд байхааргүй, үнэхээр аймшигтай үзэгдэл. Хэлмэгдэл бол хүчний байгууллагыг ашиглаад төрд шургалсан дарангуйлагчид өөрийнхөө улстөрийн өрсөлдөгч болон үзэл бодол таарахгүй байгаа хүмүүсийг болон хань хамсаатан, найз нөхөд, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх, бүр явсаар байгаад зөвхөн нэг үндэстнийг аймаглан устгадаг хэлбэрээр илэрдэг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн аймшигтай үзэгдлийн нэг.
2. Хэлмэгдүүлэлт нэг хүнээс эхэлдэг ч таслан зогсоохгүй бол нийт ард түмнийг хамардаг. Хэлмэгдэл гэх аймшигтай үзэгдэл Монголд газар авч эхэлж байгаа учраас бид олон түмэндээ сэрэмжлүүлэн хэлж, таслан зогсоох ажлыг хамтдаа хийе гэж уриалан дуудаж байна.
3. Үндсэн хуульд хэлмэгдүүлэлтийг гаргахгүйн тулд маш тодорхой заалтууд оруулсан байдаг. Жишээлбэл, “Монгол Улсын иргэнийг эх орноос нь хөөхийг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл намайг ил, далд бүх хэлбэрээр хөөж, занаж байгаа. Эх орондоо ирэхээр “Одоо хурдан яв, үгүй бол барилаа шүү” гэж заналхийлдэг. Тиймээ тэр хүн намайг хөөж байгаа. Гэхдээ би хөөгдөхгүй, би эх орондоо байна, хэлмэгдсэн ч байна.
4. Намайг хэлмэгдүүлж шоронд оруулчихаад эмнэлгийн тусламж авах эрхийг минь хасч байсан. Эмчийн магадлан гаргуулах гэхээр эмчийг нь дарамталж, хөөж, сольдог, тусгай даалгавар өгсөн эмч нарыг томилж, тэд нар нь миний эрүүл мэндийн асуудлыг "Эрүүл" гээд бичээд сууж байдаг. Өлсгөлөн зарлаад хүнд хэцүү байдалтай байхад намайг ортой хүлээд миний бөгс рүү хүчээр тос шахаж, хямарсан байдлыг түр хугацаагаар сааруулах эмчилгээ хийж байсан.
5. Намайг баривчилсан дөрөвдүгээр сарын 12-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байсан. Ажлын цаг дууссан байхад шүүхийнхнийг хуралдуулахгүйгээр 19.30 цагт шүүгч эмэгтэйгээр намайг баривчлах шийдвэр гаргуулсан. Энэ бол хууль бус баривчилгаа болсон. Бүх үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн.
6. Эмэгтэй хүнд зодуулаад бэртэж гэмтдэг цагдаа нар байдаг юм билээ.
7. “Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн түүний гэр бүлд хуульд заасан хугацаанд мэдэгдэх ёстой” гэж заасан байдаг. Намайг хаашаа авч явсныг манай гэр бүлийнхэн, өмгөөлөгч мэдээгүй. Намайг хаана байгааг хэдэн өдөр нуун дарагдуулсан. Орчин үеийн Монголд эр нөхөр, аав, үр хүүхдийг нь аваад явж байхад аав ээж, хань ижил, хүүхдүүд нь мэдэхгүй нэг ч цаг байж болохгүй шүү дээ. Энэ хэлмэгдүүлэлт биш гэж үү. Мөн шүү дээ. Үүнийг хэн хийсэн юм бэ. Хэний захиалга даалгавраар хийснийг тэр хүн өөрөө илчилсэн учир би ийм зоригтой хэлж байна.
8. “Өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж 16.14-д бичсэн байгаа. Намайг янз бүрээр дуудаад байхаар нь би эхлээд гэрчийн мэдүүлэг өгчихөөд “Үүнээс илүү хэлэх юм алга, би өөрийнхөө эсрэг та нарын шаардаж байгаагийн дагуу мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэсэн хүсэлтээ АТГ-т бичгээр явуулсан. Гэтэл намайг мөрдөн байцаалтаас зайлсхийсэн, зугтсан гэж баривчилсан. Намайг гэрчээр дуудаж мэдүүлэг авангуутаа дараа нь сэжигтэн, яллагдагч болгосон.
9. Надтай холбоотой асуудлаар хэн ч хохироогүй. Хохирогчтой байж хэрэгт тооцогддог биз дээ. “Улаанбаатар таймс сонины асуудлаар, нурсан хэвлэлийн үйлдвэрийн доорх газрыг намайг авч улсыг хохироосон” гэсэн шинжээчийн худал дүгнэлт гарсан. Би шүүх хурал дээр “Тэр газрын гэрчилгээ хэний нэр дээр байгаа вэ” гэж асуухад “Улаанбаатар хотын захиргааны нэр дээр газрын гэрчилгээ байгаа” гэсэн.
10. Өөрөө хөрөнгө гарган жижиг зочид буудал засч авсныг намайг Улаанбаатар хотын өмчийг үнэгүйдүүлж авсан гэж буруутгасан. Гэтэл тэр бас л Энхбаяр гэдэг хүнийх биш Б.Тулгын ах Б.Хуяг гэдэг хүний нэр дээр байсан. Тэр Б.Хуяг бие даасан хүн биз дээ.
11. Б.Хуяг гэгч Улаанбаатар хотын өмчийг яаж хохироосон юм бол гээд үзтэл юу ч үнэгүйдүүлээгүй байдаг. Харин ч 150 саяын үнэтэй байсан объектийг дахин үнэлгээ хийлгэж 450 саяар үнэлүүлсэн тэрийгээ төслийн тодорхой хувь болгон гэрээ байгуулж оруулаад Улаанбаатар хот 450 сая төгрөгийн өмчийн оролцоотой гэж төсөл хэрэгжүүлээд өөрөө тэрбум 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулж тэр жижиг зочид буудлыг зассан юм билээ.
12. Ямар ч хохирогчгүй, ямар ч үндэслэлгүй, надтай ямар ч холбоогүй энэ хоёр асуудлаар надад ял өгсөн. Энэ хэлмэгдүүлэлт биш өөр юу байх билээ.
13. “Гэм буруутны ял зэмийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл садан, найз нөхдөд халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг ч зөрчсөн.
14. Монгол Улсын иргэн “Гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16,11-д заасан байдаг. Миний гадаад явах эрхийг хаадаг. Одоо бас хаасан байгаа, эсвэл орж ирэхийг хориглож заналхийлдэг. Үндсэн хуулийг ингэж шат болгонд зөрчиж байна. Энэ бол хэлмэгдүүлэлтийн маш том жишээ юм. Ашгүй хэлмэгдүүлсэн эзэн нь өөрөө олон нийтийн өмнө гараад ирсэн.
15. Үндсэн хуулийн 30.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг. Тиймээс би Ерөнхийлөгч байхдаа “Эвтэй бол хүчтэй” гэж ярьж, зорьж, ажиллаж байсан. Гэтэл өнөөдрийн Ерөнхийлөгч хагалан бутаргаж, айлган сүрдүүлж, хууль шүүхийн байгууллагыг өөрийн явцуу эрх ашгийг биелүүлэхийн төлөө зориуд захиалгаар ажиллуулж байна. Айсан, эмээсэн, мэгдэн сандарсан эв нэгдэл гэж юу байх билээ. Энэ бол үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм.
16. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх эрхтэй байдаг. УИХ өөрийнхөө онцгой бүрэн эрхийн дагуу өршөөл үзүүлэхээр “Үүний цаана Н.Энхбаярыг хамгаалж өмгөөлж байгаа учир хориг тавина. Хоригийг УИХ хүлээж ав, хүлээж авсны дараа прокурорууд ажиллаад цаадахаа шоронд хий” гэсэн даалгаврыг Ц.Элбэгдорж өгч байна.
17. Ц.Элбэгдорж уучлал үзүүлэх эрхээ эдлээд хууль зөрчөөд Ж.Капла гэдэг хүнийг шоронгоос сулласан. Шоронгоос гарсан хүнийг бус хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаа юм. Ядахдаа хуульд нийцүүлж бүх шатны шүүхийн шийдвэр гарсны дараа уучлал үзүүлэх ёстой байсан. Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж заасан байгаа. Гэтэл Каплагийн хэрэг анхан шатны шүүхээс дөнгөж шийдвэр нь гараад давж заалдах ажил эхэлж байхад буюу шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ гэдэг Үндсэн хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм.
18. Тиймээс Ж.Капла эргээд өөрийн төлөх ёстой 35 тэрбум төгрөгөө төлөхгүй гээд давж заалдсан. Давж заалдах үйл явц дуусаагүй байхад уучлал үзүүлж болохгүй шүү дээ. Энэ нь Үндсэн хуулийн 49.2-т “Ерөнхийлөгч шүүгчийг шүүн таслах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заалтыг бүдүүлгээр зөрчсөн. Бүх шатанд шүүхийн үйл ажиллагааг Ц.Элбэгдорж удирддаг. Удирдсан учраас надад ямар ч үндэслэлгүйгээр ял өгсөн. Намайг 150.3-аар зүйлчилсэн. Энэ зүйл анги нь миний ойлгосноор байгууллагын өмч хөрөнгийг итгэмжлэн авч яваа хүнд хамаатай юм билээ. Энгийнээр яривал өлгүүрт ажиллаж байгаа нэгэн хүний пальтог аваад оронд нь дугаар өгчихөөд харж хандаж чадалгүй алдсан тохиолдолд энэ заалтаар шийтгэх юм билээ.
19. Би өлсгөлөн зарлаад олон хоносон, бие нэлээд муудсан байхад өмгөөлөгч О.Баасанхүү намайг эргэж ирээд гайхаж цочирдсон. Өглөө, өдөр, оройн хоол гээд надад бууз бариад ирнэ. “Би өлсгөлөн зарласан учир идэхгүй” гэхээр “Манайх танд үнэртүүлэх, харуулах журамтай” гэнэ. Цаад утгаараа таныг зовоох ёстой гэж байгаа юм. Өлсөж цангасан хүнд буузны үнэр ямар байх билээ. “Би та нарын хүсэлтийн дагуу наад буузыг чинь идвэл шууд үхнэ шүү дээ. Олон хоног өлссөн учир шууд бууз идэж болохгүй. Та нар намайг зориуд үхүүлэх гэж байгаа юм уу” ” гэхээр “Тэрийг мэдэж байгаа ч манайх ийм журамтай, дарга нар заавал хоол аваачиж өг гэдэг” гэнэ. Үүнээс болоод О.Баасанхүү гишүүн “Та нар ямар хэрцгий яргачид, тамлагчид вэ” гэж бухимдаж байсан.
20. Намайг 24 цагийн туршид камераар бичиж байгаа мөртлөө үсэндээ нуусан солонгос тариагаа унтаж байхдаа тарьж өөрийгөө сэргээж байгаа гэж Шүүхийн шийдвэрийнхэн бичиж байсныг та бүхэн санаж байгаа байх. Хаанаас яаж тариа оруулж ирэх билээ. Үнэхээр би тариа тарьсан бол өлсгөлөн биш гээд тэд хэвлэлээр шууд зарлана шүү дээ.
21. Хориг гэсэн нэрийдлээр Ц.Элбэгдорж хүмүүсийг урхидан барьж айлган сүрдүүлж Тавантолгойг авах гэж байгаа юм. Түүнээс биш авилгатай, авилгачидтай тэмцээд байгаа юм биш. Хэрэв тийм бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хориг тавих байсан юм. Энэ хуулийг гаргаснаар луйварчид өөрсдийнхөө янз бүрийн аргаар олж авсан мөнгөө цэвэрлэж авах юм.
22. Хэлмэгдүүлэлт Монгол Улсад байна гэдгийг би хэн нэгэн хүний яриа сургаар бус өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаар, ирээдүйд ч зөрчигдөж мэдэх бодит жишээн дээр хөндөж ярилаа. Би бууж өгөхгүй, та бүхэн ч бууж өгч болохгүй. Бид бууж өгөхгүй бол Монголын ард түмэн бууж өгөхгүй.
23. Тэд эмх замбараагүй байдлыг бий болгож байгаад Тавантолгой мэтийн том өмчийг өөрсдийн хармаанд хийх зорилготой байна. Үүнийг нь бид илчилснийхээ төлөө, ард түмэндээ авч өгөх гэснийхээ төлөө хэлмэгдэж байна.
24. Одоо тэгвэл яах вэ. Өөрчилье. Үүний тулд 2016 оны сонгуулиар өөрчилье. Энэ өөрчлөлт амаргүй болно. Намайг, та нарыг, намыг, бид нартай адилхан бодож, ярьж байгаа бүх хүмүүсийг хэлмэгдүүлнэ. Тиймээс энэ өөрчлөлтийг хийх нь бидний хувьд хувьсгалын шинжтэй үйл ажиллагаа болно шүү. Та бүхэнд хандаж би өнөөдөр уриалж байна. 2016 онд Сонгуулийн хувьсгалыг бүгдээрээ Монгол Улсын хөгжлийн төлөө, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө, ардчиллыг жинхэнэ утгаар нь хийхийн төлөө, Тавантолгойг ард түмэндээ өгөхийн төлөө хийе. 2016 оны Сонгуулийн хувьсгалаас зарим хүн үнхэлцэгээ хагартал айж байгаа.
Сэтгэгдэл (139)