БАРИМТ 1
Бутаны Хаант Улс нь Хималайн нурууны зүүн хэсэгт БНХАУ болон Энэтхэг улсуудын дунд оршдог далайд гарцгүй орон. Непал болон Бангладеш улсуудтай маш ойрхон байрладаг ч улсын хилээрээ хараахан холбогддоггүй.
БАРИМТ 2
789.9 мянган хүн амтай тус улсын иргэдийн дундаж наслалт нь 72.7 юм. Харин газар нутгийн хэмжээ нь 38,394 хавтгай дөрвөлжин километр. Улсын нийт иргэдийн 74.8 хувь нь буддын шашинг шүтдэг тул Бутан улс иргэдийн олонхоо дагаад буддын шашныг улсынхаа албан ёсны шашнаар тодотгосон.
БАРИМТ 3
Гималайн нуруунд байрладаг тул газар нутгийн ихэнх хэсгийг өндөр уулс бүрдүүлдэг агаад Бутаны хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 7,500 метрийн өндөрт орших Канкар-Пунсум гэх уул. Мөн тус уул нь уулчдын авирч үзээгүй хамгийн өндөр уулаар нэрлэгддэг байна.
БАРИМТ 4
Бутан улс нь хаант болон парламентийн засаглалын хосолсон системтэй. Хаан нь Жигмэ Гэсэр Намжил Ванчук юм. 2006 онд 25 насандаа Цог жавхлант хаанаар өргөмжлөгдсөн. Харин Ерөнхий сайдыг нь Лотай Церинг гэдэг.
БАРИМТ 5
Бутан улсын иргэд өдөр тутмын амьдралдаа үндэсний хувцас болох гхо (эрэгтэйчүүд өмсдөг) болон кираг (эмэгтэйчүүд өмсдөг) тогтмол өмсдөг. Тэд зах руу явахдаа, шашны албан ёсны үйл ажиллагаанд хамрагдахдаа, улс төрийн олон улсын уулзалтад оролцохдоо, хурим найранд очихдоо гэх мэт бүхий л үед үндэснийхээ хувцасаар гангардаг.
БАРИМТ 6
Улсын нийслэл нь Тимпу хот. Уг хоттой холбоотой нэгэн сонирхолтой баримтыг дэлгэхэд Тимпу хот нь замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохиогүй дэлхий дээрх цор ганц нийслэл хот. Иргэд машин бага хэрэглэдгээс гадна хотын төвөөр замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулдаг тул замын түгжрэлд санаа зовох ямар ч хэрэг байхгүй.
БАРИМТ 7
Бутан улсад ямар ч нүүрстөрөгчийн хий байхгүй. Учир нь тус улсын 70 хувь нь ой модоор бүрхэгдсэн бөгөөд тэд ялгаруулж байгаагаасаа их нүүрстөрөгчийн хийг шингээж авдаг байна. Энэхүү байгальд ээлтэй шинж чанараараа дэлхийн бусад улсуудад үлгэр дуурайлал үзүүлдэг.
БАРИМТ 8
Бутан улсын цагдаагийн байгууллагад маш бага тооны дуудлага ирдэг. Учир нь бутанчууд маш эелдэг найрсаг хүмүүс бөгөөд тус улсад гэмт хэрэг бараг л бүртгэгддэггүй. Энэ нь тэдний амьдралын тайван хэв маяг болон үндэсний шашинтай нь гүн холбоотой. Хэрэв таньд Бутан улсаар аялах боломж олдвол юунд ч санаа зоволгүйгээр тайван аялж болно.
БАРИМТ 9
Бүрэн эрхт хаант засаглалтай байсан Бутан улс нь 2008 онд хагас парламентын засаглалыг нэвтрүүлснээр дэлхийн хамгийн залуу ардчилсан улсуудын нэг болсон. Тухайн үед Бутан улсын одоогийн хаан нь ардчилал өөрийнх нь улсад хэрэгтэй байгааг анзааран тус шийдвэрийг гаргасан.
БАРИМТ 10
Бутан улс нь интернет болон зурагтыг дэлхий дээрх хамгийн сүүлд хэрэглэж эхэлсэн улс. Анх 1999 онд тухайн үед төр барьж байсан хаан нь улсын удирдагчидтай зөвлөлдөж дэлхийн бусад улсуудаас хоцрохгүйн тулд иргэдээ техник технологиор хангах шийдвэрийг гаргаснаар бутанчууд дэлхийн бусад хэсгүүдтэй бага багаар танилцаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бутанчуудын 87 хувь нь гар утас хэрэглэдэг.
БАРИМТ 11
Хэрэв та халуун ногоог тэсэж чаддаггүй бол танд Бутан үндэсний хоолнуудыг бага хэмжээгээр амсахыг зөвлөж байна. Учир нь бутанчууд халуун ногоонд туйлын их дуртай ард түмэн бөгөөд халуун ногоотой чинжүү нь ихэнх хоолны гол орц. Үндэсний хамгийн алдартай хоол нь эма даташи гэх халуун ногоо болон бяслагтай шөл.
БАРИМТ 12
Бутан улсад дэлхийн хамгийн аюултай онгоцны буудлуудын нэг байрладаг. Энгийн нисгэгчид тус онгоцны буудалд газардах боломжгүй байдаг ба зөвхөн тусгай бэлтгэгдсэн найман нисгэгчид л Бутан улс руу нисдэг гэнэ. Энгийн хэмжээнээс нарийн газардах болон хөөрөх зурвасаас гадна өндөр уулсаар хүрээлэгдсэн байршил нь уг буудлыг маш аюултай болгодог. Гэвч уг аюултай нислэг нь ихэнх жуулчдын амьдралынх нь нэгэн мартагдашгүй дурсамж болж үлддэг гэнэ. Хэрэв та Бутан улс руу нисвэл таныг цонхон талын суудлыг захиалан Гимлайн нурууг тодоор ажиглахыг зөвлөж байна.
БАРИМТ 13
Эдийн засгийн голлох салбар нь усан цахилгаан станц бөгөөд Бутаны усан цахилгаан эрчим хүчний экспорт нийт экспортынх нь 40%-ийг бүрдүүлдэг байна. Энэ нь Засгийн газрын нийт орлогын 25% юм. Бутан Улс одоогийн байдлаар 24,000 мегаваттын усан цахилгаан станцынхаа 6.5 хувийг ашиглаж буй.
БАРИМТ 14
Тус улсын газар нутаг дотор тамхи татах нь хуулийн дагуу хориотой. Хэрэв та хориотой бүс нутагт тамхи татаж байгаад баригдвал шоронд хоригдох аюултай. Гэвч жуулчдын хэлж буйгаар нутгийн иргэд нууцаар тамхийг татдаг гэнэ. Мөн боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээнүүд нь иргэдэд үнэгүй. Жуулчид ч ямар нэгэн төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой гэнэ.
БАРИМТ 15
Бутан улс нь дэлхий дээрх хамгийн аз жаргалтай улс. Бутанчууд өөрсдийн амьдарч буй амьдралдаа баян эсвэл ядуу байх нь хамаагүй үргэлж сэтгэл хангалуун байдаг. Мөн Бутан улсын нийгэмд амжилтыг эд хөрөнгөөр бус амжилтаар хэмждэг.
БАРИМТ 16
2023 оны эхний хагас жилийн байдлаар хүн амын 27% нь хөдөө аж ахуйн салбарт, 33.6% нь барилга, дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт, 38.9% нь үйлчилгээний салбарт ажилладаг. Ажилгүйдлийн түвшин нь 2023 оны II улирлын байдлаар 2.3%-тай байна.
БАРИМТ 17
Улсын үндэсний амьтныг такин гэдэг. Энэ нь уулын бүсээр амьдардаг ховор зүйлийн хөхтөн амьтан. Ямаа шиг эвэр болон толгойтой бөгөөд жижиг хэмжээний үхэр мэт биетэй. Домогт өгүүлснээр гэгээнтэн ямаа болон үхрийн махтай хоол зооглосныхоо дараа үлдсэн ясаар нь уг амьтныг бүтээсэн гэдэг. Мөн Бутан улсад мал нядлахыг хориглодог. Энэ нь тэдний шашинтай шууд холбоотой бөгөөд бутанчуудын иддэг ихэнх мах нь Энэтхэгээс орж ирдэг.
БАРИМТ 18
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2.8 тэрбум ам.доллар. Нэг хүнд ногдох ДНБ нь 3.6 мянган ам.доллар.
БАРИМТ 19
Хоёр улсын иргэд харилцан визтэй зорчдог ба 2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн тус тус зорчсон.
БАРИМТ 20
Бутан улсад хэрэглэгддэг 24 хэл байдгаас “Жонха” хэл нь тус улсын албан ёсны хэл. Тус хэлэнд Бутан гэх нэр нь “Аянгын луугийн нутаг” хэмээн орчуулагддаг. Энэхүү нэрний утга нь Бутан улсын нутаг дэвсгэрт их хэмжээний аянга буудаг бөгөөд нутгийн иргэд өөрсдийн улсын нутагт аянгын луу амьдардаг хэмээн итгэдэг.
БАРИМТ 21
Тус улсын төрийн далбаа нь диагнолдсан шулуунаар шар (дээ хэсэг) болон улбар шар (доод хэсэг) гэсэн хоёр хэсэгт тэнцүү хуваагддаг бөгөөд далбааны төв хэсэгт аянгын луугийн дүрс байдаг. Шар өнгө нь Бутан улсын үндэсний ороолтны өнгө бол улбар шар нь Буддын шашны уламжлалт өнгө тул тус тус төрийн далбаанд багтсан байдаг.
БАРИМТ 22
Монгол Улс 2012 оны нэгдүгээр сарын 18-нд Бутан улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр улсын худалдааны эргэлт 2024 оны зургаадугаар сарын байдлаар 51.3 мянган ам.долларт хүрсэн байна. Манай улс тус орноос голлон хөлдөөсөн хүнсний ногоо, самар, хатаасан жимс, лаазалсан бүтээгдэхүүн импортоор авчээ.
БАРИМТ 23
Бутан 1971 онд НҮБ-д элссэн бөгөөд үүнээс хойш Бангладеш, Израиль, Кувейт, Бразил, Япон, Тайланд, Турк зэрэг 55 улстай харилцаагаа өргөжүүлсэн.
БАРИМТ 24
Бутан гадаадын жуулчдаас өдөрт 100 ам.долларын тогтвортой хөгжлийн хураамж авдаг.
Сэтгэгдэл (280)