Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "Оо"-ны талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямаас тодрууллаа.
-Оо бол бидний өдөр тутмын хэрэглээ. Амны хөндийн эрүүл ахуйг сахихад хоёрдогч бүтээгдэхүүн. Оог хүмүүс хөөсрөх тусмаа хамгийн сайн гэж боддог байж мэдэх. Эсвэл хөөсөрч байгаа нь тааламжтай санагддаг байх. Гэтэл хөөсрөх процесс үүсгэж байгаа бодис нь шүдийг хамгаалахад ямар ч нөлөөгүй.
Мөн "зарим хүмүүс ногоон тэмдэглэгээтэй оог хэрэглэдэг, энэ зөв биз дээ" гэж асуудаг. Гэвч энэ тэмдэглэгээ бол хүмүүст зориулагдаагүй зүйл. Савалгааг таслагч төхөөрөмжид л зориулсан тэмдэглэгээ юм. Гарын тос гэх зэрэг бүтээгдэхүүнүүд ч ямар нэгэн өнгийн тэмдэглэгээтэй байгаа. Энэ талаар арав гаруй жилийн өмнө мэргэжил нэгт найзтайгаа хамтран тайлбар, мэдээлэл хүргэж байсан ч одоог хүртэл ийм ойлголт байгаа нь маркетингийн нөлөөлөл болов уу.
Бид ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ, өнгөнд бус "оо"-ны найрлагад анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Найрлага хэсэгт маш чухал мэдээллүүд байдаг. Та эрүүл ахуйн энгийн оог сонгох гэж байвал фтортой, фторгүй янз бүрийн оо байгаа. Ооны хамгийн чухал найрлага болох фтор нь sodium fluoride, sodium monoflourophosphate stannous fluoride гэж байдаг.
Stannous fluoride нь нь хэт мэдрэгшил бууруулдаг, буйлны үрэвсэл болон цоорлын эсрэг үйлчилгээтэй. Нөгөө хоёрыгоо бодвол илүү идэвхтэй бодис.
Үүнээс гадна фторын нормыг тогтоох шаардлагатай. Тухайн бүс нутгийн ундны усны фторын хэмжээг тогтоож, түүнд уялдуулан хэрэглэх нь чухал. Хүүхэд, том хүний биеийн жинд тохирсон эсэхээс шалтгаалан фторын хоруу чанар, фтор ашигтай эсэхийг тодорхойлдог.
Ямар ч зүйлийг тааруулж хэрэглэвэл эм, эс тааруулвал хор гэдэгчлэн фторын хэмжээг ч мөн тааруулах хэрэгтэй. Энэ бол тулгамдаад байгаа шүдний цоорлын эсрэг үйлчлэх идэвхтэй бодис юм.
Фторын зөвшөөрөгдөх хэмжээ:
-6 хүртэлх насны хүүхдүүдэд 500ppm. Онцгой анхаарах шаардлагагүй буюу амны эрүүл ахуй хэвийн хүмүүст мөн 500ppm. 6-аас дээш насныханд 1000-1300ppm. Насанд хүрэгчдэд 1300-1500ppm фторын агууламжийн зөвшөөрөгдсөн хэмжээ.
2800ppm гэх мэт маш өндөр фторын агууламжтай оог зөвхөн 10-аас дээш шүдний цооролтой, эрдэс их хэмжээгээр алдагдсан хүмүүс эмчийн хяналт доор хэрэглэх шаардлагатай.
Хумсны толион чинээ оонд агуулагдах 1000-1300ppm нь танд хоруу чанаргүй. Харин 6 хүртэлх насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналттайгаар угаах хэрэгтэй. Оог залгихаас сэргийлэх шаардлагатай гэх мэт анхааруулгуудыг өгсөн байдаг.
Фторын хоруу чанар:
Том хүн- Биеийн 1кг жинд 15 мг буюу өөрийн жинг 15-д үржүүлээд тухайн хэмжээний фтор хоруу чанар үүсгэнэ.
Хүүхдийн хувьд биеийн жингийн бол 1 килограммд 5 мг гэх зэргээр тооцдог. Хүүхэд тоглож байгаад ч юм уу, оог их хэмжээгээр залгисан тохиолдолд эмчид хандах хэрэгтэй.
Зохих хэмжээний дагуу хэрэглэж байгаа оо нь бидэнд ямар нэгэн хор нөлөөгүй.
Дэлхий нийтээр ундны уснаас 1,7-1,5 мг/л фтор агуулагдаж байвал стандарт гэж үздэг. Харин манай улсад эл хэмжээ нь хангалтгүй буюу 0,3-0,7 мг/л байдаг учраас үйлчлүүлэгчдэдээ фтортой оо зөвлөдөг.
-Түүнчлэн оонд "Триклосан" гэх бодис бий. Энэ нь буйлны үрэвслээс урьдчилан сэргийлэх, мөөгөнцөрөөс сэргийлэх үйлчилгээтэй. Жаахан сонин амттай оо байдаг. Бүх оонд бага хэмжээгээр агуулагддаг л даа.
Potassium nitrate нь хэт мэдрэгшлийн эсрэг үйлчилгээтэй. Ер оонд агуулагдаж буй элементүүдэд ихээхэн анхаарах хэрэгтэй.
-Хөөсийг үүсгэж байгаа бодисыг Sodium laureth sulfate гэж нэрлэдэг. Зөвхөн хөөсийг үүсгэж байгаа болохоос ямар нэгэн эмчилгээний зориулалт байхгүй. Нэг асуудал нь салстын хэт хуурайшлын эмгэг үүсгэх эрсдэлтэй байдаг.
Ам хуурайшдаг, салстын шархтай хүмүүст хөөсөрдөг оог биш хөөсөрдөггүй оог хэрэглэхийг зөвлөдөг.
Өнгөлгөөний бодис буюу зүлгүүрийн чанар \RDA\ нь 250-аас бага байх ёстой, тухайн ооны зориулалтаас болоод хэмжээ өөр өөр байна. Түүнээс их байвал шүдийг гэмтээдэг. Цайруулах үйлчилгээтэй гэх оонд тухайн бодис ихээр агуулагдаж байх юм бол өдөр тутамдаа хэрэглэхгүй байвал зохилтой. Учир нь шүдний паалан цуурах эрсдлийг бий болгодог. Үндсэн гол найрлагуудад анхаарлаа хандуулж, өөрт хэрэгтэй оог сонгоорой.
Эмчилгээний зориулалттай оог эмчтэйгээ зөвлөлдөж байж авах нь зүйтэй. Хэрэв таны ам хуурайшиж байгаа бол ам чийгшүүлэх оо, хэт мэдрэгшил үүсэж байгаа бол хэт мэдрэгшлийн эсрэг оог хэрэглэх шаардлагатай.
Миний хувьд буйлны үрэвсэлтэй болон буйлны шамралтаас болоод хэт мэдрэгшил үүссэн хүмүүст орой нь буйлны үрэвсэл, нянгийн эсрэг оог хэрэглэхийг зөвлөдөг. Мөн тухайн өвчтөнд тохирсон зөвлөгөө, оог санал болгодог.
Байгалийн гаралтай оонд фтор байхгүй. Түүнийг нь кальци орлодог. Эрүүл ахуйн энгийн оог амны хөндийн өвчлөлгүй хүмүүс хэрэглэнэ. Тодорхой хугацаанд эмчилгээний зориулалттай оо хэрэглээд, энгийн эрүүл ахуйн ооны хэрэглээ рүү шилжих боломжтой.
Танай гэр бүлд өөр өөр насны хүмүүс байгаа бол гэр бүлийн оо гэж сонгохгүйгээр нас насны онцлогт тохирсон оог хэрэглэж, найрлагыг харж хэвшээрэй. Оо бол хүнс хэрэглэж байгаагаас ялгаагүй зүйл юм. Ооны найрлагыг уншаад сурчихвал эрүүл ахуйдаа том хөрөнгө оруулалт хийлээ л гэсэн үг.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)