Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ахлах зөвлөх байсан Л.Гансүхийнхээ шүүх хуралд амалсан ёсоор гэрчээр оролцов. Гэвч шүүх хурал хойшиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юуг онцлов.
Ингээд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлсэн онцлох 24 баримтыг хүргэж байна.
1. Нүүрсний гэх зохиомол хэргийг бий болгосон гол гэрч гэж нэрлэгдэж байгаа хүмүүс шүүх хуралд ирсэнгүй. Шинжээчийн дүгнэлт гаргаад хохирол учирсан гэж хэлээд байгаа хүн нь алга болчихсон байна. Мөн Багануурын уурхай хохирсон гэх зүйл ярьсан хүн нь ирсэнгүй.
2. Зохиомол хэрэг үүсгэсэн хүмүүс нь ирэхгүй учир өнөөдөр Л.Гансүх нарын гурван хүнийг шоронд хорьж байна. Энэ нь Монгол Улс шоронжсон гэдгийг тод томруунаар харуулж байгаа төдийгүй улс төрийн зорилготойг харууллаа.
3. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ ахуй амьжиргааг дээшлүүлж, тэднийхээ халаасанд үлддэг мөнгийг нэмэгдүүлье, ажилтай орлоготой болоход нь туслая гэсэн үүднээс Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлсэн.
4. Ажил хийсэн хүн хэрэгтэн болдог зүйл бий боллоо. Нүүрсний үнэ буулгах асуудлыг бид судлаад М.Сономпил сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ярилцаж үзээд 200 мянган төгрөгний үнэтэй нүүрснийг 80-100 мянга болгох боломжтой гэж үзэж хэрэгжүүлсэн.
5. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын “Шинэчлэл гэдэг сэтгэл гаргаж хийдэг ажил. Мөнгө гаргаж хийдэг ажил биш” гэх лоозонгийнхоо дагуу сэтгэл, зүтгэл гаргаж хийсэн нэг ажил.
6. Л.Гансүх бол гарын үсэг зурж мөнгө шийддэг хүн биш. Бүх шийдвэрийг Н.Алтанхуяг, Засгийн газрын гаргасан шийдвэр.
7. Багануурын нүүрсний уурхай зах зээлд шилжсэнээс хойш анх удаа ашигтай ажиллаж, ажилчиддаа 5 сарын урамшуулал цалин өгч байсан. Бид уг уурхайд 18 тэр бум төгрөгийн зээл олгож дэмжсэн.
8. Багануурын нүүрсний уурхайг тойруулж хууль бусаар өмчлөөд авчихсан олон газрыг хүчингүй болгож байсан. Ингэснээр тус нүүрсний уурхайн нөөц нэмэгдсэн. Хүчингүй болгосон лицензийг нь сэргээж тусалсан. Ингэснээр Багануурын нүүрсний уурхай ашигтай ажилласан. Тэгэхээр энэ Нүүрс хөтөлбөр ард иргэдэд, Багануурын нүүрсний уурхайд ч ашигтай байсан гэж хэлж болно.
9. Цэвэр улс төрийн зорилготой. Н.Алтанхуягийн нэр хүнд, Засгийн газрыг унагаах зорилгоор хийсэн ажлын нэг. Нам дамнасан хэдэн аюултай хүн байна. Зохион байгуулалттай. Нийгэм тэр чигээр Л.Гансүхийг хэрэгтэн гээд ойлгочихсон
10. Би ард түмний төлөө ажиллах гэж гарч ирсэн Ерөнхий сайд болохоос биш бүлэглэл юм уу, нам дамнасан хэдэн хүний төлөө үйлчилдэг хүн биш гэдгээ анхнаасаа хэлж байсан. Ингэж байсныхаа төлөө анхнаасаа шахалт, дарамт олон зүйлд өртлөө. Миний ойр хавийн хүмүүсийг шоронд хийсэн.
11. Л.Гансүхтэй хамт шалгагдаж байгаа эмэгтэй 6 сар шоронд сууж байна. Гансүхийг гурван сар шоронд суулгаж байна. Нүүрсний хэрэг гэдгээр зургаан хүнийг шоронд хийсэн. 25-27 насны гурван залуу байгаа.Тэднийг ч бас зургаан сар хорьсон.
12. Н.Алтанхуяг ба түүнийг тойрсөн хүмүүс хээл хахууль, авлига авдаг гэсэн өөрсдийнхөө зохиосон домгийг хүчээр шийдэх бодлогын зүйл энд явж байна. Тиймээс би шүүх хуралд гэрчээр оролцоё гэж шийдсэн.
13. Надад зузаан хавтас бий. Бичлэг, нотлох баримтыг бүрдүүлсэн. Би хоосон шүлс үсэргэж ярихгүй. Энэ хэргийн цаана хэн байгааг та нар олохгүй юу. Монголыг хоёр, гурван хүн л удирдаж байгаа шүү дээ. Тэр нь нам дамжчихсан байгаа биз дээ. Та нар мэдэж байгаа ш дээ.
14. Ард иргэддээ хандаж хэлмээр байна. Улаанбаатар хотод энэ хөтөлбөрийн үр ашгийг хүртсэн 170 мянгаад айл өрх бий. Та бүхэн үгээ хэлэх хэрэгтэй.
15. Нүүрс хөтөлбөр хэрэгжихэд 800 гаруй мянган хүнд ажлын байр бий болсон. Портерийн жолоочтой хүртэл найзалж нэг системд оруулж ажиллаж явсан.
16. Улс төрийн зорилготой энэ хэргийн үнэн мөнийг олж, буруутгаж байгаа хүмүүс нь ч үгээ хэлж энэ хэрэг цагаадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ард иргэдийн нуруун дээр очиж байсан 200 мянган төгрөгний зүйлийг 80 мянган төгрөг болгосон хүн цагаатгагдахгүй байна гэдэг байж боломгүй зүйл.
17. Энэ бол цөөн хүний захиалга. Яваандаа хэн гэдэг хүн юу захиалаад байгааг харж ойлгох байх.
18. Хууль хяналтын байгууллагын нэрийг барьж зохиомол хилс хэрэг их хийдэг болж.
19. АТГ л гэхэд Л.Гансүхийг бараг бариагүй байхдаа л мөнгө идсэн гэж ярьж байсан. Авлигын асуудлаар том акулуудтайгаа ноцолддоггүй. Тэгсэн хэрнээ авлига байна гээд өөр бусад хүмүүсийг шоронд хийдэг.
20. Л.Гансүх зөвлөхийг шоронд аваачаад хийнэ гэж байгаа нь Монголын нийгэм ялзарч, хэцүү хүний гарт орсныг харуулж байна.
21. АТГ анхнаасаа энэ хүнийг хэрэгтэн болгох гэж олон түмэнд мэдээлэл тараасан. Л.Гансүхийг улстөрийн зорилгоор хорьж байгаа. Хэн гэдгийг нь та нар олоорой.
22. Улс төрийн зорилготой гэж би улайм цайм хэлээд байгаагийн учир нь манай Засгийн газар 11 сарын 5-ны өдөр огцорсон. Гэтэл 11 сарын 4-ний өдөр АТГ-ынхан гарч ирээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх маш их хэмжээний хохирол учруулсан гэж албан ёсоор ард түмэнд хэлсэн.
23. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахын тулд Давхар дээл гарган ирж, энэ нь уначихаар Л.Гансүх асуудлыг босгож ирсэн.
24. Л.Гансүхийг гурван сар хорьж тарчлаан тамласан. Л.Гансүхтэй холбоотойгоор таван хүүхдийг 6 сар шоронд тамласан. Шорон гэдэг амралт биш. Хүнийг сэтгэл санаа, бие махбодь бүх зүйлээр нь дарладаг. Үүнээс болж Л.Гансүх хуруугаа хүртэл тайруулсан. Монголд юм хэрээс хэтэрч байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (44)