“Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү энэ жил Дундговь аймагт Ардын намаас нэр дэвшихээр зэхэж байгаа гэнэ. Гэтэл тус намаас түүнийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Харин үүний хариуд тэрээр “Эсвэл би Ардчилсан намаас, бүр болохгүй бол бие даан нэр дэвшинэ” хэмээн хариулжээ. Тэрээр Дундговь аймагт нэр дэвшвэл сонгогдох хамгийн их магадлалтай хүний нэг аж. Түүний сонгуульд нэр дэвшихээр ингэж улайран зүтгэж байгаа шалтгааныг эх сурвалж “УИХ-ын гишүүн бол халдашгүй дархан эрхтэй байдаг. Тиймээс нэр дэвшээд УИХ-д сонгогдвол түүнд холбогдох хэрэг замхарна” хэмээлээ. Учир нь түүнийг “Анод” банкны хэрэгт сэжигтнээр татан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэвч түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь түүнд холбогдох хэргийг Ц.Насанбат прокурор хянаж байгаад О.Мөнхбаатар прокурорт шилжүүлжээ. Хяналтын прокурор О.Мөнхбаатар хавтаст хэрэгт шалгах хэд хэдэн тодорхой зүйл байгаа учраас нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)