Өчигдөр Хүй Долоон Худагт эхэлсэн Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглолоо. Ардын Хувьсгал ялсанаас хойшхи анхны Даншиг наадам тул бөхчүүдийн улс, аймгийн цол огт хамааралгүйгээр бүгд тэгш байдалтайгаар сугалаагаар нэгийн даваанаас эхлэн таарч барилдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үзүүр түрүү хүртэл бөхчүүд сугалаагаар барилдана. Харин дараа жилийн даншигт бөхчүүд энэ жил хүртсэн даншгийнцолоороо ам авч барилдах юм.
Үндэсний бөхийн түүхэнд нэгэн хуучин атлаа шинэ хуудсыг нээж буй энэ барилдаан өчигдөр дөрвийн даваа хүртэл үргэлжилсэн. Наадмын талбайг дүүртэл ард олныг цуглуулан баясгасан, Даншиг наадмын анхны өдрийн барилдааны хамгийн сайхан даваагаар улсын харцага Пүрэвсайханы давааг нэрлэж байна.
Өст хүн өлийн даваан дээр гэгчээр дөрвийн даваан дээр Увс аймгийн 90 жилийн ойн барилдаан дээр зодолдох шахсан хоёр сугалаагаар таарсан юм.
Үзэгчид ч ихээхэн маргаан өрнүүлсэн Пүрэвсайхан, Батсуурь нарыг дахин тааралдаж, хэн нь зөв, хэн нь хүчтэй байсныгаа харуулаасай гэж бодож байсан бололтой дөрвийн давааны сугалааны оноолтыг зарлангуут хоёр бөх хүч үзэхийг сонсоод нийтээрээ уухайлж байлаа.
Монгол бөхийн жудаг мөхлөө гэдэг асуудлыг сөхөх байдалд хүргэсэн хоёр бөх энэ удаад эв найрамдалтай хүч үзэв. Ингээд дөрвийн даваанд Пүрэвсайхан Батсуурийг амархан унагаахад наадамчин олон нийтээрээ дэмжин шагшиж байсан юм. Бичлэгийг үзнэ үү. Энэ бол яах аргагүй Даншиг наадмын хамгийн сайхан даваа байлаа.
Д.Идэр
Сэтгэгдэл (35)