Монгол Улсын гавъяат хуульч, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захидал хүргүүлжээ. Ц.Шаравдорж Ерөнхийлөгчийн 2009 оны 2 сарын 7-ны өдөр сонинд ярилцлага өгөхдөө тухайн үеийн эрх баригчдыг шүүмжлэн ярьсныг өнөөгийн байдалтай нь харьцуулан шүүмжилжээ.
Ерөнхийлөгч зургаан жилийн өмнө шүүмжлэн ярьсан зүйлтэйгээ өнөөдөр эвлэрсэн, бүр төдийгөөс ч дордуулсан тухай Ц.Шаравдоржийн хэлсэн үгсийг “24 баримт” буландаа хүргэе.
1. Дээд албан тушаалтнуудын гадаад томилолт гэж нэг цадигаа алдсан юм байна. Та бүхэн гадаад улс орнуудад явж байгаа байр байдал, хэм хэмнэл, үг хэлээ эргэн харж, эргэцүүлж нэг бодмоор юм.
2. Манай улсад нэгдмэл гадаад бодлого гэж юм байна уу, үгүй юу? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар шил шилээ даран, бие биедээ жөтөөрхөж атаархсан юм шиг ганц хоёр оронд ар араасаа ахин дахин очицгоох юм. Үгүй, тэгээд очсон хойноо та нарын хэлж ярьж, аашилж аяглаж байгааг! Хэл яриа чинь алдаа мадагтай, үйл хөдлөл чинь ав сав, түмний элэг доог болж байгаа чинь нэг л биш ээ!
3. Ерөнхийлөгч өө, та нар ёстой ичиж зовохгүй худал залах юм. Худал хэлбэл нэр төрөө уландаа гишгэлээ гэж ухаангүй айдаг, тэгснээрээ түмэн олондоо тоогдож, улс орноо хөгжүүлж, толгой дээгүүр явдаг гадаад орнуудын төр засгийн тэргүүн олон байна.
4. Биегүй, гоё ганган үгс гэдэг тэр дорхноо л хумхын тоос болж, ам хамраар чихэж, амьсгал давчдуулах юм. Уран үгээр улсыг хуурч, усан балингаар лусыг хуурлаа гэж худалч хулгайчийг жигшин зэвүүрхдэг ард түмэн та нарын худал үг, хуурамч дүр төрхийг байнга харж байгаа болохоор төрийн тэргүүн танд хэрхэн яаж итгэх юм бэ?
5. Олон түмэн гэдэг та бүхний боддог шиг юу ч сийхгүй амандаа орсноо бурж болдог, тэр бүхнийг нь үнэгний гавар шиг мартчихдаг, наад зах нь ам асуух тэнхэлгүй, арчаагүй тэнэг амьтад биш юм шүү.
6. Авилга, хээл хахууль манайд улам бүр өсч, улам бүр эрээ цээргүй болж байгаагаас биш, буурсан юм нэг ч алга. Юм бүхнийг шоронгоор айлгаж, шоронгоор шийдвэрлэх гэж хэний үед оролдож, бас хэний үед энэ санаа зорилгоо гүйцэлдүүлж байгаа билээ?
7. Улс орон хямарлаа гэх боловч гэтлэн давах талаар арга зам эрэлхийлсэн юм алга. Ийнхүү өдөр хоног аргацааж байтал өр зээл урьд хожид байгаагүй хэмжээнд хүрч, өдрөөс өдөрт Монгол орныг залгих үр могой болон өсч торниж байхад ард олны царай барайхаас өөрөөр яах юм бэ?
8. Эх орны эрдэс баялаг одоо л хэрэг болж, түмэн олныг тэжээх нь гэж баярлаж байтал Оюутолгой, Тавантолгой, Гачуурт зэрэг ордуудыг ашиглах гэрээ хэлцэл ард олонд хусам ч оногдохооргүй, харийнхан хийгээд төрд шургалсан хэд гуравхан этгээдэд л уул овоо шиг ашиг олохоор хийгдэж байхад бид барайхаас өөрөөр яах юм бэ?
9. Монгол улс шоронжсон орон боллоо. Шоронд хэн байна, залуус байна, шоронд хэний үрс байна, цагийн золиос болсон ядуусын үр хүүхдүүд байна гэж дээр дооргүй шагшраад байхад өршөөлийн хуулийг ч булзааруулаад, эрүүгийн хуулиа ч өөрчлөхгүй хатуурхаад байгаа хэрнээ өөрсдийгөө, мөнгөтэйгээ цуг аврах эдийн засгийн өршөөлийн хууль гэгчийг болохоор өнөө маргаашгүй гаргана гэж түмнээ биш өөрсдийнхөө хар толгойг бодоод байхаар чинь бид барайхаас өөрөөр яах юм бэ?
10. УИХ-ын нэг гишүүн улаан цайм ярьсан зүйлийг та анзаарсан байх. Тэр тухай бид бүгд сонсч, үнэхээр цочирдсон. Монголын настан буурлуудын нэг жилийн тэтгэврийг өлхөөн нэмчих тэр их мөнгийг таны найз, америкийн эмч гэр бүлийн хоёр хүнд бэлэглэчихжээ. Би үүнийг хэлээгүй, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан, өдгөө УИХ-ын гишүүн нэгэн хэлсэн юм. Захын энэ жишээ бол таны шударга байцгаая гэж хэлээд яг түүнийхээ эсрэг явж, олон түмний дургүйцлийг хүргээд байгаа өдий төдий зүйлийн өчүүхэн нэг хэсэг юм шүү.
11. Нөгөө “шүүхэд Ерөнхийлөгч дарамт болохгүй байхад л манай оронд юм их өөр болно” гэсэн чинь яасан бэ? Гэтэл таны уучилсан тэр хүмүүс хохиролоо төлөхгүй гэж одоо гэдийж байна. Тэр хүмүүсийг буруутгах юм алга. Харин Ерөнхийлөгч таны хоёр нүүртэй, хуулийг гууль болгодог, эрх мэдлээ хэтрүүлдэг, өөрөө бол төрийн ямар ч байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэдэг зан авир чинь их тодорч ирсэн дээ.
12. Гэтэл гол усаа хамгаална гэж явсан, аягүй ч бол Ноён уулын тухайд нутгийн олныг доороос нь та нар тэмцээд өгөөрэй, би дээрээс нь дэмжээд өгнө гэсэн таны хошгоруулалтанд итгэж байсан шиг найдаж, гарсан хуулийг сахиулах гэж, нэгэнт гарсан хуулийг санаан зоргоор өөрчлүүлэхгүй гэж итгэж тэмцэж явсан нэг залууд болохоор хуулиар түрээ барьж яасан их хатуурхана вэ! Ойр дотны хүмүүсийнх нь ярьж байгаагаар бол тэрээр урьд нь хоёр ч удаа уучлал гуйсан юм байна. Та болохоор ялтан Мөнхбаяр уучлал гуйгаагүй гэсэн.
13. Гансүх гуайг эмч нар нь гадаадад яаралтай шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл АТГ-аас хилээр гарах эрхийг нь хаачихсан. Амьд үлдэхийн тулд хуруугаа /хөлийн/ тайруулж шинжилгээнд явууллаа. …Яаралтай шинжилгээ хийлгэж, оношоо тодруулах шаардлагатай байсан учраас хуруугаа тайруулсан гэж өөрөө тайлбарлаж байгаа гэж “Өдрийн сонины” саяхны дугаарт гарчээ. Энэ чинь юу болж байна аа! Сэжигтэн битгий хэл хүний амь хохироосон хэрэгтэн ч эрүүл байх эрхтэй шүү дээ.
14. “Хүмүүс айдас хүйдэст баригдаад тэмцэж чадахгүй байна” гэж та зургаан жилийн өмнө халаглаж байсан бол одоо тэр айдас хүйдэс чинь бүх нийтийг бүрхжээ. Айдасгүй хүн өнөөдөр Монголд хаана байна? Ажилгүй болчих вий, бизнесээ булаалгачих вий, юухан хээхнээр өөнтөглөөд шоронд аваачаад хийчих вий гэх зэргээр, наад зах нь утас чагнана гэж бие биетэйгээ үнэн үгээ ярихаас ч айдаг болжээ. Ардчилал гэдэг айдастай байхыг хэлдэггүй байтал, тэгж айхаас ч аргагүй үйл явдал ар араасаа хөвөрсөөр өнөөг хүрлээ.
15. Ганцхан зүйл л асууя. Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг алсан аллагыг яагаад өнөөдрийг хүртэл гойд анхаарахгүй, илрүүлэх талаар алхам хийхгүй байна л гэж асууя. Энэ асуултыг монгол хүн бүхэн тавьж байна! Хэргийг илрүүлэхгүй байх сонирхол та нарт арай байдаг юм биш биз! Төрийн механизм тэр чигээрээ таны гарт байсаар байтал тэр талаар ярих нэг л дургүй болчихоод байгааг чинь хараад тэгж санагдах юм. Тэр ч байтугай тэр аймшигт аллагын мөрөөр хувиараа мөрдөж, сэжиг таамаг дэвшүүлсэн Д.Дожоодорж гуайн номыг гарангуут нь, зарж байгаа газар бүхнээс бөөнөөр нь хураан авч, устгасан тухай яриа олны дунд явсаар байгааг та мэдэх үү?
1990 оны ардчилсан хөдөлгөөний талаар бичиж нийтлүүлж байсан сонин хэвлэлүүд аль ч номын санд байхгүй болчихож. Тэр бүхнийг зориуд хураан авч устгасан тухай хүмүүс баримттайгаар яриад байгааг та дуулсан уу?
16. Монголын хууль эрх баригчид, олигархиудад бол хумхиж базаад хаядаг цаас, ард иргэдэд бол хумьж баривчлаад хорьдог цааз болчихоод байна. Өнөөдөр худал амлагчид, амиа бодогчид, олигархиудаас хэрхэн яаж салах вэ гэдгийг монгол хүн бүр боддог боллоо.Үүнийг Ерөнхийлөгч та мэдэрч байна уу? Мэдсэн ч мэдэн будилсаар байна уу?
17. Түрийний бөөсүүд ч үнэхээр толгойд гараад улс орон, ард түмнээр тоглож гүйцээд байна. Авилга, хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал Монголд үнэхээр дэндлээ. Хүн амын хоёрхон хувь нь л язартлаа баяжиж, дөчин хувь нь хоосорлоо. Дундаж түвшнийхний бараа харагдахгүй хэвээрээ байна.
18. Төрийн албаны хууль үнэн хэрэгтээ гууль болчихоод байна. Төрийн алба төрлийн алба болчихоод байгааг хэн хүнгүй мэддэг ч өөрчлөх тухай та бүхэн нэг ч ярихгүй юм. Харин бүр Төрийн албаны зөвлөлийг ад үзэж, татан буулгах тухай танаас эхлээд нэлээд шаардангуй ярьдаг болоод удаж байна. Боловсон хүчний халаа сэлгээ, цомхотголыг дураараа хийж, хамаатан садан, төрөл төрөгсөд, танил тал, өөрийн гэсэн хүмүүсээр дүүргэж, төрийн албыг бусниулах боллоо. Хүмүүсийг цомхотгол нэрээр, намын харьяаллаар халж сольж байгаа нь үнэн хэрэгтээ хоморголон хийж байгаа “улстөрийн хэлмэгдүүлэлт” юм. Шинэ үеийн энэхүү хэлмэгдүүлэлтийг таслан зогсооё гэж та лав хүсэхгүй байх шиг байна, Ерөнхийлөгч өө!
19. Н.Энхбаяр гэдэг хүнд муу муухайн баг бүхнийг өмсгөж, бах таваа хангасан тэр хүн-та өөрөө яг дүрээрээ, өөрийнхөө амаараа бүтээсэн “мангас” болчихоод сууж байх юм. Энэ чинь юу болж байна вэ? Хувь заяаны тоглоом шоглоом уу? Хүн дээр тохож, бузар муухайг нь гайхаад далдуураа хүсч мөрөөдөж явсан зорилго тань юм уу, Ерөнхийлөгч өө?
20. Ардчилсан ерөнхийлөгч гэж дуудуулах дуртай таны хувьд ардчиллыг хангах юм ер харагдахгүй юм. Таны талаар ард түмэн чинь үнэн бодитой мэдэж байгаа юм алга. Овог гэхэд л Мухулай байгаад Монгол болоод сүүлдээ Элбэг болоод дуусч байх шиг байна. Төрсөн өдөр гэхэд 3-р сарын 30 байгаад сүүлдээ 3 сарын 8 болоод ирэх шиг боллоо. Үндэс язгуур гэхэд халх байгаад захчин болоод одоо ямар болсныг бүү мэд. Та хүний өөрийн нийлсэн олон хүүхэдтэй гэж хэлэх дуртай ч нэрийг нь мэдэхгүй хөглөх юм. Уул нь үнэхээр ардчилсан ерөнхийлөгч юм бол ардчилал хөгжсөн бусад орны тэргүүн нар шиг ямар орлоготой, юунд түүнээ зардаг, эхнэр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд нь хаана хаана байдаг, юу хийдгээс авахуулаад бүх зүйл алган дээр тавьсан юм шиг ил байх учиртай. Бусдыг шилэн бай гэж шаардах атал өөрөө болохоор төмөр бортогон дотор, бин битүү, юу ч харагдахгүй үзэгдэхгүй суух юм.
21. Ерөнхийлөгч өө, та өөрөө санаачлаад хөрөнгө оруулгын мэдүүлгээ ил болгочих л доо. Тэгвэл таны тухай хагартлаа баяжсан, том том уурхайгаас хувь хүртдэг, мянгаар ярих уран зургийн цулуулгатай, 7 тоот орон сууцны асуудал гээд зүсэн зүйлийн хов жив дарагдана. Ер нь ч та “костюмаа өмсөөд, зангиагаа зүүгээд” гоёж гангалаад хууль хяналтын газар очих дуртай хүн шүү дээ.
22. Ерөнхийлөгч таныг, одоо л нэг авч өгөх байх гэсэн юман дээр бол бүр таг. Ноён уулаа авраарай, тэмцээд өгөөрэй гэсэн. Тэмцээд ирэхээр таг. Шударга бус юмтай улаан гараараа үзэлцэнэ гэсэн. Захын жишээ, сая доллараа офшор дансанд мартах, асар их өртөг зарж, зориулалтаар нь барьсан эмнэлгийг оффис болгох, зохих хууль тогтоомжгүйгээр шүүгчид цалингаа дангаараа сая саяар нэмэх, олон нийтийн радио телевизийн удирдлагуудыг намын дарга нараар тавих, замын осол аваар, гэмт хэргийн золиос, ядуурлын балаг, архидалтын уршиг, утаа тоосны угшил зэргээр монгол хүн дайн болж байгаа юм шиг олноороо амь үрэгдэх зэрэгт болохоор таг. Хуульзүйн сайд нь ноцтой баримт дэлгэхэд таг, Оюу-Толгой, Тавантолгойг тавиад туучихад мөн л таг, ард түмэн нь дуугараасай гэсэн мөн ч олон юман дээр хэл тань татчихсан юм шиг суух юм.
23. Хамгийн харамсалтай нь, ард түмэн танд итгэл алдарчээ. Төрийн тэргүүн хүн байтугай захын жаал ч ичмээр “худалч”, “орон гаран”, “аманцар”, “алиалагч”, “атигар мангас”, “алиа салбадай”, “аальгүй жаал”, “хоёр нүүртэн” гэх зэрэг танд өгсөн зүсэн зүйлийн нэр хоч олны дунд тэнүүчилж явах боллоо. Энэ бол таны нэр хүнд шалдаа хүртэл уначихаад байгаагийн шинж. Та хүнд бурууг битгий өгөөрэй. Тэнэгэр байж, хэдий хатуу ч биеэ яллаж, үнэн хийгээд ядарсны талд баттай зогсч, үгээ үйлээрээ харуулаад байхыг бод гэж төрийн тэргүүнээр сонгосон ард олон чинь сургаж байна. Ардчилсан үзэлтэй хүн ямар ч албанд байсан өөрийгөө ард олноосоо тасалдаггүй, биеэ тоодоггүй, бүр цаашлаад хаан ноён шиг загнадаггүй юм.
24. Таны ам ажил хоёр ёстой алд дэлэм зөрөх юм. Өрхийн тэргүүн тэгж болдоггүй байхад улсын тэргүүн ингэж болдог юм уу, Ерөнхийлөгч өө!
www.24tsag.mn
Сэтгэгдэл (43)