Төв цэвэрлэх байгууламжийн өтгөн лагт дөрвөн хүн хордож, амиа алдсан нь саяхных, өнгөрсөн долоо хоногийн үйл явдал. “Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг сайд Х.Баделхан хар толгойгоороо хариуцана” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх албаны хүмүүсийн хамт очихдоо мундагсанаас хоёр жил, өөрийн биеэр ажлын явцтай нь танилцсанаас хэдхэн хоногийн дараа ийм эмнэлэгт хэрэг гарч, олон нийтийг сэрдхийлгэсэн хэрэг.
Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд хөрсний нуралт үүсч дөрвөн хүн амь эрсэдсэнээр хүн болгон хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хөндөж, дээр, дооргүй хариуцлагын асуудлыг ярьцгааж байх хойгуур дахин дөрвөн бүлээн зүрх эргэж цохилохгүйгээр өтгөн лаганд хөрж, хорвоог орхисон нь дэндүү харамсалтай.
Тэд бүгдээрээ аавтай, ээжтэй, ах, дүүтэй, хань ижилтэй, хүүхэдтэй байсан байж таарна. Харин өнөөдөр тэд алга. Үлдэж хоцорсон бүхэн нь өнчин нулимс тээн хахирхан хаврын энэ өдрүүдэд хорвоогийн шаргал өдрүүдийг туулж явна.
Эрдэнэт хүний амийг авч одох нь байтугай энэ бүх эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн дадал болсон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, цаг, минут, секунд тутамд шаардаж, сануулах учиртай мэргэжлийн байгууллагууд дүрэм, стандарт ярихаас бус тоймтой шийдвэр гаргаж чадахгүй таг дүлий л сууцгаана.
Өөрсдөд нь үхэл хагацлын зовлон ирдэггүй л юм бол өрөөл бусдын зовлон тэдэнд түй ч хамаагүй мэт. Гэтэл ажлаа хийж яваад амь эрсэдсэн цэвэрлэх байгууламжийн ажилтнуудтай холбоотой дахиад л нэг асуудал дэгдлээ.
Хорвоод дахиж ирэхгүйгээр хүйтэн шороонд булагдсан тэдний шарилыг холбогдох байгууллаас нь хүлээлгэж өгөхдөө сольжээ. Хэн ч сонссон чихэндээ итгэмгүй ийм зүйл болсон тухай ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболд “Талийгаач нарын цогцсыг сольсон харамсалтай явдал болжээ. Үүний дагуу манай Хяналт шалгалтын хэлтсээс дотоод аудит хийж байна. Ямар албан тушаалтан хариуцлага хандсан бэ гэдэгт шалгалт хийж байгаа. Хариу гарахаар хариуцлагын асуудал яригдах байх. Талийгаачдын нэр хаана аа солигдов гэсэн асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Осол болсон хэргийн газраас цогцсыг өтгөн лаганд дотроос цогцсыг гаргаж авсан.
Цагдаагийн байгууллагаас цогцос таниулах ажил хийгдээд талийгаачдын цогцсыг угааж цэвэрлэх ажиллагаа хийгдээд ар гэрт нь таниулах ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа хийгдээгүй. Осол гарсан өдөр нэг айл цогцсыг таньсан байдаг. Өнгөрөгч Баасан гаригийн өглөө талийгаачдын ар гэрийнхэн цогцсыг “мөн байна” гэж таниад гарын үсгээ зураад шарилаа аваад явсан. Гэтэл өнөө өглөө гаргах ёстой байсан шарил нь биш байна гэсэн асуудал үүслээ. Аль цогцос нь хэнтэйгээ солигдсон бэ гэдгийг шалгаж байна“ хэмээн хээв нэг яриад сууж байх юм.
Юу гэсэн үг вэ. Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан дөрвөн хүний шарилыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх явцад солигдсон гэж үү. Тийм бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь нарийн чанд хангаж, мөрдүүлж, сахиулж чадаагүйн уршгаар хойд төрөл рүү нь явуулахдаа хүртэл хариуцлага алдаж буй нь Монголын төр эмнэлэг. Түүнийг бүрдүүлж байгаа эд эс нь болсон албан хаагчдын сахилга хариуцлагын төвшин туйлдаа хүртэл завхарсныг харуулж байна.
Г.Сонор
Сэтгэгдэл (9)