Сүр хүч, тэсвэр тэвчээр, хөлс хөдөлмөрийн үнэ, амьдралын он жилүүдийн золиосоор олддог алдар нэр бол "тамирчин" хүнийх. Дөрвөн жилд ганцхан удаа оргилоо үзүүлдэг спортын өндөрлөгийг сүүдэрлэсний хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ?
Манай улсын 2018 оноос эхлэн Парисын олимп болон паралимпийн наадмын бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан хөрөнгө "салхинд хийссэн"-ийг цугаар харлаа. Бэлтгэл ажилд 25 тэрбум 600 саяыг төсөвлөсөн тухай МҮОХ ээлжит хуралдаандаа танилцуулсан байдаг. Мөн нэг тамирчинд 83-84 сая төгрөг зарцуулна гэж байв. Гэтэл яав?
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайдтай болж, Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг сайдын суудалд залж, тэрбум тэрбумаар нь төсөвлөөд ч гавьсангүй. Ганцхан медалтай ирлээ. Нээлтийн арга хэмжээнд өмсөх тамирчдын хувцасны тухай цахимаар "зодолдож" байх хойгуур Парис руу зорчигчдын дунд холион бантан, холио солио орж л дээ.
"Дэлхийн жишигт нийцүүлнэ, хөл нийлүүлнэ" гэж хэн хүнгүй ярьдаг боловч, хориннэгдүгээр зуунд тамирчид нь хоолзүйчгүй, сэтгэлзүйчгүй, нөхөн сэргээх төвгүй "бор зүрх, хар ухаан"-аараа зүтгэж байна.
Энэ бүхэн ганцхан сарын дотор болсон "азгүйтэл" биш. Мордохын хазгай гэгчээр допингийн асуудлаас болж цагаан туг дор оролцох эрсдэл үүссэний улмаас асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газар хөдөлж, боксын тамирчид олимпын эрхийн төлөөх эхний тэмцээндээ оролцож чадалгүй буцан ирж, зарим нэг холбоо дотроо хагаралдаж "нэг л янзгүй" байсан нь дэгс бус. Дэлхийд нэрээ барласан тамирчдын нүүрийг барж, шороотой хутгасан боксын холбооны араас бүгд орлоо. Сануулвал, боксын үндэсний шигшээ багийн тамирчид "зүгээр л" Италид газардчихаад буцаад ирсэн юм.
Монголчуудын итгэл найдварын галыг өрддөг “Топ-4” спорт болох чөлөөт бөх, жүдо хоёроосоо бид их зүйл хүлээж байсан ч санаснаар болсонгүй. Чухамдаа тамирчид холбооныхоо учир битүүлгийн учрыг олох гэсээр чөдөр, дөнгөндөө түүртэж цуцах шинжтэй болоод байсан нь ил л байв шүү дээ.
Хамгийн өндөр төсөвтэй жил хамгийн өндөр газраас "хамраараа газар" хатгасан гайхам түүхтэйгээр олимпыг өндөрлүүлэх гэж байна.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдлэг боловсролоороо нэг үе магтуулж, хороог удирдах болсон ч түүний ажлын үр дүн "ийм л байна". Б.Бат-Эрдэнэ гэж дархан аваргаараа түрий барьж, төрөөс буумагцаа зүү утас нийлүүлж суусан, ёслолд ёс юм шиг хамгийн түрүүнд гүйж очдог МАН-ын "эрх ахмад"-д хэн, яаж, хариуцлага тооцох вэ?
Бүтэн 4-6 жил бэлдчихээд ганцхан медалтай, ганцхан тамирчнаар нүүрээ тахлаад, алдаагаа бүгд ард нь нуун гэж бодож байгаа биз. Одоо хэдхэн хоногийн дараа "Парис-2024" паралимпын наадам болох гэж байна. Дуулиан шуугиан болдог, "хүлээн авч уулзснаа өдөр шөнөгүй мэдээлдэг" дарга нар чимээ сураг алдарчихаад байна.
Хоолзүйч, сэтгэлзүйчээс гадна маш чухал нэг асуудал хөндөгдөөд байгаа нь "Тамирчин нөхөн сэргээх төв юм шүү. Энэ талаар МУГТ Ө.Дүүрэнбаяр "МҮОХ, бусад спортын холбоо нарт гаргах уриалга байна. Үзэгчдийн хувьд бол яах вэ ингээд олимп, дэлхийн аварга дуусаад цэнгүүлэх нь цэнгүүлээд, хараалгах нь хараалгаад дуусна. Харин тамирчид тамирчны замналаа дуусгахдаа маш их бэртэлтэй үлддэг. Энэ олимпоор ч гэсэн миний мэдэж байгаар нэлээн хэдэн хүнд бэртэлтэй тамирчид салаад уначихгүй бол дуустал нь үзнэ гээд ясаа цайтал үзэх шиг боллоо.Бид нарт хэрэггүй боллоо гээд хаячихдаггүй нэгдсэн журмаар даатгалд хамруулдаг юм уу, бүхэл бүтэн улс байна даа нэг сайн эмнэлэгтэй гэрээ хийгээд хамтарч ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол битүү өвчний үүр нар үлдээд байна бас дэндүү хайран байна" гэж асуудал хөндсөн. Гэхдээ ийм удирдлагуудад үг хэлнэ гэдэг хаданд хашхирснаас ялгаагүй.
Үнэндээ "Нөхөн сэргээх төв" нь Нөхөн үржихүйн эмнэлэг болоод дууссан байх. Тодруулъя л даа, МҮОХ-ны дэргэдэх “Тамирчин нөхөн сэргээх төв”-ийн таван давхар байр Э.Бадар-Ууганы хамаарал бүхий “Өөжин мед” эмнэлгийнх болоод багагүй хугацааг үдэж буй. МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн, тус хорооны Захиргааны албаны дарга асан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар МҮОХ-ны өмчид байсан Тамирчин нөхөн сэргээх сувиллыг "ХХК" болгон өөрчилж, нэг хүний өмчид шилжүүлээд зогсохгүй, цааш нь ашиг олох зорилгоор худалдан борлуулсан нь одоогийн "Өөжин мед" эмнэлгийн байр болж хувирсан талаар тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баримтуудыг нь дэлгэн бичиж байжээ.
Монголын тамирчдын өмч гэсэн ч болох нөхөн сэргээх төвийг хувьдаа авч, “халаасалсан”, дараа нь буудал байсан гэж ярьж явах түүнд хариуцлага тооцох нь бүү хэл, бадар барьж гүйх нь холгүй явсаар өдийг хүрсэн гэх.
Үнэхээр "спортын төлөө" сэтгэл, зүтгэл, мэдлэгтэйг нь урдаа барья. Үнэхээр хийж чаддаг, албан тушаалаараа хувийн бус нийтийн ажлыг амжуулдаг нэгнийг сонгоё. Чадаагүй, хумсаа нуугчдад хариуцлага тооцдог болъё!
М.Жаргал
Сэтгэгдэл (26)