Австралийн нэгэн инфлюэнсер хандив цуглуулж, цахим сүлжээнд дагагчаа нэмэгдүүлэхийн тулд бяцхан охиноо хордуулсан хэрэгт буруутгагдаж байна. Квинсландад амьдардаг уг эмэгтэй хүүхдийнхээ эдгэршгүй өвчинтэй тэмцсэн тухайгаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, нийтэлсэн. Гэвч мөрдөгчид түүнийг нэг настай охиндоо хар тамхи, мансууруулах эмийн бодис уулгаж, улмаар өрөвдүүлэх зорилгоор хуурамч бичлэг хийсэн хэргээр баривчилжээ.
Аравдугаар сард охины биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэх үед эмч нар ямар нэг зүйл буруу байгааг мэджээ. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд 34 настай эмэгтэйг эрүүдэн шүүсэн, хордуулсан, бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн, залилсан зэрэг хэргээр буруутгасан юм.
Наймаас аравдугаар сарын хооронд уг эмэгтэй хүүхдэдээ албан ёсны зөвшөөрөлгүй хэд хэдэн эм өгсөн болохыг тогтоожээ. Аравдугаар сарын 15-нд охин "сэтгэл санааны болон бие махбодийн хүнд дарамт, гэмтэл" оноштойгоор эмнэлэгт хүргэгдэх үед цагдаа нар шалгаж эхэлсэн.
Зөвшөөрөгдөөгүй эмэнд хийсэн шинжилгээний хариу нэгдүгээр сарын сүүлээр гарч, охины шээс, цуснаас илэрсэн байна. Охины биеийн байдал одоо сайн байгаа аж.
Тухайн эмэгтэй охиноо ашиглан "GoFundMe" хандивын сайтаар дамжуулан 60 мянган австрали доллар буюу 37,300 ам.доллар цуглуулсан бөгөөд хандивын сайт уг мөнгийг сайхан сэтгэл гаргаж залилуулсан хүмүүст эргүүлэн өгөхийг оролдож байна. Гэмт этгээдийг баасан гарагт Брисбэн хотын Магистратын шүүхээр оруулна.
Л.Баяр