Баяр, гуниг ээлжилсэн долоо хоног өнгөрч байна. Бахдуулах нэг нь байхад, бахардтал гуниглуулах нь бас байдаг хорвоо ажээ. Аль алинг нь ээлжлэн мэдрээд амьдарч дадсан даа л бид бүтэн явна уу? гэж бодлоо.
Монголчууд бид хэзээнээсээ л байгаль дэлхийдээ ойр торнидог улс. Тийм ч учраас уул хангай зүглэж, ус гол барааддаг байх. Байгаль гэдэг ивээлээ хайрлах нь ховор ч дасаж, тааваар явбал буянаа өгдөг гэж өвөг дээдэс сургажээ. Өлмийдөө буй цэцгийн дэлбээг өвдөг шалбалдаг талын чулууг шиг нандигнаваас энэ нь эх орон, байгалийг хайрлахын учир болдог биз. Ийм л бодолтой тэд Эверестэд мацаж, эндээс тэртээд дугуй жийн байгалийн хүчин дор бодлоо гүйцээх гэж зүтгэсэн байх.
Өнгөрөгч баасан гараг сайхан мэдээтэй эхэлсэн нь юуны тухай гэдгийг уншигч та ч гадарлаж суугаа биз. Жилийн өмнө мөрөөдлөө биелүүлэхээр Монголоосоо гарсан залуу хүү одоо Их Британийг хөдлөн гулд жийж яваа. Мөрөөдөл гэдэг асар энгийнээс агуу ихийн хороонд. Хүрч чаддаг нь ховор ч хүрснээ мэдэхгүй яваа нь бидний дунд олон.
Түүн шиг хоёр сайхан хүү Эверест гэх тэнгэр хатгасан өндөр хайрхан өөд мацаж яваад сураг алдарсан. Нэгийнх нь цогцсыг олсон гэх харамсалтай мэдээ дугуйчин хүүгийн бахдалт мэдээний араас гэнэт ирэв. Эмгэнэлтэй ч эр зориг, итгэл найдварыг нь үгүйсгэж буй зарим хүмүүст хэлэх үг байна.
Сошиалд олон ч хүн тэднийг "яах гэж ууланд авирдаг юм бол?","яах гэж харь хол дугуй жийж явдаг юм бол?" гэх мэтээр гайхан бичжээ.
Бас буруутгасан нь ч байна. Уг чанартаа хэн бүхэнд ямар нэг тэмүүлэл байдаг учир тэд тийш явсан. Дуртай зүйлээ хийж, хийж буй зүйлээсээ сайхныг мэдрэх гэж тэд явсан учир "наад тэнэглэлээ зогсоо" гэж хэлэхийг хүслээ. Амьдралын шуурганд биш агуу их байгалийн шуурга л тэднийг ялж байгаа хойно үлдсэн нэг хүүгээ эх орон нь эсэн мэнд байгаасай гэж залбирнам.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)