Шуугиант хотын хамгийн нам гүм хэсэг миний сэтгэлд бий. Энэ хуучин ертөнц, хувьсан өөрчлөгдөхөө ч мартаагүй байна. Өвлийн жавар салхины биеэр дуншиж, эртний улирлын дууг цээжин аглагт аялах нь яруу агаад ороолтдоо шигдэж, нугдайн алхмаар жиндүү. Өөрийн нутгийн өвөл хүртэл дулаан санагддаг болохыг анх л мэдсэн минь тэр. Хяруу хаялахтай зэрэгцээд нарны илч буурна, бээрсэн гараа пааранд нааж зогсохдоо, ээж намрын хатсан хөх аргал хормойлон ирж, зуухандаа цог үсчүүлэн зэргэлдэг байсныг санав. Илч гэмээн илч гэж тэр сэн.
Зарим хэсэг нь хувь тавиланг даган урсаж, үлдсэн хэсэг нь хувь тавиланг сөрөн сэлэх энэ хотын үймээнт амьдралд хөл минь гишгэх газраа эрэн хайсаар.
Дөрвөн уулын дунд, дөрвөлжин сууцанд бодол минь хана мөргөж, мэдрэмжүүд сульдан доройтож байгааг анзаарах бол энүүхэнд. Сумын төв мод багатай учир цаг хугацаа, хамар хашааны айлд хамгийн түрүүлж ирнэ. Дөрвөн улирлын өнгө тэднийхээс их тод харагддаг байж билээ.
Өдийд нутагт минь уулсын оройгоор манан сууж, үүлсийг эвхэн шувууд буцаж байгаа.
Шувуудаа үдэн зэгс нь хүртэл бөхөлзөх нуур, үгүйлэхийн энэлэнтэй аравдугаар сарын сууриндаа хөх өвгөд нь гэрийнхээ сүүдэр даган санааширч суугаа даа.
Намар, нүүдэлчний амьдрал хоёр тааварлашгүй. Малчин хүний хувьд найм, ес, аравдугаар сар бол чухал мөч. Хэрвээ малын тарга тэвээргэ муухан байвал өвөлдөө зутарна. Өвсний чиг хаана байна, малчны амьдрал ч тэнд буй. Хадлангийн бэлтгэл гээд есдүгээр сарын эхээр урьдынхаасаа ч илүү хөдөлгөөнд шилжинэ. Аав арал дээрээс завиндаа хадлан тавьж, бусад нь голын эрэг рүү татдаг билээ. Өөрийн ахуйгаас холдоод ирэхээр догдлолууд хуучирч, өмнөө хана босгож эхэлсэн. Харин тэр хананаас хараат бус ганц зүйл “дурсамж”. Би түүнээс ангижирч яавч чадахгүй. Намаржаа руугаа нүүх болоход бяцхан жаалын адил хөөрцөглөн гүйдэг янзаараа. Чулуун хашааны завсараас зүйлийн авиа гарч, түүнийг нь үзэж танихыг хичээн нухацтай царай гарган зогсдог байлаа.
Өглөө сэрэхэд л аав адуунд явчихсан байдаг. Бид өдөржин хүлээнэ. Морин төвөргөөн, хазаарын чимээ чагнана суудаг байв. Нар жаргахын алдад санаа зовж эхэлнэ. Хүлээгээд л байна, хүлээгээд л байна. Харин өглөө эртийн амгалангаас салж ядан сэрэхэд минь амьдралд ажраагүй, жиндээгүй, цэл залуухнаар инээмсэглэн суудаг сан.
Туулах замын турш дуулах дуугаа эр хүн зохиодгийн үлгэр бол тэр.
Намрын талд сүрэг адуу хаа нэг өвс хазлан, нарны зүг зовхио сулхан анин зогсдог сон. Сонин мэдрэмжит, хорвоог таньж мэдээгүй насны минь өнгө будгийг зурсан олон намрыг тоочиж эс барна. Удахгүй жаврын түрүүч гүйгээд ус, голыг цан дарж, нуур зайрмагтана даа.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (1)