Зам тээврийн яам 23 тэрбумын тендер зарлажээ. Тодруулбал, тендерийн нэр нь “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүрэн байгууламжийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хүрхрээн ам хүртэл/” төсөл, арга хэмжээний хүрээнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээ.
"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоло, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэл хотод олон улсын стандарт хангасан хөнгөн төмөр замын тээвэр (LRT) барих байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулна.
Тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ. Үүнд “Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар/ Багц-2” боловсруулах зөвлөх үйлчилгээ орно.
Тендерийн баримт бичигт тусгаснаар 23 тэрбумаар тухайн үйлчилгээг авах аж.
Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км байгаагийн 75 хувь нь барилгажсан нутаг дэвсгэр, 25 хувь нь гэр суурьшлын бүсэд байрлах бөгөөд 2020 онтой харьцуулахад авто замын сүлжээ нь 433.6 км буюу 35.8 хувиар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотын авто замын ачааллын өнөөгийн нөхцөлийн загварчлалын үр дүнгээр 2023 оны хэмжээнд өдрийн турш түгжрэлтэй байх автозамын сүлжээний урт нь 97.3 км, авто замын сүлжээний оргил цагийн хурд 7-13 км/ц болж хотын нийт зорчих хөдөлгөөнд нийтийн тээвэр 39.8 хувь эзэлж байгаа бөгөөд цаашид авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх тохиолдолд 2030 оны түвшинд өдрийн турш түгжрэлтэй байх авто замын сүлжээний урт нь 200 км-т хүрч, авто замын сүлжээний оргил цатийн хурд 5 км/ц болж, хотын нийт зорчилтын нийтийн тээврийн эзлэх хувь 25 хувь болж багассанаар "Улаанбаатар хотын авто замын сүлжээ зогсолт"-д орох эрсдэл үүсэхийг тодорхойлжээ.
Дээрхийг үндэслэн Улаанбаатар хотод авто замын сүлжээний бүтцийг сайжруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх буюу тээвэрт суурилсан хөгжүүлэлт хийх чиглэлд урт, дунд хугацааны бодлого хэрэгжүүлж байна гэж тухайн төслийн хэрэгцээ шаардлагыг дурджээ.
Шинэ зуунмод хотыг Улаанбаатар хоттой холбох тээврийн оновчтой, үр ашигтай, зорчих хугацааг хэмнэх цогц систем хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь энэ дагуул хотыг хөгжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлт болон иргэдийг төвлөрлөөс зайлсхийх, амьдралын чанар, тав тухтой байдлыг сайжруулах ач хогдолтойг дурдсан байна.
Сэтгэгдэл (1)