УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав нь улсын нууцтай холбоотой мэдээллийг Тайванийн талд дамжуулсан хэргээр 16 жилийн ял авсэн. Уг мэдээлэлтэй холбоотой янз бүрийн яриа олон нийтийн дунд яригдаж буй. Ихэнх хүмүүс М.Батчимэг гишүүнийг тагнуулын ажлыг зөвлөхөөрөө хийлгэлээ. Гишүүнийхээ өмнөөс зөвлөх нь ял аваад явлаа гэж хардаж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг уг хэргийн талаар тайлбар хийхдээ “Үнэн учир нь удахгүй олдох байх. Энэ бол миний нэр хүндийг унагах гэсэн улс төрийн үйл ажиллагаа. Намайг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хүмүүсийн явуулга” гэсэн билээ. Энэ мэт уг дуулиант мэдээлэл хүмүүсийн дунд янз бүрийн эргэлзээг төрүүлж буй. Тэгвэл уг хэргийн эргэн тойрон дахь үйл явцыг 24 баримт онцолж байна.
1. 3 сарын өмнө Тагнуулын байгууллагын удирдлагууд М.Батчимэг гишүүнтэй уулзаж өөрийнх нь зөвлөх З.Пагмажавыг улсын нууц задруулсан хэрэгт холбогдсон гэж мэдэгдсэн.
2. З.Пагмажавын хэрэг нь М.Батчимэг гишүүнтэй болон ажилтай нь ямар ч холбоогүй гэж Тагнуулын байгууллаас анхнаасаа мэдэгдэж байсан.
3. Тагнуулын байгууллагаас зөвлөхөө ажлаас нь чөлөөлөхийг М.Батчимэг гишүүнээс хүссэн. Тэрбээр хүсэлт ёсоор нь 3 сарын өмнө зөвлөхөө ажлаас нь чөлөөлсөн байна.
4. Анхан шатны шүүхээс З.Пагмажавт эрүүгийн хуулийн 79.1 зүйл ангиар 16 жилийн ял оноосон.
5. Эрүүгийн хуулийн 79.1-р заалтад гадаадын тусгай байгууллагатай хамтран ажилласан туслалцаа үзүүлсэн гэж бичсэн байдаг. Тэгэхээр тэрбээр ийм хэрэгт орооцолдсон гэсэн үг.
6. Яг аль улсад мэдээлэл дамжуулсныг албаныхан мэдэгдээгүй ч хэвлэлээр Тайвань гэх улсын нэр бичигдсэн.
7. Дээрх баримт үнэн байх тун магадлалтай. Учир нь З.Пагмажав нь Хятад хэлээр мэргэшсэн, Тайванд боловсрол эзэмшсэн, Үндэсний аюулгүй байдлын бодлоготой холбоотой ажлыг хийж байсан. Энэ нь түүнийг хардах нэг үндэслэл болж байгаа.
8. Улсын нууцтай холбоотой мэдээлэл учраас уг хэргийн талаарх мэдээллийг тас нууж байжээ. Гэтэл хоёр долоо хоногийн өмнө хэвлэлээр энэ тухай мэдээлэл гэнэт гарч эхэлсэн.
9. Хэвлэлээр уг хэргийн талаар мэдээлэх болсон нь нэр хүнд болон улсын төрийн карьерт нь нөлөөхөх гэсэн оролдлого гэж М.Батчимэг үзэж байгаа.
10. Шүүх хуралдаан болохын өмнө М.Батчимэг гишүүн өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажавтай уулзахад өөрийгөө буруугүй гэж хэлж байжээ. Учир нь шүүх шинжилгээний дүгнэлт “Улсын нууцтай холбоотой мэдээлэл дамжуулсан нь тогтоогдоогүй” гэж гарсан байна.
11. М.Батчимэг гишүүн уг хэргийн үнэн зөв удахгүй олдох байх гэж мэдэгдсэн. Ингэж итгэлтэй хэлж буйн шалтгаан нь З.Пагмажав нь иргэдтэй харилцах ажил хийж байсан болохоос биш улсын нууцтай холбогдох ажлыг хийж байгаагүй аж.
12. М.Батчимэг гишүүний хувьд өөрийн зөвлөхийг юу ч санаж, бодолгүй бичгийн орчуулга хийснийхээ төлөө уг хэрэгт орооцолдсон гэж байна.
13. З.Пагмажав гэдэг хүн хэрэгт орооцолдсон байхад өөрийнх нь нэрийг татан оролцуулсан нь гурван шалтгаантай гэж М.Батчимэг гишүүн хэлсэн.
14. М.Батчимэг гишүүнийг уг хэрэгт нэр холбох болсон хамгийн том шалтгаан нь өөрийг нь улс төрөөс тэр дундаа Эрдэнэтийн тойргоос шахаж гаргах гэсэн өрсөлдөгч нарын явуулга гэж хардаж байгаа аж.
15. Энэ тухай мэдээлэл гарсаны дараа олон нийт М.Батчимэг гишүүнийг уг хэрэгт холбоотой гэж хардсан. Түүнийг сэжиглэх хэд, хэдэн үндэслэл бий.
16. М.Батчимэг гишүүн Тайван улсад боловсрол эзэмшсэн. Тэнд ажиллаж байсан. Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал гадаад бодлогын зөвлөх гэж улсын аюулгүй байдалтай холбоотой чухал албан тушаалыг хашиж байсан нэгэн. Тиймээс зөвлөхөөрөө дамжуулж мэдээлэл гаргасан байх магадлалтай гэж буй.
17. Зарим хуульчид уг хэргийг Монгол улсын аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал гэж үзэж байна.
18. Улсын орны аюулгүй байдлын хажууд М.Батчимэг гишүүний тойрог, улс төрийн асуудал юу ч биш. Түүний нэр хүндийг унагахын тулд зөвлөхийг нь 16 жилээр хорьсон нь яавч байж болохгүй асуудал гэж үзэх хүмүүс ч байна.
19. Иргэд М.Батчимэг гишүүнийг улс төрийн соёл гаргаж УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны гишүүн эсвэл Ёс зүйн дэд хорооны даргаасаа татгалзах хэрэгтэй гэж хэлж байгаа юм.
20. М.Батчимэг гишүүн өөрийгөө ёс зүйн хариуцлага хүлээх хэмжээний буруу зүйл хийгээгүй гэж буй.
21. УИХ-ын гишүүн асан К.Сайраныг Казахстаны нууц албаны ажилтан байж болзошгүй гэх мэдээллийг өмнө нь ТЕГ-аас олон нийтэд өгч байсан. Харин хуулийн зүйл, заалт ашиглан уг хэргээс өршөөгдсөн байх магадлалтай гэж хэлдэг. Мөн нэгэн нэр хүндтэй дипломатчийн хүү тагнуулын хэрэгт буруутгагдаж өндөр ялаар шийтгүүлсэн ч дээд шүүхээр орж хугацаа нь багассан байна. Тэрбээр одоо шоронгоос гарчихсан явж байгаа аж. Олон нийтэд мэдэгдсэн энэ мэт хэргүүд замхарсан байдаг. Харин уг хэргийн үнэн зөвийг нь заавал олж тохирох хариуцлагагыг буруутай этгээдэд ногдуулах ёстой гэж олон нийт ярьж байна.
22. Тайван бол АНУ-тай нийлж Хятадын эсрэг бодлого явуулдаг. Харин М.Батчимэг гишүүн АНУ-ын Ази, номхон далайн аюулгүй байдлын дээд курст суралцаж төгссөн. Энэ нь ч түүнийг хардах үндэслэл болж байна.
23. Олон нийт төрийн нууцыг хадгалах, хадгалалтанд нь хэрхэн хяналт тавих, эх орноосоо урвах, тагнуул хийх үйл ажиллагааны эсрэг үйл ажиллагаа хэрхэн явуулах, төрийн чухал албанд яаж томилох, улс төрийн нөлөөлөл төрийн тусгай албанд нөлөөлж байгаа талаар цаашид ямар бодлого баримтлах гэх асуудлуудад анхаарал тавих ёстой гэж дүгнэж байна.
24. Монгол бол жижиг эдийн засагтай орон ч хоёр том гүрний дунд оршдог, асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай, тусгаар тогтносон, нууцлах зүйлтэй улс. Тиймээс улсын нууцтай холбоотой мэдээллийг хэрхэвч анзаарахгүй өнгөрч болохгүй гэж зарим хүмүүс хэлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (50)