Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын ойн хуралд оролцож үг хэлэхдээ Өршөөлийн хуулийг гаргасан УИХ, авлигачид тэр дундаа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан илтгэлийг тавьж уг хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй гэх хатуу байр суурийг илэрхийлсэн. Н.Энхбаярын талаар хэлсэн түүний нэр цохоогүй онцлох 24 ишлэлийг 24 баримт булангаараа хүргэж байна.
1. Авлигачийг барих гээд очиход хажууд нь телевиз нь байж байдаг. Телевизтэй, намтай жирийн иргэн байдаг юм уу, тийм борчуудын хүүхэд бий юү. УИХ-ын гишүүдээр өмгөөлүүлсэн тийм жирийн иргэн бий юү. Тэгээд түүгээр дамжуулж, тэднийг гар, хөлөө болгож өөрсдийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэх гэж үздэг. Ийм учраас албан тушаал, авлигын хэрэг дээр бид ялгаатай хандах ёстой юм.
2. Энэ хүмүүс нэг хоёр үзэгдэл мэт харагддаг байсан бол одоо хууль гаргадаг боллоо шүү дээ. Монголын төрийн бодлогыг тодорхойлдог боллоо. Барьцаалж суудаг боллоо. Засгийн газар огцрох уу, үгүй юү. Хэдэн сайд огцруулах вэ. Хэнийг ажиллуулах уу, үгүй юү гэдгийг шийддэг боллоо. Ямар ажлыг явуулах вэ, ямар ажлыг зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо. Хэдэн жилээр зогсоох вэ гэдгийг шийддэг боллоо шүү дээ.
3. Савтай сүүнд нэг дусал тараг дусаахад гашилдагтай л адилхан. Тэр дусал таргаа ардаа нуусан, тэр халбага хороо ардаа нуусан, тэр хувийн явцуу сонирхлоо ардаа нуусан, өмнөө худлаа ярьдаг тийм этгээд, тийм бодлого тодорхойлох гэж оролдож байгаа улсаас бид яаж салах вэ?
4. Өнөөдөр хоттой хонины чинь тал алга болчихсон, гэтэл хоттой хонины чинь талын оронд тэр хонийг чинь барьж идсэн хонины арьс нөмөрсөн чоно ороод ирчихсэн байна. Яах вэ?
5. Тэгэхэд авлигач бол үйлдвэр барьдаггүй. Авлигач бол нам байгуулдаг, авлигач бол фракц байгуулдаг, авлигач бол гишүүнийг худалдаж авдаг, авлигач бол телевиз худалдаж авдаг, авлигач бол хуурамч фэйсбүүкийн аккаунтуудыг, бүртгэлийг худалдаж авдаг, твиттерийг худалдаж авдаг, сониныг худалдаж авдаг.
6. Авлигачид бол санаанд оромгүй юм хийнэ шүү дээ. Гэрийнх нь гадаа очиж орилно. 90 гарсан ээж рүү нь хүртэл дайруулна. Өндөр настай ээж рүү нь хүртэл дайрна. “Хүү чинь хүн алах гэж байна” гэж 7 хоног, сар улиглана. “Амийг нь өршөөгөөч, цаг минутаар хэмжигдэж байна, нэг хором өнгөрөхөд үхчих гээд байна гэж” эрлэгийн элчтэй цуг эх рүү чинь ирж байгаа юм. “Уучлаад өгөөч, өршөөгөөд өгөөч” гэж хэлнэ.
7. Өнөөдөр нэг албан тушаалтан бариад авахаар өлсөхөөрөө айлгана, үхэхээрээ айлгана. Тийм л эмзэг эрүүл мэндтэй байгаа юм бол битгий ард түмний мөнгөнөөс хулгайл л даа.
8. Наад авлигачид чинь бариад авахад “Би баригдаагүй байна” гэж орилдог улс шүү дээ. Хэргийг нь бариад “Чи ийм хэрэг хийсэн байна” гэхэд “Би хэрэг хийгээгүй л гэж орилдог”. “Ийм нотолгоотой байна” гэхэд “Тэр худлаа” гэж орилдог. “Би хэлмэгдлээ” гэдэг. “Би өршөөгдөх хүн биш, би цагаадах хүн” гэдэг.
9. Тэр авлигач цагаадах юм бол Монголын төр тэр өдрөөс эхэлж харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна.
10. Өнөөдөр Засгийн газар санал оруулаад ирэхэд, Засгийн газрыг огцруулна гэдэг асуудлаар дарамталж, айлгаж “Би орно, чи гарна” гэж энд тэндээс тив, улс дамжуулан утасдуулж яриулж, зочид буудалд цуглуулж байгаад “Түүнийг нь ингэж хас, өгүүлбэрийг нь тэгж бич” гэж байгаад өөртөө тааруулж хууль хийж байна.
11. “Танай энэ хүн сулрах гээд байна, манай энэ хүн сулрах гээд байгаа. Танай намд ч ашигтай, манай намд ч ашигтай. Манай фракцид ч ашигтай, чиний фракцид ч ашигтай, чиний тэр чинь байгаад байна, чи яасан хүн чанаргүй юм бэ, яагаад чи үүнийг дэмждэггүй юм бэ” гэж. Хүн л болсон хойно тэр зүрх сэтгэл рүү нь дайрч байж үүнийг гаргаж байгаа. Ийм юмыг тэвчээд, ийм зүйлийг Монголын төрийн босгон дээгүүр бид явуулж болох уу? Энэ засаг төрийг ингэж барьцаалж, бужигнуулж байхдаа өөрийнхөө нэрний чинээ, нүүрний арьсны чинээ ч бодсонгүй дээ.
12. Хүний эрх, хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Би хэрэг хийгээгүй гэж хэлэх эрхтэй. Нотлогдтол би хэрэг хийгээгүй гэж ярьж явах эрхтэй, шүүхээр шийдвэрлэгдтэл тэгж явах эрхтэй. Гэтэл тэр хүний ард тэрбум, тэрбум төгрөг, тэр нам нь, тэр телевиз нь, тэр сүлжээ нь байгаа.
13. Хамгийн аюултай нь өнөөдөр хамгийн том авлигачаас дараа үеийн авлигачид суралцаж байна шүү дээ. “Аан, телевизтэй байх ёстой юм байна, сонинтой байх ёстой юм байна, үнэн худал нам байгуулах ёстой юм байна, хэдэн хүн гишүүн гэж оруулах хэрэгтэй юм байна. Тэд нараар юм яриулах ёстой юм байна, тэд нараар хамгаалуулах ёстой юм байна, тэд нараар явж байгаа төрийн бодлого тэр бүхэн рүү дайруулах ёстой юм байна, Өө ингэж гардаг юм байна шүү дээ, ингэж хуулиас зугтаж болдог юм байна шүү дээ” гэж.
14. “Зөвлөгөө өгье”. Гэмт хэрэг хийсэн гэдэг нь, гэмт хэрэгтэн гэдэг нь шүүхээр тогтоогдчихсон хүн өнөөдөр Монголын төрд зөвлөгөө өгөхөөр ирлээ. “Хэрэгтэй бол өгье” гэж. Тэрний оронд залуу үеэ дэмж л дээ, энэ намууд. Түүний оронд тэр залуу үеийн шинэ санаануудыг дэмж л дээ. Монголын нийгэмд, энэ улс төрд тулгамдаж байгаа, төрд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх шинэ санаануудыг дэмж.
15. Зарим нэг хүн яаж биеэ үнэлэхээ бодож байгаа. Ирэх сонгуульд танай намтай орох уу, эсвэл танай намтай орох уу гэдгээ одоо шийднэ. Гэхдээ чи тэр Элбэгдоржийн ярьж байгаа хоригийг хүлээж авах уу! гээд тийм л юм ярьж байгаа шүү дээ. Монгол Улсын хөгжлийхн тухай ярих гэж ирсэн гэж бодож байна уу та бүхэн.
16. Чи тэнд аюул тарихаасаа өмнө, Монголын төрийг аюулд унагахаасаа өмнө гар. Дахиж Улсын Их Хуралд битгий нэр дэвш. Одоо гараад мэдэгдэл хий л дээ. Тийм л шудрага юм бол гараад л чи мэдэгдэл хийчих. Чиний тухай ярьж байгаа, хэний тухай ярьж байгааг наадуул чинь маш сайн мэднэ.
17. Дахиж л битгий УИХ-д нэр дэвш. Дахиж битгий улс төрийн албан тушаал хаш. Дахиж битгий ийм юмны үнэрээр ордон дотуур эргэлд. “Эргэлдэхгүй ээ” гээд түүнийгээ л хэлчих. Дахиж халдашгүй дархан эрхийн дор орно гэж бүү зүтгэ.
18. Үнэхээр зовж байгаа юм бол, хэлмэгдэж байгаа юм бол, зовон зовон энд юугаан хийж суугаад байгаа юм бэ. Хэлмэгдэн хэлмэгдэн яагаад суугаад байгаа юм бэ. Зүгээр л гараад яв. Боллоо.
19. Босгонд нь байтугай, босгоных нь шороонд нь хүртэл ойртуулмааргүй тийм улсууд байгаа юм.
20. Зарим авлигач өнөөдөр салхилах гэж Монголдоо ирдэг болжээ. “Би салхилах гэж Монголд ирлээ” гэдэг. Би Төрийн ордон бол хүн салхилаад байх газар биш гэж бодож байна. Салхиа санаад хүний нутагт хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хүний газрын тансаг өндөр үнэтэй байшинд очоод хэвтээд бай гэж хэн ч хэлээгүй. Тэр авлигачид тэр хамсаатнуудаа аваад ир. Тэр авлигаар зугтаалгасан олон тэрбум төгрөгөө, тэр олон сая ам.доллараа аваад ир. Тэр хамсаатан болгоод, гаргаад зугтаалгасан байгаа дүүгээ авч ирээд салхилуул. Дүүтэйгээ ирээд салхил. Тэр хамсаатан болгоод хэрэг хийгээд гаргаад явуулчихсан байгаа туслахынхаа ахыг аваад ир, тэгээд хамтдаа салхилцгаа.
21. “Шоронд орлоо” гээд орилолддог. “Намайг гаргаад өг, би амь тавих гээд байна” гээд орилоод байдаг. Аймшигтай том хэрэг нь илрэх гээд, аймшигтай том сүлжээ нь илрэх гээд гадна дотногүй үйл ажиллагаа яваад ирэхээр л “амь тавилаа, хором хормоор хэмжигдлээ миний амь” гээд л орилоод эхэлдэг шүү дээ. Яах юм, тэгж гадагш дотогш зугтааж.
22. Энэ гадагшаа яваад байгаа, гадна байгаад байгаа хүн зүгээр тэгээд хүний нутгийн тоостой салхинд салхилаад суугаад байна гэж бодож байна уу. Тэр мөнгөнийхөө хойноос явж байгаа юм. Тэр мөнгөнийхөө заримыг нь олж авах гэж л явж байгаа шүү дээ. Тэгж л тэр дүү, тэгж л тэр хань хамсаатнуудаа явуулж байгаа юм. Тэгдэг юм. Тэр нь илрэнэ гэж бодож айж байгаа юм.
23. Чонь борооноор гэж Өршөөлийн хууль гарлаа ч гэдэг юмуу, нэг барилдаан болж байна ч гэдэг юмуу, тийм юмаар орж ирж хүмүүсийн дунд суусан дүр үзүүлдэг байхгүй юу. Эх орноо саналаа гэж. Санаад байгаа юм бол эх орондоо бай л даа.
24. Монголчууд хүний эрхшээлд амьдрахад дургүй улс. Тэгэж ардчиллыг сонгосон, тэгэж эрх чөлөөг сонгосон юм. Одоо Монголчууд авлигчдынхаа эрхшээлд амьдрах уу. Тийм бодолтой байгаа хүмүүст “үгүй” гэж хэлье. Тийм бодолтой байгаа хүмүүст “дураа тат” гэж хэлье. “Зогс” гэж хэлье.
Т.Хулан
Сэтгэгдэл (117)