УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шинэ оны баярын мэнд дэвшүүллээ.
Тэрбээр "Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2024 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулсанаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.
Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ удаагийн парламент ирэх 4 жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа.
Ирэх он жилүүдэд цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна.
Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье" гэв.
Сэтгэгдэл (1)