Наадмын торгон дэвжээ хүлгийн тоос, хөлсний үнэрт бялуурч, налайн байх нь зөвхөн Монгол хүний зүрхийг бахдуулан жаргаадаг цорын ганц зохицол билээ. Монголчууд эртнээс найр наадам тэмдэглэж ирсэн түүхтэй улс. XIII зууны түүхэн сурвалж “Монголын нууц товчоо”-нд бичигдсэнээр наадам “хуран сар”-д буюу долдугаар сард болдог байсныг тэмдэглэн үлдээснийг харж болно. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг мөн тэмдэглэсэн. Тэгэхээр “Эрийн гурван наадам” гэдэг манай ард түмний баяр баяслын хамгийн томоохон уулзалт, арга хэмжээ байсан гэдэг нь илт. Гагцхүү өнөө цагт энэ чанараа алдалгүй, Үндэсний спортын гайхамшигт өвлөгдөн үлдсэн нь Мөнх тэнгэрийн ивээл бөлгөө. Түүхийн явцад цаг үеийн байдлаас шалтгаан өөр өөр нэршилтэйгээр зохион байгуулагдаж байв.
Бид баяр наадмыг угтаж “Санаанаас гардаггүй Шинэ мянганы наадам” буюу 2000 оны наадмын тухай цуврал, дурсамж нийтлэлээ та бүхэнд хүргэж байгаа. Өмнөх нийтлэлд бид 2000 оны “Зургаан залуу заан”-ы тухай дурсамж нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус наадамд түрүүлсэн ах, дүү шарга азарганы тухай эгэл нэгэн бичвэрээр дурсамж амилуулж байна.
“Эрдэнийн чулуу шиг хос шарга
Энэ наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга
Эрсдэж хальсан хайран шарга
Алдар толгойг тойрсон шарга
Амгай тэнийтэл хадуурсан шарга аа
Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шарга аа
Уясан эзний найдвар шарга
Унасан хүүхдийн урам шарга
Уурга хэрэггүй баригдах шарга
Улсын наадмын түрүү шарга
Цагаан гүүний шарга унага
Цамцаа дэрвүүлэх хүүгийн шарга
Цайвар дэлтэй тод шарга
Цагийг эзэлсэн хурдан шарга” гээд л моринд хайртай түмний минь мэдэхийн дээдээр мэддэг нэгэн дуу буй.
"Хос шаргын тууль"
Амьдралд айдас нь үгүй дэврүүн явсан нэгэн залуу эр удам сайтай айлын охинтой ханилах суухаар шийдсэн 1980-аад оны дунд үе юмсанж. Түүнийг бид Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулуун гэдгээр нь мэднэ. Удам сайт өнөөх хүний бүсгүй үрийг Агваансамдангийн Агваанцэцэг гэнэ. Энэ бол 1986 он. Эхлэлээ тавьсан ч төгсгөлөө мэдээгүй залуу хосын амьдралд гай тохиож, эхнэр нь элэгний өвчнөөр өвдсөн нь зурагдсан мөнөөх тавилангийнх нь хамгийн хөндүүр хэсэг байв. Эмнэлгийн ажилчдын балгаар тариурын шар туссан нь мэдэгдэхгүй явсаар хүндэрчээ.
Эрдэнэчулууны угсаа нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумтай нэр холбогдоно. Харин ээжийн талынхан нь Архангайн зүгийн хүмүүс, тэдэн дунд гойд сайн гэгчиг уяачид байсан гэх. Цусандаа эрдэмтэй хүний үр хэдий хотод төрж өсөн, жолоочийн мэргэжилтэй болсон ч өөрийн мэдэлгүй хурдан морь, адууны үнэнхүү хорхойтон болсон байжээ. Ингээд нэгэн мянга есөн зуун ерэн дөрвөн оны хавар Хэнтий аймгийн Галшар суманд хурдны удамтай адуу сонирхож, үнэ тохирч, сэтгэл шилбэл авчих санаатай тэр хавийн айлуудаар өөрийн анд Зулзага хочит Доржийн хамтаар бууж мордон хэд хоног гороолжээ. Айл амьтнаар бууж мордон явах үедээ өвчтэй эхнэртээ саамыг нь уулгая гэж сэтгээд Будаа нэрт нутгийн хүнээс хийц сайтай, биеэр жижиг сайхан цагаан гүүг авахаар үнэ тохирчээ. Будаа гэгч эр шууд өгөөд явуулчихсангүй. Эхэндээ үнэрхэх янзтай байхаар нь Эрдэнчулууны дагалдан явсан анд Дорж нь өөрийн адуунаас удам сайтай унагатай гүү өгье гэсэнд нааштайгаар шийдэгдэж байсан гэнэ лээ. Ингэж л Галшар нутгийн ганган цагаан гүү Төв аймгийн Сэргэлэн сумын даруухан хөндийд идээшлэх болсон хэрэг. Сайн эрийн ханиа гэх сэтгэл хожмын амьдралыг нь өөрчилсөн гэрэлт түүхийн эхлэл эндээс ундаргатай.
Сүрэгт нийлснийхээ дараа жил өнөөх цагаан гүү нэгэн шарга зүсмийн унага төрүүлсэн нь “Ах шарга”. Эгэл биш адуу болохыг нь мэдсэн залуу уяач Эрдэнэчулуун эрхлүүлсээр хүнээс айж, бишүүрхдэггүй “эрхийн балай” болгочихсон гэдэг. Хэрэг явдал болгож, олж ирсэн цагаан гүүнийхээ саамыг эхнэртээ амсуулах тохиол ингэж л бүрдэж. Сайхан, залуу эхнэртээ саам амсуулъя гэтэл нялх шарга унаганы нялуун сүүнээс хороохыг хүсээгүй юм гэнэ лээ. Эх хүний уяхан сэтгэлээр учирлаж хэлээд өөр гүүний саам уусан нь шарга унаганд шандас тэгширсэн, сайн хүлэг болох хувь хүртээжээ. 1997 оны Улсын баяр наадмаар айргийн тавд хурдалсан шарга даага чинь энэ юм.
Цагаан гүүний саамыг уугаагүй эхнэрийнх нь бие улам доройтсоор байж, эм тангаар торгоосоор байж. Хугас саам уугаагүй, хурдан шарга даагыг шүдлэн болохын цагт өөр нэгэн шарга унага дахин мэндэлжээ. Тэгэхээр 1998 он бол ах, дүү шаргын учирсан цаг хугацаа юм. Анхнаасаа л цагаан гүү, шарга унагануудтайгаа гэргий Агваанцэцэгийнх нь амь, оршихуйтай нарийн учраар холбогдсон мэт санагддаг.
Нулимс шиг холбоо төрсөн “Ах дүү шарга”
За одоо бүгдээрээ Ардын хувьсгалын 79 жилийн ой, 2000 оны баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг эргэн дурсацгаая.
Хамаг бүхэн тоосонд нь хийморио сэргээх гэж чуулдаг соёолон насны морьд гарааны зурхайгаас эргэж, газар газрын шилдэг уяачдын нэгэн насны хөдөлмөр үнэлэгдэх торгон мөч... Сугсарсан их тоосон дундаас сумран дүүлэх шарга үрээ бол Э.Эрдэнэчулууны итгэл, сэтгэлийг тээсэн эрэмгий шарга мөнөөсөө мөн. Санаж байгаа биз дээ.
Цайвар дэлтэй даруухан шарга үрээ зурхайн зүгт 300 орчим метр хол тасархай сумарч явснаа хол саахалтын дайтай хадуурч, наадамч олны зүрхийг зүсэх шиг даялсан даа. Гэвч уралдах гэж, эзнээ баясгах гэж төрсөн эрэмгий шарга буцан уралдааны замдаа орон өмнөх морьдоо яах ийхийн зуургүй зүсэн өнгөрч, алс саахалтын зайд түрүүлж ирдэггүй юу. Дүү шарга нь шүдлэнгийн уралдаанд мөн л түрүүлж, Төв цэнгэлдэхэд ахтайгаа хамт цолоо дуудуулж явсан даа. Энэ бол Монголын морин уралдааны түүхэнд хамгийн тод үлдсэн үйл явдал билээ.
Нар шиг өндөрт нэр нь мандсан, наран шарга үрээгээ Э.Эрдэнэчулуун наадмын дараа Хэнтийн Галшарын томоохон наадамд сойв. Тэнд хамт очсон эхнэрийн нь бие дордож, эмнэлэг домлого болж аргагүйдэн явахдаа шарга үрээнийхээ уяаг алдагдуулснаа хожим мэджээ. Ингээд тэр наадмын тоосонд шарга үрээгээ алдсан байна. Гайхам хурдан шарга үрээ гартаам хөөрөгний өнгө шиг барайн хоцорсон гэнэ лээ. Яагаад ч юм түүний эхнэр, шарга үрээ хоёрын хооронд амь залгасан алтан утас байсан мэт. Хурдан шарга үрээ ч үгүй болов. Удалгүй эхнэрийнх нь бие муудаж, Эрдэнэчулуун хамаг үнэтэй гэх бүхнээ худалдан, борлуулж, хамгаас онцолж ханилсан хайртай эхнэрийнхээ эмчилгээний зардалд нэмэр болгов. Хэдэн мянган ногоон цуглуулсан хүн чинь яаран эхнэрээ авч, Бээжин хотод хагалгаанд орсон нь амжилттай болжээ. Хань эрүүл, өөдөөс нь мишээж суухын жаргал жил хэртэй үргэлжилсэн нь гашуун.
Бөртийн үлдсэн дүү шарга сүргийн манлай болоод уджээ. Э.Эрдэнэчулуунд шарга азаргатай цөөн адуунаас нь өөр зүйл байсангүй. Тэр бүхнийг шаргадаа даатган найдсан гэмээр. Эхнэрээ дахин хагалгаанд оруулахын тулд дахиад л жар гаруй мянган ам.доллар цуглуулах хэрэгцээ тулгарав. Үйл лайтай орчлонгийн жам л гэлтэй түүх.
Тэр зун “Дүү шарга” азарга дөрвөн том наадамд түрүүлэв. Үндэсний их баяр наадам, Дорнодод болсон Зүүн бүсийн наадам, Их хурд, Алтан-Овооны наадам зэрэг хамгийн том бай шагнал бүхий дөрвөн уралдаанд магнайдаа тоос хүргэсэнгүй. Эзнийхээ итгэл найдварыг алдсангүй. Үнэхээр өрөвдөн, уяран хайлмаар. Эзнийхээ эхнэрийн өвчин зовлонг ялуулахын төлөө “үр хүүхэд нь мэт” зүтгэжээ. Үүнээс гайхамшигтай нь бий гэж үү. Хурдан шаргынх нь хондон хөлсөө цацлан олж ирсэн жип машин тэргүүтэн бай, шагналын мөнгө эмчилгээний зардлыг бүрдүүлжээ. Э.Эрдэнэчулуун ч Бээжинд эмчлүүлж явсан эхнэртээ баяр хөөртэй очиж, шаргынхаа ачаар ингэж чадлаа гэхэд нь хөөрхий тэр нь хөндүүр зүрхнийхээ гүнээс уяран хайлж, өрөвдөн энэрсэн юм гэдэг ээ. Хамгийн харамсалтай нь хагалгаанд дахин орсон ч, залуу сайхан тэр эмэгтэй 21-хэн хоногийн дараа бурхан болжээ.
Хорвоо орвонгоороо эргэсэн он жилүүд. Түүнд одоо довтолгон ирэх үнэнтэй нүүр тулахаас өөр зам үлдсэнгүй. Үрэгдсэнээс хоцорсон дүү шарга нь ч тийнхүү хөлс хүчээрээ амины төлөө зүтгэсэн, эзнийх нь эхнэр, ах шаргынх нь амлах сүүнээс хороогоогүй, сайхан бүсгүйг аварч чадаагүйдээ гашуудах мэт уяан дээрээ торойж үлдсэн гэдэг. Дүү шарга 2005, 2006 онд ихэд өвдөн, турж эцээд, уяулан уралдах ч сөхөөгүй, амьтай голтой байгаа нь их юм болжээ. Харин улирагч зуны улсын наадамд зовлон гунигаа мартсан мэт дахин цойлон түрүүлж эзнийхээ нурсан сэтгэлийг цомойлж болгосон юм даа. Хүлэг, хүн хоёрын гунигт эл түүхийг бид мартаж үл болно. Хойчийн бүхэнд сургамж болог ээ.
Бүл айлаас бөх, морьд наадамд түрүүлсэн БҮТЭН түүх
2000 оны тэрхүү наадамд “Ах шарга” түрүүлж, нэрт уяачийн хайрт эхнэрийн төрсөн дүү “жижиг” А.Сүхбат анхны түрүүгээ хүртэж, арслан цолонд хүрсэн юм. Нэгэн бүл айлын бөх, хүлэг хоёр төрийн наадмыг магнайлна гэдэг 1000 жилд нэг тохиох аугаа түүх юм даа. “Дүү шарга азарга амьдралынхаа туршид Монгол төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр удаа айрагдсан юм.
Хайртай шаргыгаа Эрдэнэчулуун манлай сүүлд эцэг малаар наадагч “Мон-Уран”-ы Наранхүүд худалдсан ч өөрөө уяа сойлгыг нь тааруулсаар байв. Мөнгөтэй хүний гарт очсон хөөрхий шарга олон ч ээдрээг туулсан санагдана. Ямар сайндаа л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүртэл шарга азаргыг унаж сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж явсан цаг ч саяхан.
Наадам бүхэнд “энэ л бөх түрүүлнэ дээ” гэдэг шиг шарга азарга эд үедээ наадам бүхэнд л олон түмэн ардын магнайг тэнийлгэдэг сэн. “909” номертэй Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны уяж хурдлуулсан шарга азарга "Хүй мандал"-ын өргөн дэнжийг хүнээр дүүргэдэг байсан сан. Ардын цэнгэл наадам, алтан түүхийн мөчлөгт амьтай бүхний самсааг шархируулах гэж, аанай эзнийхээ сэтгэлийг өргөх гэж, “ирэх гэж ирсэн” энгүй шарга азарганы эл түүхийг бид зуунаас зуунд, мянганаас мянганд магтан дуурьсгах болно.
Тэрээр одоогоос хоёр жилийн өмнө 24 насандаа “Ах шарга”-аа зорьж, ижил тэнгэрийн олон сүрэгтээ ижилдэн дасахаар нисэн одсон билээ. Ахынхаа гүйцээгээгүй түүхийг залгамжлан хурдалсан эгэл гүүний эгэлгүй шаргын удам тасраагүй цагт Монгол төрийн наадам мохошгүй, Монгол адууны ариун цус, улбаа дуусахгүй үргэлжилнэ.
Л.Сайнбаяр
Сэтгэгдэл (17)