Балба улсад сүүлийн арван жилийн хугацаанд барын тоо толгой гурав дахин нэмэгджээ. Энэ нь тэдний хувьд баярт мэдээ боловч тус улсын Ерөнхий сайд КП Шарма Олигийн хувьд санаа зовоосон асуудал ажээ.
"Ийм жижигхэн улсад бид 350 гаруй бартай... Бид ийм олон бартай, тэд хүмүүсийг идээд байж болохгүй. Бидний хувьд 150 бар хангалттай" гэж тэрбээр өнгөрсөн сард тус улсын COP29-ийн үр дүнг дүгнэх зорилгоор зохион байгуулсан арга хэмжээний үеэр хэлжээ. Олигийн хэлснээр, Балба уг ховордсон амьтдыг бусад улс орнуудад бэлэг болгон илгээ боломжтой аж.
Балбын Засгийн газрын мэдээлснээр, 2019-2023 оны хооронд барын халдлагад 40 орчим хүний амь эрсэдсэн, 15 хүн шархадсан байна. Харин орон нутгийн иргэд үүнээс хамаагүй олон хүн баранд идүүлсэн гэцгээдэг.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар "уг амьтан нь буга, гөрөөс эсвэл зэрлэг одос үхэр зэрэг 500 орчим амьтдын ойролцоо бүсэд байх ёстой, хэрэв тэгэхгүй бол хоол тэжээл хомсдож хүний аминд хүрэх тохиолдол ихэснэ" гэж барын биологич Уллас Карант хэлэв.
Мэргэжилтнүүд Оли барын тоог хязгаарлах талаар санаа зовж байгаа нь буруу гэж үзэж байна. Харин Балбын засгийн газар "барын байгалийн нягтаршилтай тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэхэд" анхаарлаа хандуулах ёстой гэнэ.
Зууны өмнө 100 мянга орчим бар Ази тивд тэнүүчилж байсан ч ой мод огтолж, хулгайн ан ихсэх нь тэднийг мөхлийн ирмэгт хүргэсэн. Балба, Хятад, Энэтхэг, Тайланд, Индонези, Орос зэрэг 13 улсад одоо ердөө 5600 зэрлэг бар үлджээ. Эдгээр бүх улс 2022 он гэхэд барын тоо толгойгоо хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн ч Балба улс зорилтоо давсан анхны улс болсон нь хулгайн агнуурыг тэглэх санаачилга, 1992-2016 оны хооронд тус улсын ойн бүрхэвчийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.