Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосонтой холбоотой иргэдийн сонирхож буй 24 баримтыг хүргэж байна.
1. Орон сууцны урьдчилгаа төлбөр 10 хувийн журамд хамрагдах зорилтот бүлгийг ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан” болон бусад холбогдох мэдээллийн санд тулгуурлан тогтооно. Уг санд байгаа өрхүүдийг амьжиргааны түвшингээр нь 20 бүлэгт хуваадаг бөгөөд эдгээрийн 7-15-р бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар мэдээлсэн.
2. Засгийн Газрын батлан даалтад хамрагдах боломж бий эсэхээ мэдэхийг хүсвэл ХАХНХЯ-ны “Өрхийн мэдээлийн нэгдсэн сан”-д хандан мэдээлэл авч болох юм.
3. Өнөөдөр иргэд 30 хувийг шууд төлж чадахгүй байна. Тиймээс бид боломж олгоод 20 хувь дээр нь баталгаа гаргаж байгаа тул үүн дээрээ 8 хувийнхаа хүүг төлөөд явна гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн.
4. Гэхдээ банкууд урьдчилгаанд нийт зээлийн 30 хувийн төлбөрийг шаарддагаараа шаардана. Харин энэ мөнгөний 10 хувийг төлөөд, 20 хувьд нь батлан даалт авах хүсэлтээ Хөгжлийн банкинд тавих юм.
5. Урьдчилгаа 30 хувийн зээлд хамрагдсан иргэд 10 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй.
6. Нийтдээ 200 тэрбум төгрөгийг засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаа болгож байна.
7. Өнөөдрийн зах зээлийн тооцооллоор 10-аад мянган өрх энэхүү зээлд хамаарна. Цаашид зах зээл өөрөө зохицуулаад явна гэдгийг салбарын сайд мэдээлсэн.
8. Урьдчилгааг 10 хувь болгосноор барилгын салбарынхан нийлүүлэлтийг давуулах юм уу, хэтрэх тухай ойлголт байхгүй юм байна. Эрэлт нь нийлүүлэлтээ давахгүй учраас үнэ нэмэгдэхгүй гэж үзэж байгаа аж. Ингэхээр орон сууцны үнийн хөөрөгдөл гарахгүй гэнэ.
9. Албаны хүмүүсийн мэдээлснээр орон сууцны урьчилгаа 10 хувийн зээл энэ сараас хэрэгжиж эхлэх юм.
10. Зах зээлд нэмэгдсэн шинэ барилгуудад зээлийг түлхүү олгохоор төлөвлөж байгаа аж. Энэ бол барилгын салбарыг бүхэлд нь дэмжих, нөгөө талаас ард иргэдээ орон сууцжуулах зорилготой юм байна.
11. 30 хувийн зээл ч энэхүү зээлтэй хамт үргэлжлээд явж байгаа.
12. Байрны урьдчилгаа 30 хувиа шууд төлөөд байр авах боломж нь ч нээлттэй юм байна.
13. Одоогоор зах зээлд нийлүүлэгдсэн өнгөрсөн жилийн болон энэ оны 32-36 мянган айлын орон сууц бэлэн байгаа юм байна.
14. Банкууд өөрийнхөө эрсдлийг бодоод шалгуур тавьдаг. Гэхдээ банкууд энэ зээлийг найдвартай гэж үзэж байгаа. Банкуудын шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орохгүй. Гэхдээ банкны шалгуур үзүүлэлтийг хүндэтгэх хэрэгтэй гэдгийг албаны хүмүүс онцолсон.
15. Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн сайн байгаа аж. Тиймээс хуримтлагдсан мөнгө байгаа юм байна. Банкуудад 20 хувийг санхүүжүүлэхэд нэмэлт ачаалал бий болгохгүй аж.
16. Барилга, хот байгуулалтын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг ипотекийн зээл олгох шинэ журам боловсруулж байна. Ерөнхий сайд энэ журмыг энэ сард багтаан боловсруулах үүрэг өгсөн.
17. Засгийн хуралдаанд шийдвэрлэснээр эхний ээлжинд 200 тэрбум төгрөгийн зээлийн батлан даалт олгох эрхийг Хөгжлийн банкинд олгосон юм. Зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр Хөгжлийн банк гаргах юм.
18. Зээлийн нийт баталгаа 200 тэрбум төгрөгт тулсан цагт 10 хувийн урьдчилгаа авах арилжааны банкуудын зээл зогсох магадлалтай юм.
19. Орон сууцны урьдчилгааг цаашид ч үргэлжлүүлэн олгохын тулд Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайдад үүрэг өгч, ирэх жилийн төсөвт ипотекийн зээлийн батлан даалтад тодорхой хөрөнгө хуваарилах үүрэг өгчээ. Мөн Засгийн газраас гаргах өрийн баталгааны дээд хэмжээнд тусгах юм байна.
20. Засгийн Газар батлан даалт гаргаж байгаа учраас зээл авч буй иргэний ажил, орлого нь барьцаа болох учиртай юм.
Тиймээс тогтмол орлоготой, нийгмийн даатгал төлдөг, орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлөх чадвартай иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувийг Засгийн Газар батлан даахаар болж байгаа юм. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэнийг хамруулахаар тусгаад байна.
21. Засгийн газрын баталгаанд хамрагдсан иргэн орон сууцныхаа үнийн дүнгийн 10 хувийг бэлэн мөнгөөр төлж, 90 хувьд жилийн 8(±1) хувийн хүүтэй ипотекийн зээл авна гэсэн үг. Зээлдэгчийн сар бүрийн төлбөрөөс нийтдээ 20 хувийн баталгааны хэмжээний төлбөр хийгдмэгц засгийн газрын баталгаа дуусгавар болдог байх байр суурийг яам баримталж байгаа. Энэ бол найман хувийн зээл, тэгэхээр баталгааг үндэслэн авсан зээлийн хэсэгт ч үйлчлэх ёстой.
22. Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувь болсонтой холбоотойгоор зээлийн 20 жилийн хугацааг сунгаагүй байгаа. Яваандаа сунгах боломж бий гэж эх сурвалж хэлж байна.
23. Найман хувийн хүүтэй зээлд хамрагдах орон сууцны 80 м.кв-ын босгыг нэмэгдүүлэх асуудлыг Монголбанк судалж байгаа гэнэ.
24. Засгийн газар, Монголбанктай хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 67 мянган иргэн энэхүү зээлд хамрагджээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (11)