Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ дугаартаа "Хатаасан жимс идэх нь шүдэнд хор хөнөөлтэй юу” гэдэг талаар Ашид дент шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаартаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-“ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА” булангийн уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн дугаартаа “хатаасан жимс идэх нь шүдэнд сөрөг нөлөөтэй юу?” гэдэг талаар зөвлөгөө өгье.
-Юуны өмнө бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг хатаасан жимс гэвэл ямар жимсийг нэрлэх вэ?
-Жимсийг урт удаан хугацаанд хадгалахын тулд буюу нөөцлөх зорилгоор наранд болон тусгай технологиор хатаадаг. Манайх шиг жимс ургадаггүй улсад түгээмэл хэрэглэгддэг.
Хатаасан жимс дотроо хамгийн өндөр хэрэглээнд байдаг жимс бол үзэм.
-Хатаасан жимс шүдэнд хор хөнөөлтэй гэх яриа бий. Яг ямар хор хөнөөлтэй юм бэ?
-Хатаасан жимсний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сайн муу, эрүүл мэндэд хортой, хоргүй гэх ярианууд гарч эхэлсэн. Хатаасан жимс бол шүдэнд маш их наалддаг, наалдамхай чанар ихтэй хүнс. Жинхэнэ жимстэйгээ харьцуулахад сахрын агууламж өндөр байдаг. Мөн шүдний гадаргуу дээр удаан тогтдог гэх таамгууд их байдаг л даа. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг.
Амны хөндийн эрүүл ахуйн сахилт сайн хүмүүст ямар нэг хор хөнөөл байхгүй гэж үздэг. Судалгаанууд ч бий. Харин амны хөндийн арчилгаа дутуу, шүд цоорох өвчинд өртөмтгий хүмүүст сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болдог.
-Тэгвэл хатаасан жимс идэх нь шүдэнд зүгээр гэж үү?
-Давуу талууд бий. Тухайлбал, хатаасан жимсийг удаан зажлах шаардлагатай байдаг шүү дээ. Ингэж удаан зажилснаар шүлсний ялгаралт ихэсдэг. Шүлсний ялгаралт их байна гэдэг бол амны хөндийн өөрөө цэвэрших үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
-Аливаа хүнсийг хэтрүүлэн хэрэглэх нь ямар нэг хор хөнөөлтэй байдаг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Английн шүдний сувилагч Жо-ийн судалгаанаас үзэхэд, хүүхдүүдийн цүнхэндээ авч явдаг чихэр, жимсэнд үзэмийн хэрэглээ өндөр байсан байна. Иймд энэ хэрэглээг бууруулах нь зүйтэй гэсэн санааг гаргаад хатаасан жимсний хэрэглээг бууруулах ажлыг өрнүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд, та ямар нэгэн хүнсийг хор болтол нь хэрэглэх юм бол хор хөнөөлтэй. Харин хэр хэмжээндээ хэрэглэвэл ашигтай зүйлс бий. Үүнтэй л адил хатаасан жимсийг цүнхэндээ хийгээд өдөржин идээд явбал таны болон таны хүүхдийн шүд цоорох өвчинд нөлөөлөх хүчин зүйлсийн нэг болно. Иймд зөв зохистой хэрэглэх нь зүйтэй.
-Баярлалаа.
Сэтгэгдэл (1)