
Эрүүл мэндийн салбарт түүх болон үлдэх бүтээн байгуулалтын нэг бол Сүхбаатар дүүргийн "Сэлбэ" нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг Монгол Улсад анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бөгөөд дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий 200 ортойгоор үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болжээ. Иймд тус эмнэлгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.
Сэлбэ нэгдсэн эмнэлэгийн бүтээн байгуулалт 2021 оны наймдугаар сард эхэлж байв. Барилгын ажил хоёр жил
гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд 2024 онд ашиглалтад орох аж.
Тус эмнэлэг ашиглалтад орсноор хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн үндсэн долоон чиглэлээр Сүхбаатар дүүргийн иргэдэд, цаашлаад Монгол Улсынхаа иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Сүхбаатар дүүргийн хүн амын дунд зонхилон тохиолдох буюу тэргүүлж буй өвчлөлийг бууруулах бодлогыг үндэслэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохион байгуулжээ.
Нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор үйл ажиллагааг явуулах юм. Тухайлбал, үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор, насанд хүрэгчдийн 160 орноос 6 ор нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 ор нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний байхаар төлөвлөгджээ.
Тоног төхөөрөмжийн тухайд нийт 184 нэр төрлийн 2672 ширхэг тоног төхөөрөмж, компьютер техник, хэрэгсэл, эм эмнэлгийн багаж хэрэгслийг дүүргийн төсвийн санхүүжилтээр худалдан авчээ. Мөн иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмжийг
суурилуулсан байна.
Эмч нар цонхгүй, харанхуй өрөөнд сууж байгаа нь анзаарагддаг. Тэгвэл тус эмнэлэгт эмч нарын өрөө цонхтой буюу байгалийн гэрэлтэй байх нь. Энэ нь орчин үеийн дэлхийн жишиг нийцсэн эмнэлгийн стандартад нийцэж буй.
Сувилагч нар сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдэг явдлыг халжээ. Тухайлбал, сорьц, шинжилгээний дээжүүдийг энэ зурагт харагдаж буй зориулалтын лифтээр зөөнө.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнгүүд өөрийн орны дээр байрлах улаан товчлуур дээр даран сувилагчаа дуудах боломжтой юм.
Дээрх улаан товчлуур дээр дарахад "... дугаартай орны өвчтөн сувилагч дуудлаа" гэх мэдэгдэл дээрх самбарт ирэх аж.
Мөн орны дээр галын дохио, гэрэл зэргийг байршуулжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд эмнэлэг дотроо усанд орох боломжтой буюу шүршүүрийн өрөөтэй.
Хүүхдийн тасгийн шүршүүрийн өрөөг тусад нь байршуулж өгснөөрөө онцлог юм.
Усанд орж байхдаа биеийн байдал нь хүндэрсэн, бие эвгүйрхсэн тохиолдолд сувилагчаа дуудах боломжийг бүрдүүлжээ.
Эмнэлгийн барилга нь газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, төмөрбетонон карказтай. Мөн мэс засал, лабаротори,
сэхээний тасаг зэргийн барилгын материал нь нян, бактери үрждэггүй эмнэлгийн зориулалтын тааз, хулдаас, үнэргүй эмульс, будаг, рентгений өрөөнд гэхэд туяа нэвтрүүлдэггүй аж.
Тус эмнэлэг хүчилтөрөгчийн шугамтай. КОВИД-19 цар тахлын үеэр хүчилтөрөгч гээд баллонтай юм авчраад зүүдэг байсан бол Сэлбэ нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийг шууд хананаасаа авна.
Таван давхар тус эмнэлгийн хойд талд Хүчилтөрөгч үйлдвэрлэх тусдаа бие даасан барилгатай.
Эмнэлэг дотроо иж бүрэн лаборатори, CTR, CPI аппарат зэрэг тоног төхөөрөмжэй.
Эмчийн өвчтөнөө үзэх өрөө хоёр хаалгатай аж. Тухайлбал, эмч өвчтөн хоёр нэг хаалгаар гарч, орохгүй гэсэн үг юм.
Эмнэлэгт гал гарсан тохиолдолд таазан дээр байрлах галын хор мэдрэгчтэй бөгөөд шууд ажиллах аж.
Бүх өрөө нь цэлгэр том цонхтой. Мөн хүүхдийн тоглоомын өрөө ч том цонхтой байхаар төлөвлөжээ.
Хүүхдийн шүдний тасагт хүүхдийг шүдээ үзүүлэх явцад саатуулах дэлгэцтэй аж.
Эмнэлгийн гадна талдаа 100 машины зогсоол, амрах хэсэг гээд иж бүрэн тохижилттой томоохон бүтээн байгуулалт болж сүндэрлэжээ.
Нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 11000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчилж, 3000-3400 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн тусламж үйлчилгээг хоногт дундажаар 950-1000 орчим , жилд 267000 орчим иргэдэд үзүүлэх хүчин чадалтай.