Чингис хааныг тодруулах ёслолыг голчлон зохион байгуулж, нийгэмд багагүй дуулиан тарьж, ад шоо болоод байгаа И.Мөнхсаруул гэх эмэгтэй чухам хэн юм бэ гэсэн асуултыг нийгэмд төрүүлээд байгаа билээ.
Эзэн Чингис хааныг тодруулах "үүрэгтэй" хөдөөгийн сумын цэцэрлэгийн багшийн тухай 24 баримтыг дэлгэж байна.
1. И.Мөнхсаруул нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат.
2. Тэрбээр Мөнх тэнгэрийн оньс гэгээнтэн хэмээх гуншинтай аж.
3. И.Мөнхсаруул өөрийн цахим хуудаснаа “Дэлхий ертөнцийн чандаас сүүлийн гурван жил орчим, өдөр тутам Мөнх Тэнгэрийн мэдээллүүд надад цэгцтэйгээр ирж тодорхой үйлүүдийг хийлгүүлж, улмаар гэгээнтэн хэмээх эрхэм алдар, цол хэргэмийг давхар олгосон хэмээн бичжээ.
4. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд цэцэрлэгийн багш, эрхлэгчээр 27 жил ажилласан, багш мэргэжилтэй нэгэн.
5. 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Мөнх тэнгэрийн дуудлага, даалгаварыг хүлээж авч, тэр өдрөөс хойш түүний далд мэдрэхүйд тэнгэрийн даалгавар тодрон буух болсон хэмээн албан ёсны намтартаа бичжээ.
6. И.Мөнхсаруул энэ өдөр аймгийн төвөөсөө хотод цэцэрлэгийн багш нарын семинарт оролцох үед толгой нь эвгүй өвдсөн байна. Улмаар гадаа гартал тэнгэрээс үүлээр тэнгэрийн зарлигийг монгол бичгээр бичиж харуулж байсан гэв.
7. И.Мөнхсаруулд тэнгэрээс илгээсэн үг нь “бүтээл” гэсэн үг байжээ. Тэгээд тэр зарлигийг нэг бүрчлэн бичиж авсан аж. Харин тэрбээр эхэндээ өөрөө ойлгоогүй ч яваандаа зарлигийг хүмүүст дамжуулан хүргэж болдог гэдгийг ойлгосон хэмээн хэвлэл өгсөн ярилцлагандаа дурджээ.
8. Мөн тэрбээр тэнгэрээс зүүдээр нь дамжуулан маш олон мэдээллийг өгдөг гэнэ.
9. И.Мөнхсаруул энэ нууцаа олонд дэлгэлгүй гурван жил болжээ.
10. Тэрбээр Монгол Улсынхаа нийт аймгуудаар гурван удаа тойрч, орон нутгийн ард түмэнд мөнх тэнгэрийн зарлигийг хүргэсэн гэх.
11. И.Мөнхсаруул нь урд насандаа эзэн Чингис хааны эрдмийн багш, номын шадар түшмэл нь байсан хэмээн өөрийгөө өргөмжилжээ.
12. Харин дараагийн төрөлдөө Өндөр гэгээн Занабазарын дүрээр их үйлсийг бүтээн туурвьж явсан гэнэ.
13. И.Мөнхсаруул хамгийн анх “Улаан хадагны ёслол” буюу галын үйлийг хийж байжээ.
14. И.Мөнхсаруулыг “Мөнх тэнгэрийн оньс” ТББ-ынхан Тэнгэрийн зарлигийг биеэрээ дамжуулан буулгаж байгаа тэнгэрийн зарц, төлөөлөгч хэмээн шүтэж, түүнээс бөө, удган биш гэдгийг нотолдог байна.
15. “Мөнх тэнгэр оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол, цэнгүүнийг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан ч “ Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаасаа адис аваад буцаарай” хэмээн хурсан олныг тараасан.
16. Тэнгэр түүнд "Чи бол Их Эзэн Чингэс хааны нууцын түлхүүр" гэж хэлэн монгол гэрийн бүтэц буюу эд ангиар төсөөлөн 181 тэнгэрийн тамгатай хүмүүсийг олж, Мөнх Тэнгэрийн зарлигаар энэ цаг үеийг тохинуулахаар буусан "сахиус тэнгэртэнгүүд буюу бурхад"-ыг залж "түлхүүрдэн нээн холбох" үүргийг өгсөн гэнэ.
17. 2013 оны 8 дугаар сарын 25-нд Булган хайрхнаас тэнгэрийн тамгыг залахад тив дэлхий, ертөнц дахиныг аврахын тухайтад 1000 бурхан залрах тухай мэдээллийг хүлээн авсан хэмээн өөрийн байгууллагын цахим хуудаснаа өгүүлжээ.
18. И. Мөнхсаруул 56 (7×8) булдруут хэнгэрэг ашигладаг аж. Тэрбээр энэхүү хэнгэрэгийнхээ талаар “Мэдээж судрын үйл, домын үйл, бичгийн үйл, сургах.., үйлэнд уналга болдог. Ер нь буурлуудын үйл бол хязгааргүй л дээ. Бид л хэдхэн нэр өгөөд хар, цагаан хэмээн ангилчихаад байгаа. Улаачид л мэдрэмжээ өөрсдөө хөгжүүлж онгод буурлуудын агуу мэдрэмж чадварыг өвлөн авч хүн төрөлхтөнд эерэгээр нөлөөлөх шаардлагатай байгаа” хэмээжээ.
19. Хөх толбот монголчуудаа сэрээн хөглөж, хийморь сүлдийг нь тэгшлэн хишиг буяныг нь дуудан зөв амьдрахуйн ухаанаар соён гэгээруулэх зорилготой хэмээн тодорхойлсон энэхүү үйлээ 2014 оны 11 дүгээр сараас эхлүүлжээ.
20. И.Мөнхсаруул нь таван хүүхэдтэй.
21. Энэ сарын 22-ны өдөр Хаан тодруулах ёслол зохион байгуулна хэмээж байсан түүний энэхүү үйл ажиллагаагаа хойшлогдож 28-ны өдөр болсон. Гэвч мөн л хойшлогдож ирэх есдүгээр сарын 22-ны өдөр болсон.
22. Нэг насаараа цэцэрлэгийн багш, эрхлэгчээр ажилласан И.Мөнхсаруул гэх эмэгтэй Хаан тодруулах ёслолд 16 сая төгрөг зарцуулж, энэ мөнгийг хувиасаа гаргасан хэмээн ярьжээ.
23. Чингис хааны дэлхийн академийн тэргүүн П.Давааням ”И.Мөнхсаруул хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдлээ” хэмээн мэдээлсэн.
24. Нийгмийн сэтгэлзүйн сэтгэхүй” төвийн захирал, сэтгэл судлаач Л.Эрдэнэцогт И.Мөнхсаруулын Хаан тодруулах үйл ажиллагааг “Сэтгэл судлалын шинжлэх ухаанд энэ үйлдлийг шизофрени ба шизофрени төст өвчин гэж нэрлэдэг” хэмээн тайлбарлажээ.
24tsag.mn Б.Батчимэг
Сэтгэгдэл (64)