Өдөр бүрийн өглөө бүр л... Баруун гартаа утас, зүүн гартаа аягатай цай барьчихаж. Энэ бол миний хүссэн “нөхцөл байдал” биш. Цаг, цагаар бага, багаар утас маань номын хуудсаар, сонсож байсан хөгжим минь тэртээх оны морин тэрэгний дугуйн хяхрах дуунаар солигдож байна.
Бид амьдралын сайхныг мэдрэх боломжоо цаг ямагт цахим хэрэглээ, гар утас зэрэг дижитал эрин үед алдаж байгаагаа сэхээрэх хэрэгтэйгээ ойлгосон гэх үү дээ. Хэт нэг зүйлд хошуурахаараа эргэн тойрноо мартаж, өөрийгөө тойрон хүрээлж буй хүмүүст ч ямар нэгэн байдлаар нөлөөлж буйгаа анзаарлаа. Утсаа алга болгох, алдах гэдэг дотны нөхрөө алдчихсан мэт санагддаг байсныг нуухгүй. Бага насандаа үзсэн хагацлаас болоод хэтэрхий дуу цөөтэй, хүнтэй харилцах дургүй болчихсон тэр үед интернет гарч ирсэн. Тийм болохоор намайг амьдралын аар саар зүйлээс хөндүүрүүлж байгаа мэт боддогддог байж. Харин өсөж дэвжиж, юмсыг харах өнцөг өргөжин тэлснээр ямар хэрэггүй зүйлд өөрийнхөө цаг хугацааг үрж буйг ойлгосон.
Сүүлдээ шүүлтүүргүй мэдээллүүдээс залхаж, хэн нэгний хошигнолд татагдахаа больсон юм. Тэгэхээр би зөвхөн хэрэгтэй зүйлээ эрж хайдаг болов. Утас, элдэв хэрэглээнд зарцуулж байгаа цагаа анзаарч хардаггүй атлаа өөр бусдад зориулж байгаа цаг, өөрийгөө хөгжүүлэх цаг, өөрийн хүсэл мөрөөдлөө чимээлэх цагтаа байнгын хяналт тавьдаг байжээ. Энэ бүгдийг эргээд харахад амьдралын хором бүрийг мэдэрч чадалгүй, хэн нэгний надад хэлсэн үнэтэй үгсийг ч шүүрч авч чадалгүй алдаж асгасан байх юм...
Сүүлийн жилүүдэд төлөвлөгөө гаргаж мэргэжлийнхээ онцлогийн дагуу номоо харьцангуй их уншдаг, утсаа бага дурсдаг болсон. Ерөнхийдөө өдрийн тэмдэглэл, элдэв зохиол унших нь надад өөртөө нээж буй өөр ертөнц. Хэзээ ч би мэдэрч чадахгүй байх тэдгээр мэдрэмжүүдийг олж авдаг гэсэн үг. Хэн нэгний амжилтад хүрсэн түүхээс илүү хэн нэгний гуниг баярын мэдрэмж, түүнийг хүлээж авч байгаа зан чанарыг өөрөөсөө хайхын тулд уран зохиолын ном уншихад илүүтэй цаг гаргадаг. Бүх зүйл цахимд шилжиж, цаасан ном хүртэл утга учир, үнэ цэнэгүй болж байгаа энэ үед бусдын хэргээс гарсан гэж хэлдэг цаасан ном намайг гүнзгий цензургүй мэдээллийн урсгалаас татан гаргасан юм. Эсвэл би өөрийгөө татаж гаргасан ч байж болох юм. Бид нэгэнтэйгээ уулзаж ярилцахаас илүү нэгэн рүүгээ зурвас бичдэг. “Уучлаарай”, “Баярлалаа”, “Хайртай” гэдэг хүнийг жаргалтай болгодог үгсийг хэлэхээ больсон. Уншихаас илүү ярих, уулзаж хэлэх нь үнэн сэтгэлийн догдлолыг илчлэн гаргадгийг ч мартсан.
Би одоо байгальтай маш ойр байна. Нэг хоногийн хугацаанд утсаа мартаж Гюстов Флоберийн “Бовари хатагтай” номыг бариад нуурын эргээр уншиж алхсан. Шувуудын жиргээ, усны хөнгөн урсгал бүх зүйл тухайн номны орчинг надад бүрдүүлж байсан юм. Ганцаардах, гуниглах гэдэг миний хувьд хамгийн хэцүү зүйл байсан. Гэтэл байгалийн сайханд ганцаар утасгүй хэн ч над руу залгаж дуудахгүй, эрх дураараа явах хэчнээн гайхалтай санагдав даа. Утас, утас. Нэг л завгүй хүн. Үүнээс илүү зүйл байдгийг ч мартчихсан мэт явав.
Зун хөдөө гэртээ очоод харгана тэсгэнэ, аргал түүхээс эхлээд морины хөлстэй тохом наранд дэлгэн хатаах, аав ээжийнхээ хөлс нь бурзайсан царайг ч анзаарч харахаа больсноо "анзаарч" билээ. Амьдрал ийм сайхан, амьдрах ийм утга учиртай. Аз жаргал ийм ойрхон байхад би юунд тийм холоос эрж хайж явсан юм бол оо. Ээжийн гарын хоол, ааг үнэртсэн цай, нялх ногооны униар суунигласан хөндий. Би үүнийг цахим ертөнцөөс олно гэж үү.
Нэг өдрийг утасгүй өнгөрөөгөөгүй бол ертөнц дээрх ганц цэг болтлоо жижгэрсэн дурсамж, түүнийг бүтээлцдэг хүмүүс, амьтан ургамал хүртэл өөр өөрсдийн хэлээр ойлголцон оршиж буйг ч мэддэг хэрнээ мэдэхгүй хүн шиг өнгөрсөөр байх, ердийн л нэг цаг.
М.Жаргал