(Тэмдэглэл)
1.
Илт хүйтэрчээ. Цардмал зам дээр товших гутлын улнаас царцуу дуу тас тасхийнэ. Эрт үүрийн энэ цагаар хэдэн улс хаа нэг тийш зорихоор “Чингис хаан” нисэх онгоцны буудалд цуглажээ. Тэдний очих ёстой газар хойшоо атал урагшаа нисч байх нь, уулзах ёстой хүмүүс хуучны анд нөхөд атал дайсантайгаа учрах гэж байгаа мэт түгшүүртэй, учир битүүлэг байцгаах нь хачин.
Үнэхээр ч урьдны зам, урьдын юм бүхэн балархайтан бүдгэрчээ. Хуучны “сайхан” цаг ул болсон байна. Сайхан ч байгаагүй юм аа гэх улс олон болсон байна. Алин боловч, цаг хувьсан нөхцөл өөрчлөгджээ. Урьд цагт бол дээрх албан төлөөлөгчид Москва орохын тулд Бээжингээр дамжиж нисэх шаардлагагүй байлаа. Хоёр улсын хооронд шууд нислэгүүд өдөртөө хэд эргэдэг байв. Одоо гэтэл Монголоос Оросыг чиглэх нэг ч нислэг алга.
Урьд цагт бол монголчууд Орос улс руу зочлох, Орос хүнтэй уулзах нь баяр хөөр шахуу үйл явдал байлаа. Одоо гэтэл Орос улс, Орос хүн байтугай, Орос гэх үгнээс цэрвэх болсон цаг үе иржээ. Москваг зорьж буй төлөөлөгчдийн дунд яваа нэгэн шөвхийсөн өндөр залуу өмнө нь Москвад олонтаа очсоноороо бусаддаа догирхож, тус хотын тухай танилцуулж ийн ярина. “Барилгууд нь цаанаа л нэг сүрдмээр, жихүүдэс төрмөөр шүү дээ. Ялангуяа Кремль. Тэр ханыг харах бүрт Монголоос очсон удирдагчдын хувь заяа бодогдоод байдаг юм. Тэгээд яадаг гээч, байнга нэг тийм зэвүүн цас бударна”.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 26-р хуралдаанд оролцогчдыг Москва хотноо буухад үнэхээр л цас бударч байв. Харин тэр цасны зэвүүн эсэхийг хэлж мэдсэнгүй. Цас тэр дороо хайлан, тэгтэл ус шавхай болчихгүй хэрнээ зогсолтгүй орсоор байх нь таатай авч цаагуураа жиндээх маягтай, энэ утгаар нь бодтол нээрээ зэвүүн ч юм уу гэмээр санагдана. Орсон цас ингэж хайлаад, цардмал зам, эсвэл хар чулуун хавтан дээр битүү чийг дэвсчихээрээ гудамжны гэрэлд гялталзаад, тосолчихсон орос хром шиг харагдана. Үүнээс нь болж Москвад хар цас будардаг байх нь уу ч хэмээн сэтгэгдэнэ.
Москва хот гоёл зүүсгэлээ хэдийн зүүжээ. Хаа сайгүй гэрэл чимэглэл болсон гацуур, багад минь манай оронд хавтгай үзэгддэг асан “С новым годом” гэх танил дотно бичиг, өнөөх матрёшка, ориг өвлийн өвөө, цасан охид... Харин нэг ч Санта харагдсангүй. Бас энэ оронд дайн болж байгаа гэх тэмдэг алга. “Тэгэлгүй ч яах вэ дээ, дайн ямар эдний газар нутаг дээр болж байгаа биш” гэж бодох зуур “Оросын цөмийн зэвсэгт хүчний генерал Москвад болсон дэлбэрэлтэд өртөж амь үрэгджээ” гэх мэдээ түгэх. Москва хотын томоохон зочид буудлуудын үүдэнд буутай харуулууд гарсан нь энд энх бусыг хангалттай илтгэж байлаа.
2.
Илт хүйтэрчээ. Хуучин цагт ах дүү орнууд хэмээн тэврэлдэж асан хоёр улсын харилцаа. Тэдний дунд хэлэлцэж шийдэх ёстой түмэн асуудал хөглөрөх атал хэн нь ч түүнийг барьж аван эцэслэе гэхгүй, халуун юманд хүрч ядах мэт халгана. Хүйтэн, халуун хоёр мэт харшина. Энэ удаагийн Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар тэр бүх асуудлаа эцэслэн шийднэ гэх эрмэлзэлтэйгээр Монголын талын төлөөлөгчид Москвад буулаа. Энэ тухайд өгүүлэхээс өмнө хоёр улсын харилцааны нөхцөл байдал, эгзэг ээдрээний тухай мэдээлэл өгөх нь онох байх.
“ОХУ бол эзлэн түрэмгийлэх бодлого хэрэгжүүлж буй орон. Түүнээсээ болж олон улсын хэмжээнд ад үзэгдэж, эдийн засгийн хоригт орж, бүхий л талаар буланд шахагдан, баларч сүйрэх замдаа яваа. Тиймээс ОХУ-тай хамтарна гэдэг нүд рүүгээ хуруугаа хийсэнтэй адил алхам”. Энэ бол нэг хэсэг монголчуудын толгойд буй ойлголт. “ОХУ бол Монгол Улсын мөнхийн хөрш. Тиймээс ямар ч тохиолдолд бид гэрээ хэлцлийн ширээнд зэрэгцэж суухаас өөр гарцгүй. Хамтарсан төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй, дундын асуудлаа ярилцаж шийдэх, цэгцлэх л учиртай”. Харин энэ бол зарим нэг монгол хүний итгэл үнэмшил.
Одоогоор нэг хэсэг монголчууд нь эз дийлэх хандлагатай байгаа. Тэдний үзлээр бол, Монгол Улс ОХУ-тай худалдааны гэрээ хийж болохгүй, Атомын цахилгаан станц бариулж болохгүй, Дулааны цахилгааны станцын өргөтгөл хийлгэж болохгүй, хийн хоолой татуулж болохгүй, тэр байтугай Оростой ер нь харилцаж, хэлэлцээр хийж ч болохгүй.
Энэ үзэл хандлагын нөлөөгөөр ОХУ-тай явуулах бүхий л бодлого гацчихаад байгаа нь нууц биш. Хэн нэгэн тус улстай хэлэлцээрийн ширээнд суулаа гэхэд тэр хүн Оросын тавиул, зараал, зарц боол нь гэж хэлэгдэх ийм л түвшинд байгаа. Ямар сайндаа л Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцох бүрэлдэхүүнд багтаж яваа нэгэн албан тушаалтан “Намайг гэрэл зурагтаа аль болох битгий оруулаарай” гэж зурагчинд тусгайлан захиж байх вэ дээ. Элдвээр цоллуулахаас эмээсэндээ л тэр шүү дээ, эвий минь.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд оролцох төлөөлөгчдийг тэргүүлж яваа Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг бас нэг адармаа хүлээж байсан нь Оросын талд өгсөн олон түдгэлзсэн хариултын дараа уулзаж байгаа “улаан нүүр” юм. Энэхүү айлчлалын яг өмнөхөн Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсэг хариуцан ажиллаж байсан Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр гэрээ байгуулахыг Монголын Засгийн газраас хойшлуулсан. Уг нь энэ оны 12 дугаар сарын 26-нд гарын үсэг зурахаар бүх зүйл ян тан болчихсон байсан ажил шүү дээ. Энэхүү хэлэлцээрт нэгдэх хүсэлтийг Монголын Засгийн газар өөрөө анхлан сэдэж, хөөцөлдөж өдий олон жил явсан гэж байгаа. Тэгээд яг байгуулахын даваан дээр “Манайх болилоо. Дахиад жаахан бодоодхоё” гэж “новширсон” гэсэн үг л дээ. Ийм нөхцөлд хэний ч уур хүрнэ биз дээ. Хоёр улс биш, хоёр хүн ийм нөхцөлд уулзлаа гэхэд ярьсан хэлцсэнээсээ буцсан нэгийгээ нөгөө нь наанадаж нүд буландаж харна, цаанадаж үг хэл хаяж таарна аа даа. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан сайдын өмнөөс Шадар сайд С.Амарсайхан уг асуудлыг Засгийн газар комиссын даргын хувьд Оросын талд илэрхийлж, хоёр тал харилцан үр ашигтай байх нөхцөлийг эргэн харах шаардлагатай гэдэг агуулгаар хэд хэдэн удаагийн уулзалт, яриа хэлцэл хийсний үр дүнд нөхцөл байдлыг зөв ойлгуулан уг хэлэлцээрийг үргэлжлүүлэх тохироонд хүрч чадлаа. Иймэрхүү л анзааны явдал өрнөж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Монголд юу болоод байгаа, өөрсдийнх нь талаар ямар үг яриа гарч байгааг мань оросууд мэдэж л байгаа шүү дээ. Үүнийгээ ч хэлэлцээрийн үеэр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов хэлээд авна лээ. “Бид мэдээлэлтэй байгаа” гэж.
3.
Тэгвэл Орос орон яг энэ мөчид ямархуу байдалтай байгаа вэ? ОХУ-ыг цаашид тусгаарлах, санхүүгийн хүчийг сулруулах зорилготой барууны хориг арга хэмжээ олон орныг тус улсаас зайгаа барихад хүргэж буй. Хориг урт удаан үргэлжилж, өдөр тутамд олон зуун шинэ хориг нэмэгдэж байгаа энэ нөхцөлд ОХУ гуравдагч орнууд болон тэдгээр улсын хувь хүн компаниудаас хэрэгцээтэй бараагаа авахад улам хүндрэлтэй болж ирсэн. Тэр ч байтугай, зарим оронд экспортолсон нефть, шатахууныхаа төлбөр тооцоог ч авч чадахгүйд хүрээд байгаа билээ. Хятад, Турк, Арабын Нэгдсэн Эмират улсууд АНУ-ын Орост тавьсан хориг арга хэмжээнээс болгоомжилсны үндсэн дээр төлбөрөө хэдэн сараар хойшлуулах болов. Мөн дээрх улсын банкууд ОХУ руу мөнгө шилжүүлэх ажлыг удаашруулж, зарим нь бүр татгалзаж байгаа талаар эх сурвалжууд мэдээллэж байна.
Энэ мэт төлбөрийн саатал нь Кремлийн орлогыг бууруулж эхэлсэн нь тодорхой юм. Үүнээс шалтгаалж ОХУ өөрт хэрэгтэй танк, пуужин, нисэх онгоц зэрэг зэвсгийг бие даан үйлдвэрлэж чадахгүйд хүрнэ. ОХУ-ын банкууд ээлж дараалан хоригт орсноос хамаарч, Монгол Улсаас тус улсад төлөх нефть болон эрчим хүчний төлбөр тооцоонууд ч саад бэрхшээлтэй тулгараад байгаа. Үүнийг шийдэх нь манай орны хувьд нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болчихоод байгаа нь бас үнэн. Учир нь шатахууныхаа 95 хувийг, эрчим хүчнийхээ 20 орчим хувийг Оросоос авдаг улсын хувьд төлбөр тооцоогоо хэвийн явуулах гарц шийдлийг олохгүй бол шатахуун болоод эрчим хүчний нийлүүлэлт шууд тасалдах аюултай.
Ийм л эх адаггүй холион бантан дунд Орос улстай хэлэлцээр хийх зайлшгүй нөхцөлийг манай улсад тулгаж байгаа нь нэг талаасаа тун ч хоржоонтой. Хэдийгээр хүнд хэцүү нөхцөлд байгаа мэт боловч Монголын хувьд Москва хөгжмөө захиалсан хэвээр. Геополитикийн ийм хүнд нөхцөлийг хэн нэгэн хэрэв зохиож чаддагсан бол тэрбээр нэг бол маш хорон санаатай чөтгөр, нөгөө бол манай улсаар даажин тохуу хийх дуртай бурхан хоёрын л нэг байхсан биз ээ.
ОХУ уг нь өөрөө нуман тулгуурт байгаа. Олон зуун хориг тавиулсны улмаас Мурманскийн ойролцоох “Новатек” шингэрүүлсэн хийн үйлдвэрийнхээ нэг хэсгийг хаахад хүрсэн жишээ л гэхэд үүнд хангалттай хариулт өгнө. Их Британийн нийт хэрэглээтэй тэнцэхүйц шингэрүүлсэн хий үйлдвэрлэдэг “Новатек”-ээ хаахад хүрсэн нь Оросын эрх баригчдад асар том цохилт болсон. Мөн очир эрдэнийн хоёр том уурхайн хувьцаагаа худалдахад хүрсэн нь ч хэцүүдэж буйн илрэл. Ангол улсад байх төрийн өмчит уурхайн тодорхой хувийг ОХУ эзэмшдэг байснаас шалтгаалж, тус уурхайнууд хоригт орсон тул хувьцаагаа зарахад хүрсэн байна.
Гэвч эдгээр хориг, бэрхшээл саадууд ОХУ-ыг тэгтэл гудайлгаж хараахан чадахгүй гэнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Мэдээж АНУ болон Европын холбооны зүгээс урьд өмнө байгаагүй дарамт шахалтыг үзүүлсээр байна. Энэ нь тодорхой асуудлуудыг бий болгож байгаа ч Оросын бусад улс оронтой хийх худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид хөгжүүлэхэд саад болж чадахгүй” гэж мэдэгджээ. Энэхүү зовхи нь өөдөө мэдэгдлийг батлах мэт Москва хотоос дэлхийн брэндүүд хэдийн гарч одсон ч гэлээ, тэдгээрийн оронд үндэсний гэх өөр нэртэй газрууд сүндэрлэн босчээ. Жишээлбэл, Америкийн KFC сүлжээ зоогийн газар ОХУ-аас гарч одоход тэдгээрийн оронд “Rostic’s” нэртэй 1000 гаруй зоогийн газар үйл ажиллагаа явуулж байна. Москвагийн иргэд KFC-гийн шарсан тахиаг “Rostic’s” нэрээр авч идэцгээсээр л байна лээ. Нэг ёсондоо барууны брэндүүдийн нэр нь л Оросыг орхин гарснаас биш, нэдэр дээрээ тэд Оросоос явсангүй ээ. Эдгээр байдлыг хэдий Европын холбооны улсууд ОХУ-тай эвлэршгүй дайн зарлаж, сөргөлдсөөр буй авч одоог хүртэл Украины газар доорх хоолойгоор дамжуулан байгалийн хийгээ худалдаж авсаар л байгаатай адилтгаж болох юм.
4.
Монгол ба Оросын байдал нэг иймэрхүү. Одоо хэдүүлээ яах вэ. Оростой хэлэлцэх үү, хэрэлдэх үү? Та чухам алийг нь сонгох байсан бэ.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хоёр дарга бол хэлэлцэхийг нь сонгож, хэн хэнийхээ өөдөөс харж сууцгаалаа. Тэдний өмнө урт удаан хугацааны туршид шийдэгдэлгүй явж ирсэн түм буман асуудал овоорчээ. Комиссын хуралдаанаар хөндөж хэлэлцсэн сэдвийн жагсаалт арван долоо. Эдгээр нь тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны тухай, түлш, эрчим хүч, цөмийн салбарын хамтын ажиллагааны тухай, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны тухай гэх зэргээр ерөнхийлсөн сэдвийн тоо тул арван долоо нь цаашаа жаран долоо болж задарна. Тиймд тэр бүхнийг тоочиж, уншигч таныг залхаагаад яахав. Ой тойнд үлдсэн гол хэлцлүүдийг түүвэрлэе.
Нэг. Хамгийн эхэнд хөндөгсөн сэдвүүдийн нэг нь хоёр улсын хоорондын банк, санхүүгийн төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдэх тухайд өрнөлөө. Энэ талын эрэлт хэрэгцээг дээр нэгэнт өгүүлсэн тул дахиж нурших нь илүүц байх. Ямар ч байсан энэ чиглэлд хоёр улс хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхээр тогтов. Үүний дагуу Олон улсын хоригт ороогүй Австрын Рафайзен банкаар дамжуулан газрын тосны болон бусад төрлийн худалдааны төлбөрийг саадгүй хийж эхэллээ.
Хоёр. Мөнөөх адармаатай Евразийн эдийн засгийн холбооны чөлөө худалдааны түр хэлэлцээрийн асуудал сөхөгдөв. Манайхны бодоод байсан шиг, ОХУ энэ тал дээр тэгтэл шахалт үзүүлээд, заавал хийх шаардлагыг тулгаж дарамтлаад байгаа юм бол байхгүй юм билээ. Харин ч “Танай 3 сая хэрэглэгчтэй зах зээлд 200 сая хэрэглэгчтэй зах зээлийг нээж өгч байгаа. Ашиглах эсэхээ өөрсдөө шийд” гэх маягтай хандаж байв. Мэдээж “Өөрсдөө эхэлж гуйж хэлэлцээрийг эхлүүлчихээд эцэст нь хэлсэн ярьсанаасаа буцлаа” гэх ундууцал ажиглагдсан. Хэлцсэний эцэст ямартай ч чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр тохиролцсон.
Гурав. Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов хэлэлцээрийг нэлээн хатуу ширүүн байр суурьтай, түрэмгий, шаардангуй эхлүүлж, санаачлагыг гартаа атгахаар “санаархсан”-ыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тун тайван няцааж чадсан. Монгол Улс төлөх ёстой 33 сая ам.доллараа одоо болтол төлөөгүй байгаа тухай А.А.Козлов цухалдан ярихад С.Амарсайхан “Монголын тал ОХУ-д төлөх ёстой 33 сая ам.долларын 20 сая ам.долларыг нь 2024 онд багтаан төлөх үүрэг хүлээсэн. Одоо 2024 он дуустал дахиад 10 орчим хоног дутуу байна. Тиймд энэ төлбөр хугацаандаа орно гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулав. А.А.Козлов энэ үед өөрөө эвгүй байдалд орж, биеэ займчлаа. Удаад нь Монгол дахь үл хөдлөх хөрөнгийн ОХУ-ын эрхийг бүртгэж баталгаажуулах ажил удааширч байгаа тухайд тайлбар шаардлаа. Монголын талын холбогдох албан тушаалтнууд тайлбар хэлсэн ч А.А.Козловт хангалттай санагдсангүй. Тэр дайралтаа үргэлжлүүлэх тэр мөчид Шадар сайд С.Амарсайхан “Нэгэнт үл хөдлөх хөрөнгийн асуудал хөндөгдсөн далимыг ашиглаад, хүндэт А.А.Козлов таниас хүсэх нэг хүсэлт байна. Монгол Улсын Элчин сайдын яам ОХУ-ын Москва хотноо маш олон жил байрлаж байгаа. Гэтэл газар болоод барилга нь одоо болтол Монгол Улсын эзэмшилд шилжээгүй. Энэ асуудлыг та анхаарч өгөөч” гэхэд А.А.Козлов “Хэрвээ газрын кадастраа хийлгээд, хүсэлтээ албан ёсоор гаргавал бид шийдье” гэснээр хоёр талын хэлэлцээр үүнээс цааш адил байр сууринаас үргэлжилсэн юм. Энэ хэсэгт цагаа олсон оновчтой хариулт, эгзэгийг нь тааруулсан зөв асуулт аливаа хэлцлийн үед хэчнээн чухал болохыг анзаарч суулаа.
Дөрөв. ОХУ-ын зүгээс Улаанбаатар, Москва чиглэлийн шууд нислэг үйлдэх боломжийн талаар судлахыг хүслээ. Монголын тал одоогоор хоёр хотын хооронд нислэг үйлдэх асуудлаар үндэсний авиа компаниуд судалж байгаа ч дангаараа шийдэх боломж хараахан бий болоогүй гэсэн хариултыг өгсөн юм. Гэсэн ч хоёр улс иргэний нисэхийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов.
Тав. ОХУ-аас Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг цаашид тасалдуулахгүй байх тал дээр ойлголцолд хүрсэн. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хангамж хэвийн тогтвортой явагдаж байгаа бөгөөд 2025 онд 2.3 сая тонноос доошгүй хэмжээний шатахуун худалдан авах шаардлагатай байгааг онцлов.
Зургаа. Монголын тал 2025 оноос эхлэн ОХУ-ын рубль АНУ-ын доллартай харьцах ханшаас хамаарсан экспортын гаалийн татварыг ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтэд тооцохгүй байх хүсэлтээ илэрхийлэв. Оросын тал эрчим хүчний нэгдсэн системд техникийн (баланс) боломж байгаа нөхцөлд Монголын талын цахилгаан эрчим хүчний болон чадлын импортын хэрэгцээг үргэлжлүүлэн хангахад бэлэн гэлээ.
Найм. “Мон-Атом” ХХК, “Росатом” улсын корпорац хооронд “Монгол Улсад цөмийн бага оврын цахилгаан станц барих замын зураглал”-д гарын үсэг зурсан. Энэхүү цөмийн бага оврын цахилгаан станц барих боломжийг үргэлжлүүлэн судлахаар болсон.
Ес. Оросын тал 2024-2025 оны өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын нэг дүүрэг, мөн нэг аймгийн төвийг халаахад Оросын модны шахмал түлшийг туршилтаар хэрэглэхийг санал болголоо. Модны шахмал түлшийг Монгол Улсын Засгийн газраас сайжруулсан шахмал түлшинд үзүүлдэг татаасны бодлогод хамруулахыг Монголын талаас хүсэв.
Арав. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Богдхаан” төмөр замыг барьж байгуулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар ярилцав. Энэхүү санаачилга нь эдийн засгийн ашиг хараагүй, Улаанбаатар хотын хүн амын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсөл болохыг Шадар сайд С.Амарсайхан Оросын талд тайлбарласан. Мөн Төмөр замын төв коридорын дагуу гурван улсын хамтарсан шинэ төмөр зам байгуулах асуудлыг ч ярилаа. Оросын тал уг төслийн санхүүгийн болон зохион байгуулалт, эрх зүйн баримт бичиг болон бусад холбогдох мэдээллийг ирүүлэхийг Монголын талаас хүслээ.
Арван нэг. Үеийн үед л хоёр улсын Засгийн газрын хоорондын комиссын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаж ирсэн Эгийн голын усан цахилгаан станц ч энэ үеэр бас л хөндөгдлөө. Энэ төсөлд ОХУ хориг саад болсон байр сууриа энэ удаа ч илэрхийлсэн гэхэд болно. Тэдний зүгээс Сэлэнгэ мөрний сав газрын ус хурах талбайд Монголын тал Эгийн голын усан цахилгаан станцыг барьж болзошгүй байгаа нь Байгал нуурын өвөрмөц экосистемд нөлөөлөх магадлалтай байгаад санаа зовниж буй тул хоёр улсын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтээр эцэслэхээ илэрхийлэв. Гэвч Монголын талаас энэхүү төслийг хэрэгжүүлэх хүсэл зоригоо шаргуу илэрхийлж байлаа.
Арван хоёр. ОХУ-аас байгалийн хийг БНХАУ-д нийлүүлэх “Союз Восток” хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулах төслийг мөн хөндөв. Монголын тал өнөөгийн байдлаар энэхүү төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүх талын бэлтгэлийг хангасан гэдгээ мэдээллээ. Уг төсөл Монгол Улсын төдийгүй бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлон тэмдэглэв.
Д.Дамдинжав
Сэтгэгдэл (15)