“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өргөн мэдүүлсэн. Уг тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулсан юм. Харин энэхүү төсөл М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан төслөөс чухам юугаараа өөр болсон болоод ямар заалтыг тусгасан талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамааруулжээ.
Баримт 2. М.Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн гэдгийг ч энэ удаагийн төсөл санаачлагчид үзжээ.
Баримт 3. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан УИХ-ын тогтоолуудыг нэгтгэн УИХ-аас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж, УИХ-ын зүгээс хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тогтоолын төсөл санаачлан өргөн мэдүүлж байна.
Баримт 4. Энэ удаагийн УИХ-д өргөн барьж байгаа тогтоолын төсөл нь 6 заалттай, 1 хавсралттай аж.
Баримт 5. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ.
Баримт 6. Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.
Баримт 7. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоол буюу Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хүчингүй болгох саналыг тусгажээ.
Баримт 8. 181 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн байжээ.
Баримт 9. Энэ нь “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байгаа тул ийнхүү хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Баримт 10. Засгийн газрын 268 дугаар тогтоол нь өмнө гарсан Улсын Их Хурлын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолуудтай зөрчилдөж байгаа тул энэхүү тогтоолыг ч мөн хүчингүй болгож байгаа болно.
Баримт 11. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг Засгийн газарт үүрэг болголоо.
Баримт 12. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа 2,475,201 иргэний нэр дээр 0,06 хувь буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байдаг байна.
Баримт 13. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн ордыг ашиглах Гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыг Улсын Их Хурлын тогтоолд тусгах нь зүйтэй гэж тогтоол санаачлагчид үзжээ.
Баримт 14. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагчтай гэрээний нөхцлийг тохиролцох үүргийг Засгийн газарт өгч байгаа аж.
Баримт 15. “Тавантолгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдамжийг баталсан байна. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөхцөлд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулан шинээр баталж байгаа аж. Ингэснээр Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болох юм байна.
Баримт 16. Энэхүү тогтоолын төсөл батлагдснаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтанд ялсан Консорциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээнүүдийг үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилж, гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэх аж.
Баримт 17. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн болон аж ахуйн нэгжийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний ашиг сонирхол, эрх ашгийг хангасан арга хэмжээ авна гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
Баримт 18. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртлэх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэнэ.
Баримт 19. Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хэлэлцээр хийж Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах гэрээний төслийг бэлтгэхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжтай болно.
Баримт 20. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа Монгол Улсын гадаад бодлогод баримтлаж буй Гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.
Баримт 21. Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэнэ.
Баримт 22. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудал цогцоор шийдэгдэнэ.
Баримт 23. Хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монгол Улсын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлэх, улмаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Баримт 24. Н.Энхсайхан нарын өргөн барьсан өмнөх тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболд, Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг нар гацааж байсан. Харин энэ удаа тэд Тавантолгойг өөрсдөдөө ашигтайгаар хуульчлаад оруулаад ирлээ гэж олон нийт хардаж байна. Жил гаруйн хугацаанд гацаасан хуулийн төслийг хаврын чуулганы төгсгөлд оруулж ирж буй нь ч бас учиртай. УИХ-ын дарга өөрийн захиалсан хуулийн төслийг энэ хаврын чуулганд амжиж батлах нь тодорхой.
24tsag.mn
Сэтгэгдэл (12)