Я.Батсуурийн хамт шалгагдах ёстой байсан Г.Дэнзэн Герман руу зугтсан гэх мэдээлэл нэг хэсэгтээ л намжаагүй. Тэгвэл тэрбээр саяхан эх орондоо ирээд байгаа билээ. Ирсэн дариудаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд шалгагдаж буй гэх асуудлынхаа талаар дэлгэж эхэлжээ. Ингээд Г.Дэнзэн юу өгүүлэв. Г.Дэнзэнгийн хэлсэн 24 баримтыг дэлгэж байна.
1. Тэрбээр Герман Дюссельдорф хотод математикийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх дөрвөн сарын сургалтанд суугаад иржээ.
2. АТГ болон ямар ч хуулийн байгууллагаас намайг дуудаж шалгаагүй.
3. Үйл ажиллагаа эрс сайжирч, олборлолт борлуулалт нь хэд дахин нэмэгдсэн төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компанийг төрийн луйварчид баллаж дуусгахыг нь өмнө аварч хувийн хэвшилд шилжүүлье гэдэг “найруулгатай” жүжиг ид өрнөж байгаа. Энэ жүжгээ амжилттай болгохын тулд хуучин муу дүрээ сэргээж ашиглаж байгаа л төдий юм.
4. Үнэндээ би “Ардчилал”-ыг муухай харагдуулахын тулд сөрөг хүчний хөрөнгөтэй залуусын зохиомол дүр. Энэ дүрийг “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг огцруулахдаа амжилттай ашигласан “ах” нар одоо ээлжит хулгай дээрээ дахин ашиглах гэж оролдож байгаа нь үнэхээр зэвүүцэм санагдаж байна.
5. Эхний удаа хүмүүсийн зөвлөсний дагуу “улс төр юм даа” гээд дуугүй золиослогдоод өнгөрсөн. Гэтэл энэ удаад арай л хатуудаж байна.
6. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө урам зоригтойгоор зүтгэж эхлэх насан дээрээ бохир улс төрийн золиос болж, амьдарч буй нийгэмдээ буруутай болж харагдахыг ямар залуу хүн хүсэх вэ дээ. Тэрээр "Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болно" хэмээн "Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгсөн.
7. Н.Алтанхуяг дарга манай хадам аав биш гэдгийг дахин хэлье.
8. Би дүүгийнх нь охинтой хамт ажиллаж байгаад дотносож танилцаад гэр бүл болсон энгийн л нэг залуу.
9. Н.Алтанхуяг даргатай бол бүр 2007 оноос хамт ажиллаж байгаа. УИХ дахь АН-ын бүлэгт зөвлөхөөр ажиллаж байхдаа сургуулиа дөнгөж төгссөн намайг багшаар минь дамжуулан дуудаж уулзаад, “Надад гурван бодлого байна. Энэ гурван бодлогыг бодоход чи туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна” гэсэн. Би ч “За” л гэсэн.
10. Эхнийх нь төрийн албан хаагчийн цалинг 500 мянга төгрөг болгох тухай байсан. Нөгөө хоёр нь Оюутолгой, Тавантолгой дээр тооцоо бодож, математик загвар боловсруулах гэсэн ийм л гурван бодлого л доо.
11. Ингээд гурван бодлогынхоо математик загварыг нь боловсруулсан. Ингээд би УИХ дахь АН-ын бүлгийн ажилтан болсон. Ингэж явсаар 2008 оны сонгуультай золгосон. Сонгуулийн дараа ажлуудаа дуусгаж тодорхой үр дүнд хүрчихсэн байсан. Тэгэхэд Н.Алтанхуяг дарга намайг “Энэ нөхөр хийвэл хийдэг юм байна. Үр дүнг нь гаргачихдаг юм байна” гэж үнэлсэн юм болов уу 2008-2012 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллахдаа намайг зөвлөх, дараа нь ахлах зөвлөхөөрөө ажиллуулсан.
12. Эхнэртэйгээ анх танилцахдаа Н.Алтанхуяг даргын хамаатан гэж мэдээгүй. Эхнэр маань ч хамаатан гэж хэлээгүй. Улмаар хамаатан болсон гэдгээ мэдэлцсэн ч өмнөх харилцаа огт өөрчлөгдөөгүй. Ажил хэргээ зөвшилцдөг, ярилцдаг, заадаг зөвлөдөг яг ямар байсан тэр янзаараа л үргэлжилсэн.
13. Би бас АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн. Өмнө нь улс төрийн алба хашиж байсан туршлагатай хүн.
14. 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед яг Хэрэг эрхлэх газарт ажиллаж байсан хүн манай намаас гурав, дөрөвхөн байдаг юм. Тэдний нэг би.
15. Тэр үед ЗГХЭГ-ын дэд дарга нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан. Н.Алтанхуяг дарга, Ч.Сайханбилэг дарга хоёр “ЗГХЭГ-ын дэд дарга болж залуу хүний эрч хүчээр шинэлэг ажлууд хийгээч ээ, нам, бүлэг, ажлын албан дээр ажиллаж байсан шинэлэг арга барилаа нэвтрүүлэх гэж оролдооч ээ” гэж л санал тавьсан. Ингэж би 2012 оны есдүгээр сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон. Тэнд есөн сар ажилласан.
16. ЗГХЭГ гэдэг их хөшүүн хойрго, хүнд сурталтай, өөрчлөх юм ихтэй газар байсан. Ингээд хийсэн шинэлэг ажлууд маань одоо ч үргэлжлээд явж байгаа.
17. Тухайлбал, “Шинэчлэл”-ийн Засгийн газрын “11 11” утсыг ажлуулж ард иргэдийнхээ санаа, оноог сонсдог болсон. “Хариуцлага, хэрэгжилт, хяналт” гээд яамдтай хийдэг цахим хурал байна. Мөн Аймгийн удирдлагууд цахимаар Ерөнхий сайдтай холбогдож холбогдох асуудлуудаа тавьдаг болсон.
18. Замын барилгын бүтээн байгуулалтаас их зөрчил илэрсэн. Санхүүжилтээ авсан хэрнээ ажлаа дуусгадаггүй, тэгсэн хэрнээ төсөв дутлаа гээд. Сангийн яам компаниудыг дуудахаар янз бүрийн шалтаг тоочдог. Би залуу хүн учир иймэрхүү луйврийн шинжтэй зүйлсийг засаж залруулж, олон нийтэд дэлгэж эхэлсэн. Дуусаагүй обьектийн энэ зөрчлийг далласан нь надруу маш том гал дуудсан гэж би одоо боддог юм.
19. “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгийг хатуу мэдэгдье.
20. Я.Батсуурь захирал болон ТУЗ төрийн өмчит компанийг ашигтай, тогтвортой ажиллаж болдгийг бодитоор нотлон харуулж чадсан.
21. “Говь повер”-ын хувьд манай эхнэр тухайн үед нярай биетэй гэртээ байсан. Юун тендер, Тавантолгой вэ. Дэнзэн гэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Ингээд Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, “Говь повер” гэдэг компани гэнгүүт Г.Дэнзэн Дорноговийнх гэж холбоод л.
22. Ерөөсөө л Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг ш дээ.
23. Намайг огт шалгаагүй хэрнээ шалгаж байгаа мэтээр зарласан.
24. Хэрэг хийгээгүй хүнийг яаж дуудаж байцаах вэ дээ. АТГ-аас намайг шалгаж байгаа гэх мэдээлэл бол тархи угаалт.
24tsag.mn
Сэтгэгдэл (20)