Мэргэжлийн сүмо бөхийн дээд амжилт, хамгийн олон түрүүг эзэмшигч, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, бэсрэг наадам боллоо. Эр бяр, эрч хүч, уран мэхийн гайхамшгийг үзүүлэн сүмогийн дэвжээг эзэлсэн М.Даваажаргалын тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Бөхийн спортын түүхэнд домог мэт амжилт гаргасан дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү Даваажаргал нь 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний төрсөн өдөр гуравдугаар сарын 11-нд болдог.
2. М.Даваажаргал нь Японы мэргэжлийн сүмод их аварга Д.Дагвадоржийн дараа төрсөн Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх Ёкозүна юм. 2007 оны 5 сарын 30-нд буюу 22 насандаа сүмогийн 69 дэхь их аварга болжээ.
3. Тэрээр нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд суралцаж байжээ. Японы сүмогийн ордны дээр заларсан М.Даваажаргалын зураг нэгдүгээр сургуулийн хананд ч мөн харагддаг юм.
4. Ж.Мөнхбат аварга хүүгээ багад нь “охин” гэж хүмүүст танилцуулдаг байжээ. Энэ зурган дээр М.Даваажаргалын даахь үнэхээр туузтай харагдаж байгаа биз.
5. Тэрээр бага байхдаа спортод дуртай, тэмцээн уралдаанд их оролцдог хүүхэд байжээ. Ширээний теннис, шатар, даам тоглодог байсан ба тэр дундаа сагсан бөмбөгөөр илүү хичээллэдэг байсан гэдэг.
6. Сагсан бөмбөгийн спортын алт, мөнгө, хүрэл медальтай. Бага ангид байхдаа зун нь цемент, өвөл нь цасан дээр тойрог зурж байгаад сүмо барилддаг байсан. Тухайн үед сүмод ах дүү хоёр аварга шуугиулж, Кёкүшюзан ид барилдаж байсан учир сүмо бөхөд дурлаж, ихэд сонирхож байсан гэдэг.
7. Тэрээр анх сүмогоор хичээллэхээр 15 насандаа гурван сарын хугацаатай Японд очиж байжээ. Тухайн үед түүний жин 62 кг, 175 см өндөр байсан. Харин одоо 191 см өндөр, 154 кг жинтэй болсон байна.
8. Утас байсан тулдаа сүмод орсон гэж боддог. /өөрийнх нь хэлсэн үг/ Японы сүмогийн Ояагата болон захирлууд сүмод барилдуулахаар олон хүүхдээс сонголт хийсэн аж. Тухайн үед М.Даваажаргалыг голсон учир тэрээр Монгол руу буцахаар Осакад байж байтал багшийнх нь утсанд дуудлага ирж, хамгийн жаахан хүүхдийг чинь авъя гэж ярьжээ. “Туранхай шүү дээ” гэхэд “Туранхай нь хамаагүй, нас нь бага юм чинь өснө гэж хэлж байжээ.
9. Тэрээр 2001 онд анхны башёдоо барилдсан бөгөөд хоёр жил гаруй хугацаанд доод зиндаанд барилдсан юм. 2004 оны 5 сард Макүүчид дэвшиж цолтой бөх болж байв.
10. М.Даваажаргал доод зиндаанд барилдаж байх үедээ өдөрт гурван удаа уйлдаг байжээ. Тухайн үед бэлтгэл сургуулилтандаа шантарч уйлахаас гадна зэмлүүлж бас уйлдаг байсан гэдэг.
11. Дээд зиндаанд хамгийн анх түрүүлэх үед Миябияматай даваа тэнцэж байв. Бас аав нь ирчихсэн байсан учир өмнөх шөнө нь гэгэлзээд унтаж чадаагүй гэдэг. Гэсэн ч тэр эцэг эхийнхээ өмнө анхны түрүүгээ авч байсан юм.
12. Тэрээр 2010 оны хоёрдугаар сарын 21-нд Токиогийн төвд байрлах "Prince" зочид буудалд Саяако хэмээх өөрөөсөө нэгээр эгч Япон бүсгүйтэй хуримласан. Түүний хуримын ёслолд нийт 870 зочин хүрэлцэн очсон байна.
13. Хуримд Хакүхогийн гэр бүлээс гадна Кёкүшюзан Д.Батбаяр, даян аварга Г.Өсөхбаяр нарын 70 орчим зочид гэр бүлийн хамт Монголоос уригдан очжээ. Тэд монгол дээлээр ижилсэж, их аваргын хуримыг чимсэн тухай Японы хэвлэлүүд мэдээлж байсан юм.
14. Түүний эхнэр Саяако нь Японы алдартай бизнесмэний охин бөгөөд аваргад хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн юм. Тэрээр эхнэртэйгээ 18 настайгаасаа үерхэж байгаад гэр бүл болсон аж.
15. Их аваргын хүүг Д.Мөнхжаргал гэдэг. Япон нэр нь Махато. Монголчилбол "Үнэнээр жигүүрлэгч" гэх утгыг илэрхийлдэг. Харин охиныг нь Юнрэнцоо буюу Амиюү гэдэг. Урт удаан наслахыг бэлгэдсэн нэр аж. Том охин Амиюү нь аавыгаа Ёкозүна цол авахын өмнөхөн төрсөн учраас тэрээр охиндоо их хайртай байдаг. Харин бага охин Маяагийх нь япон нэр нь Миюша. Түүний хүү аавтайгаа адилхан 3 кг 600 гр жинтэй төржээ.
16. Аваргын эхнэр гурилтай шөл, бууз, хуушуур гэх Монгол хоол маш сайн хийдэг. Түүнийг жаахан уусан үед бантан хүртэл хийж өгдөг хэмээн аварга нэгэн ярилцлагадаа дурджээ.
17. Түүний амьдардаг орон сууц Японд хамгийн үнэтэйд тооцогддог. Тэднийх 3LDK буюу хоол, унтлагын, зочны өрөөнөөс гадна 3 том өрөөтэй 150 сая иенээр үнэлэгдэх элит орон сууцанд амьдардаг аж.
18. М.Даваажаргал өөрийгөө гайгүй сайн дуучин гэж боддог. “Халуун элгэн элгэн нутаг” дууг чамгүй сайн дуулдаг гэж ойр дотныхон нь магтдаг. Дуучин Лхагваагийн “Толин хул” дуунаас гадна С.Жавхлан, Т.Ариунаа, Б.Сарантуяагийн дууг сонсох дуртай.
19. Тэрээр сүмо болоогүй бол эмч болох байсан гэдэг. Учир нь түүний ээж эмч мэргэжилтэй юм.
20. М.Даваажаргал сүмод орсноос хойш хамгийн ихдээ 18 цаг унтсан гэдэг. Түүнийг унтахдаа ямар ч хөдөлгөөнгүй унтдаг гэж ойр дотныхон нь ярьдаг юм.
21. Нэг үе их аваргыг Японы иргэн болох нь гэж хэвлэлүүдээр шуугиж байсан. Гэсэн ч тэрээр энэ асуултад “ХЭЗЭЭ Ч ТИЙМ ЗҮЙЛ БОЛОХГҮЙ” хэмээн хариулсан.
22. М.Даваажаргалын чин хүсэл хүүгээ их аварга болгох. Хэрвээ хүү нь их аварга болбол манай удмаас гурван үеийн аварга төрнө гэж мөрөөддөгөө тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
23. Өнгөрсөн хоёрдугаар сард хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолны найраа өчигдөр зохион байгууллаа.
24. Ганцаараа аварга байхад сэтгэл санааны хувьд хүнд байдаг юм байна. Дагваа аваргыгаа үгүйлж байна. /өөрийнх нь хэлсэн үг/
www.24tsag.mn
Сэтгэгдэл (12)