Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг 3.6 тэрбум төгрөг хувьдаа завшсан хэргээр буруутгаж хорьсон. Тэрээр өлсгөлөн зарлаж биеийн байдал нь муудсанаас болж батлан даалтаар гараад байгаа. Л.Гансүх өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Түүнийг барьж хорьсон асуудал бол улстөрийн зорилготой, зохиомол хэрэг гэдгийг тэрбээр онцолсон нь өнөөдөр сошиал ертөнцөд дуулиан болоод буй. Түүний хэлсэн 24 баримтыг хүргэе.
1. 2014 оны тавдугаар сарын эхээр миний зүүн хөлийн хуруу ясны хавдартай болж Солонгост очиж сүүжний яснаасаа хуруундаа шилжүүлэн суулгах мэс засалд орсон. Тэр хойгуур намайг их хэмжээний мөнгө идээд оргон зайлсан гэж мэдээлсэн.
2. Эмнэлэгт хэвтэж байсан би интернэтээс “Л.Гансүх охиныхоо компаниар дамжуулан 800 сая төгрөг идсэн” гэх мэдээллүүдийг харангуутаа туслах руугаа яриад “Нэгд, өвчтэй байгаа хүнийг оргон зугтаасан гэж болохгүй. Хоёрт, үнэхээр надтай уулзах хэрэг байгаа бол би очиж байгаад цагдаатай нь уулзана” гэж мэдэгдсэн.
3. Монголд ирэнгүүтээ буюу 5 сарын 20-доор АТГ-аас дуудахад очиж гэрчээр л байцаагдсан. Гэтэл гэнэт долдугаар сарын эхээр АТГ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан “Үндэсний аудитын газрын урьдчилсан дүгнэлтээр Л.Гансүх 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй” гэх мэдэгдлийг хийсэн.
4. АТГ энэ мэдэгдлийг хийснийхээ дараа намайг сэжигтэн болгосон. Хамгийн сонирхолтой нь Солонгост эмчлүүлж байхад маань сонинд гарсан мэдээний өгүүлбэрүүд сэжигтнээр татсан тогтоолын заалтад яг тэр чигээрээ шахуу орсон байсан. Энэ бол хүнийг эхлээд хэвлэлээр ялладаг АТГ-ын арга барил.
5. 9 сарын сүүлээр цаг агаар хүйтрэх тусам иргэдээс нүүрсний үнийг хямдруул гэдэг шаардлага улам их ирсэн. Ингээд Ерөнхий сайд Сономпил сайдад үүрэг өгч энэ ажил эхэлсэн. Нүүрс хөтөлбөр бол Засгийн газраас иргэддээ хямд нүүрс хүргэх үүднээс хийсэн ажил. Иргэдийн гар дээр 1 тн нь 200 гаруй мянган төгрөгөөр очдог байсныг хямдруулаад 80 мянга л болгосон ажил юм шүү дээ.
6. М.Сономпил сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт "Багануур" илч уурхайн дарга, инженер гээд олон хүн орсон.
7. Нүүрс хөтөлбөр маш олон хүнийг ажлын байраар хангасан. Таван дүүрэгт 162 цэг ажилуулсан...
8. Орон нутгийн сонгуулиас урьтаж нүүрс хямдруулах ажлыг хийх нь Ардчилсан намын сонгуульд нөлөөлнө гэдгийг Н.Алтанхуяг дарга намын даргын үүднээс тооцсон л байх.
9. Хоёр жилийн өмнө гадаадад сурахаар явчихсан залууг хоёр жилийн дараа АТГ “Эрэн сурвалжилж байна. Байцаагдаж байгаад зугтсан” гэж зарласан. Энэ хэрэг гээч юм яригдаж эхлэхээс өмнө сургуульд явсан хүн шүү дээ.
10. Намайг буруутгах гээд байгаа 3.6 тэрбум төгрөг бол цаасан дээр үүссэн хиймэл мөнгө.
11. Тэр компани эхний жил ажилласан тайлангаа өгөхөд тэр компани 70 мянга гарсан байсан.
12. 2012 оны 10 сард гарсан тушаал 32500 төгрөгөөр шигшиж ангилсан нүүрсийг 39000 төгрөгөөр өгнө гэсэн тушаал бол огт хэрэгжээгүй тогтоол. Харин 2013 онд нэг тонн нүүрсний үнийг 27500 төгрөгөөр өгье гэсэн тогтоол гарч, хэрэгжсэн.
13. Энэ ажил хэрэгжээд дуусчихсан бүүр хоёр жилийн дараа Аудитын газрын Ичинхорлоо гэдэг байцаагч намайг буруутгах гэж цаасан дээр тоо зохиогоод биччихсэн. АТГ нэг хүний дураараа зохиочихсон шинжээчийн дүгнэлт гэдэг юмаар намайг буруутгаж байгаа юм. Багануурын уурхай алдагдалд ороогүй. Харин ч ашигтай ажилласан.
14. Надад 150.3, 263.2 гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн. 150.3 бол итгэмжлэн хариуцсан этгээд бусдын эд хөрөнгийг шамшигдуулах. Ер нь энэ зүйл анги бол социализмын үеийн байгууллагын шамшигдуулсан няравын зүйл анги гэдэг нэртэй юм билээ. Надад хариуцсан эд зүйл байхгүй. 263.2 нь албан тушаалаа хэтрүүлсэн гэж байгаа. Ахлах зөвлөх гэдэг бол улс төрийн албан тушаал. Надад гарын үсэг зурах шийдвэр гаргах ямар ч эрх мэдэл байхгүй. Тэр тусмаа мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах ямар ч эрх байхгүй.
15. Гурван сар хоригдсон. Өлсгөлөн зарлаад 11 дэх хоног дээрээ гарсан. Эхний хоёр сар хорихдоо ганцхан удаа л байцаасан. Тэгэхдээ нүүрсний асуудлаар биш. Н.Алтанхуяг чамайг яах гэж эргэж ирсэн гэж асуусан.
16. Ерөнхий сайд ирнэ гэж би мэдээгүй. Надтай уулзахад нь Шүүхийн шийдвэрийн дарга хамт байсан. Би Тэмүүжин сайдтай уулзаагүй. Ерөнхий сайд надад хоёр зүйл л хэлсэн. Нэгд, Энэ бол Засгийн газрын хийсэн ажил. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнийг чи мэдэж байгаа. Чамд ямар ч буруу байхгүй учир би сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэж ирлээ гэсэн. Хоёрт, нөхцөл байдал ямар байна. Дарамт шахалт байна уу гэж асуусан.
17. Бодит байдал дээр бол улстөрийн зорилгоор надад ял оноосон. Солонгост эмчлүүлж байхад АТГ яаран сандран мэдэгдэл хийсэн. Яг тэр үед Тэмүүжинг огцруулах, дан дээл давхар дээл гэж яригдаж байсан. Ерөнхий сайдыг огцоруулахад ахлах зөвлөхийг нь идээчин угаачин болгох хэрэгтэй байсан байх л даа.
18. Ер нь бол Н.Алтанхуягийг огцоруулах оролдлого эртнээс эхэлсэн. Шалтаг хайгаад эхлээд ууланд төөрлөө гэсэн. Дараа нь сайдуудыг нь суглаж огцоруулна гэсэн. Дараа нь давхар дээл, дан дээл гээд л...
19. Ерөнхий сайд нь огцорч байна гэдэг бол Ардчилсан нам унаж байна гэсэн үг. Энэ нь сөрөг хүчин болон хэсэг бүлэг хүмүүст хэрэгтэй байсан биз. Миний найз нөхдийн харьцаа хэвээрээ байгаа.
20. Ясны хавдар хортой болох аюутай байсан учир хөлийнхөө хурууг тайруулсан. Би 9 сард, 11 сард, 12 сард эмчилгээгээ хийлгэе гэж АТГ-д хүсэлт гаргасан ч зөвшөөрөөгүй. Хэрвээ намайг гуйсан хугацаанд маань явуулсан бол өнөөдөр хуруутайгаа байх байсан.
21. Прокурорын дэргэдэх мөрдөнг АТГ-ын хажууд аваачсанаар энэ байгууллага юу ч хийж болдог аймар газар болсон. АТГ-ыг тодорхой нэг хүн, бүлэг хүмүүс буруу тийшээ явуулчихсан. АТГ хэмжээгүй эрхтэй болчихоод байна. Энэ тухай би Ерөнхийлөгчид, УИХ-ын гишүүдэд хоёр удаа захидал бичсэн.
22. Бид ийм хэлмэгдүүлэлт хүсэж ардчилалын төлөө зүтгээгүй л дээ. Гэхдээ намын гишүүдэд буруу байхгүй ш дээ. Тогтолцоонд бол алдаа бий. Үүнийг засах хэрэгтэй.
23. Улс төрийн зорилгоор Гансүхийг яллах гэж байгаад гэмгүй олон залуусыг хэлмэгдүүлж болохгүй шүү дээ. Тэр компанийн нягтлан охиныг 6 сар хорихдоо ганц хоёрхон л байцаасан.
24. Арай ч яллачихгүй байлгүйдээ гэж бодож байна. Шүүх арай өөр түвшинд шударга ажилладаг байх гэж найдаж байгаа. Миний ялыг цагаатгахгүй бол 150 нь 5-10 жил, 263 нь 5 хүртэлх жил ял оноодог юм билээ.
Г.Үжин
Сэтгэгдэл (27)