УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Монголд Уул уурхайн биржийн тухай хууль хэрэгжиж байгаа. Хууль хэвийн хэрэгжинэ. Үүний хажуугаар "Эрдэнэс тавантолгой" компани, БНХАУ-ын төрийн болон хувийн өмчит дөрвөн компанид нүүрсээ урт хугацааны гэрээгээр борлуулж байгаа. Бид энэ хэлэлцээрт орж байгаа "Чайна энержи" компани хоёр дахь гэрээ буюу нүүрс худалдах, худалдан авах гэрээнд бид хоёр талаасаа ажлын хэсэг гаргасан. Эхний төмөр зам ашиглалтад орох хугацаанд 2025-2029 онд 27 сая тонн нүүрс, цаашдаа жил бүр 20 сая тонн нүүрсийг борлуулах гэрээний асуудал яригдаж буй. "Эрдэнэс тавантолгой" компанийн өнөөдрийн үнийг баримталья гэж ярьж буй. Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль гэсэн дарааллаар хэрэгжүүлдэг" гэв.